Манай улсын нийслэл Улаанбаатар хотын “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-нд IJF холбооны жүдо бөхийн цуврал тэмцээний нэг болох Их Дуулга тэмцээн зургаадугаар сарын 24-26-нд явагдаж, өндөрлөлөө. Өнгөцхөн харахад жирийн нэг тэмцээн мэт харагдав ч үнэндээ маш олон онцлогтой, тэмцэлтэй, өрнөлтэй тэмцээн болж өнгөрсөн юм.
Юуны өмнө “Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноог “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнээс олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл шинэ олимпын цикл Монголд эхэлсэн гэсэн үг. Их Дуулга ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авсан. Мөн шагналын сан өндөр 154.000 евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальтан 1500 еврогийн шагнал гардсан билээ. Нутгийн эзний давуу эрхээр жин тус бүрд 4 бөх барилдуулсан манай шигшээ багийн хувьд Парисын олимпын циклээ тун таатай нөхцөлд эхлүүлж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдсан тус тэмцээнд 30 орны 260 тамирчин оролцсон. Энэ тоо илүү байж болох байсан ч улс төр хутгалдсанаар оролцох орны тоо багассан. Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Оросын цэрэг Украинд нэвтрэн орсноор Европ тивд дайн эхэлсэн, одоо ч үргэлжилж байна. Бээжингийн паралимпын наадам эхлэх гэж байсан үед буюу олимпын эвлэрэл, энх тайвны үед цэргийн ажиллагаа эхлүүлсэн ОХУ-ыг ОУОХ-ноос хатуу шийтгэнэ гэдгээ тэр дор нь мэдэгдсэн билээ. Ингээд спортын бараг бүх холбоо ОХУ-ын баг тамирчдыг тэмцээн уралдаанаас хассан юм. Оросын тамирчид олон улсын тэмцээнд оролцож чадахгүй төдийгүй нутагт нь зохиосон тэмцээнд гадаадын тамирчид ирэхээ болилоо. ОХУ-ын хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккейн лигийн багт тоглодог гадаад тамирчид бүгд Оросыг орхин одлоо. Бүтэн дөрвөн сар хоригт ороод байсан орос тамирчдыг “өршөөсөн” анхны спорт холбоо нь Олон улсын жүдо бөхийн холбоо байлаа. Тус холбоо дайн эхлэхэд Оросын Ерөнхийлөгч В.Путины жүдогийн зэрэг дэв, цолыг хураан авч байсан холбоо. Харин энэ удаад орос жүдочдыг Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дор Улаанбаатар Их Дуулга тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ. Оросуудыг оролцуулах тэмцээнээ ч сайтар бодсоны эцэст сонгосон нь ойлгомжтой. Хэрэв Гүрж, Хорват зэрэг орны тэмцээнд орос тамирчдыг оруулбал үзэгчид нь эсэргүүцэн, элдэв будлиан үүсэхээс гадна тамирчид гадуур явж байгаад халдлагад өртөх аюултай. Ийм эрсдэл гарахгүй орон хаана байна? Мэдээж Монгол. Олон улсын жүдо бөхийн холбооноос Улаанбаатар Их Дуулга тэмцээнд орос тамирчдыг оролцуулахдаа энэ бүхнийг тооцсон гэдгээ ч мэдэгдсэн. Учир нь, Монгол, Орос хоёр найрсаг харилцаатай хөршүүд. Монголчууд оросуудад дуртай тул ад үзсэн, буруутгасан үйл ажиллагаа хийхгүй гэж үзжээ.
Харин энэ шийдвэрийг ОХУ-тай дайтаж байгаа Украин улс эрс эсэргүүцсэн. Украины дэлхийн аварга жүдоч Георгий Зантарая энэ талаар мэдэгдэл хийхдээ “Бид 110 хоног Оросын түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан, тэмцэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо оросуудыг Улаанбаатарын Их Дуулгад IJF холбооны нэр дээр оролцох зөвшөөрөл өгснийг үзээд үнэхээр их харамслаа. Хэрэв үнэхээр Монголын тэмцээнд оросууд оролцох юм бол БИ жүдо бөхийн бүх цолоосоо албан ёсоор татгалзана. Дэлхийн аварга цолоо Олон улсын жүдо бөхийн холбоонд буцаан өгнө” гэж зарласан бол Украины жүдо бөхийн холбооноос “Өдөр бүр 200 орчим украин цэрэг, энгийн иргэн Оросын цэргүүдийн гарт амиа алдаж байна. Өнөөдрийн байдлаар жүдо бөхийн гурван дасгалжуулагч амиа алдсан байгаа. Долоон сая гаруй хүн гэрээ орхиж, дүрвэгч болоод байна. Дайн эхлэх үед Украины жүдогийн холбоо 30 мянган гишүүнтэй байсан бол тэдний 80 хувь нь одоо спортоор хичээллэх боломжгүй болжээ. Нийт 500 спортын цогцолбор, ордон сүйдлээ. Харин ОХУ, Беларусын жүдочид дайны үеэр дарангуйлагч дэглэмийн санхүүжилтээр бэлтгэлээ хийсээр, цалингаа авсаар байна. Орос, Беларусын жүдочдыг тэмцээнд оролцуулах болсон тул Украин жүдочид Олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулж байгаа бүх тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Оросын жүдочдыг хассан цагт бид эргэн ирэх болно” хэмээн хатуу мэдэгдэл хийсэн.
Хариуд нь Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер “Жүдо бол урлаг, гүн ухаан, амьдралын хэв маяг билээ. Манай спортын үнэт зүйл бол ард түмэн, улс орнуудын хооронд яс хаях гэсэн зарим Засгийн газрын шийдвэрээс ангид, илүү дээгүүр зүйл. Бид дайны эсрэг байгаа нь мэдээж. Гэхдээ бид бас үзэн ядалтын эсрэг байна.. Тамирчид удирдагчдынхаа харалган шийдвэрийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Жүдод бид үзэн ядалт, хагаран бутрах явдлыг дэмжихгүй. Бид хамтдаа байх ёстой. Жүдо бөхийн гэр бүлийг салган сарниулахыг бид зөвшөөрөхгүй. Жүдо бөхөд дайн, улс төр, ад үзэх явдал байх ёсгүй” гэж орос тамирчдыг “өршөөсөн” шийдвэрээ тайлбарласан ч Украины тал хүлээж аваагүй. Ингээд Украиныг дэмжсэн хэд хэдэн орон манай Их Дуулга тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, их улс төр спорттой хутгалдсан билээ. Оросын баг 24 хүнтэй том бүрэлдэхүүн авчирч, МАТЧ ТВ телевизийн суваг “Мөсөн Өргөө”-нд ажиллалаа. Манай үзэгчид тэднийг дэмжин, спорт бол эв нэгдэл гэдгийг нотлон харуулсан тэмцээн боллоо.
Хэдий зарим орны эсэргүүцэлтэй тулгарсан ч Улаанбаатар Их Дуулга тэмцээнд шилдэг жүдочид цөөнгүй ирлээ. Мэдүүлгээ өгөөд байсан олимпын хошой аварга Шёохэй Оно харамсалтай нь тав хоногийн өмнө оролцож чадахгүй болсноо зарласан. Гэхдээ Японы багт олимпын аварга Таканори Нагасэ, дэлхийн аваргын медальт Рюүжү Нагаяма, Юсей Огава, Цүкаса Ёшида, Нами Набекүра, Ёко Оно, Мами Үмеки нарын алдартнууд ирсэн бол Давлат Бобонов, Жорж Фонсека, Юнг Вей Янг, Саги Муки, Френк Де-Вит, Майкл Коррел, Рой Мейер, Денис Виеру, Шамиль Борчашвили гээд дэлхийн хүчтэнүүд олон байлаа. Саги Мүки, Нагаяма нарын одод доогуур даваанд өвдөг шороодсон нь Их Дуулга тэмцээн чансаа сайтай болсныг илтгэн харуулж байлаа.
Тэмцээн өрсөлдөөнтэй, халуухан болж, Мөсөн Өргөө ордныг үзэгчид гурав хоног доргиосон. Манай багийн хувьд залуу тамирчдаа түлхүү оролцуулсан байлаа. Энэ тэмцээнд хэрхэн барилдсанаар наймдугаар сард болох Азийн аваргын тэмцээнд оролцох бүрэлдэхүүн тодрох учиртай. Эмэгтэй 48 кг-д Г.Наранцэцэг түрүүлэх учиртай байсан ч хориотой мэх хийгээд ялагдаж, мөнгөн медаль дээр буусан бол 57 кг-д Л.Энхрийлэн учраа бүрээ илт илүүрхэн ялж, энэ жинг удаан хугацаанд эзэгнэнэ гэдгээ харууллаа. Харамсалтай нь эмэгтэй 63, 70 кг-ын жинд манайхан эхний тойрогтоо ялагдаж, медаль хүртэж чадаагүй. Эрчүүдийн хувьд гол найдвар гэгдэж байсан Токио олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар Оросын шинэ од Mахмадбеков Махмадбект вазаригаар ялагдаад эх орныхоо Их Дуулгад түрүүлж чадаагүй. Махмедбек Махмедбеков нь манай жүдогийн нэрт мэргэжилтэн “Орос” хэмээх Эрка багшийн шавь юм. Одоо ОХУ-д гэрээгээр ажиллаж байгаа Эркагийн нэгэн шавь ийнхүү ОХУ-ын шигшээ багт гялалзаж байна. Ц.Цогтбаатар "Бэлтгэл жаахан дундуур байлаа. Өнөөдөр энд ялагдсан ч хамгийн том амжилт Олимп, Дэлхийнх байх болно. Хичээж барилдана" гэлээ. Цогтоо бага зэрэг гэмтэлтэй байгаа гэнэ.
Эрэгтэй 66 кг-ын жинг монголчууд эзэгнэлээ. Аваргын төлөө Б.Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ хоёр үзэлцэж, Б.Эрхэмбаяр нь давсан бол хүрэл медалийг хашир туршлагатай Ё.Басхүү авч, медалийн тавцанг монголчууд дүүргэсэн юм. Эмэгтэй хүнд жинд Адъяасүрэн мөнгөн медаль авсныг бас дурдах нь зүйтэй.
Эмэгтэй
48 кг.
1. Нацүми Цүнода (Япон).
2. Г.Наранцэцэг (Монгол).
3. Ли Хе Ген (БНСУ), Абиба Абужакынова (Казахстан).
52 кг.
1. Диёра Келдиёрова (Узбекистан).
2. Алеся Кузнецова (ОХУ – IJF).
3. Юнг Е Рин (БНСУ), Б.Хорлоодой (Монгол).
57 кг.
1. Л.Энхрийлэн (Монгол).
2. Дарья Курбонмамадова (ОХУ – IJF).
3. М.Ичинхорлоо (Монгол), Тимна Нельсон-Леви (Израиль).
63 кг
1. Набэкүра Нами (Япон)
2. Шарир Гили (Израиль)
3. Бадурова Камила (IJF, ОХУ), Варга Бригитта (Унгар)
70 кг
1. Таймазова Мадина (IJF, ОХУ)
2. Oно Ёоко (Япон)
3. Буткерейт Мириам (Герман), Матниязова Гулноза (Узбекистан)
78 кг:
1, Мами Үмэки /Япон/
2, Инбар Ланир /Израйл/
3, Алина Бөм /Герман/, Отгонбаярын Хүслэн /Монгол/
+78 кг:
1, Раз Хершко /Израйль/
2, Амарсайханы Адъяасүрэн /Монгол/
3, Ким Ха-Юүн /БНСУ/, Камила Берликэш /Казахстан/
Эрэгтэй
60 кг.
1. Рюүжү Нагаяма (Япон).
2. Ян Юн Вэй (Тайван).
3. Ли Ха Рим (БНСУ), Э.Сумъяабазар (Монгол).
66 кг.
1. Б.Эрхэмбаяр (Монгол).
2. Г.Сод-Эрдэнэ (Mонгол)
3. Яго Абуладзе (ОХУ – IJF), Ё.Басхүү (Монгол).
73 кг
1. Mахмадбеков Махмадбек (IJF, ОХУ)
2. Ц.Цогтбаатар (Mонгол)
3. Бутбуль Тохар (Израиль), Номонов Обидхон (Узбекистан)
81 кг
1. Ли Жүн-Хван (БНСУ)
2. Шамил Борчашвили (Австри)
3. Франк Де Вит (Нидерланд), Таканори Нагасэ (Япон)
90 кг
1, Михаил Игольников (IJF, ОХУ)
2, Давлат Бобонов (Узбекистан)
3, Дидар Камза (Казахстан), Ноэль Ван Т”Энд (Нидерланд)
100 кг
1, Матвей Каниковский (IJF, ОХУ)
2, Жорж Фонсека (Португал)
3, Петер Палчик (Израиль), Михаил Коррел (Нидерланд)
+100 кг
1, Инал Тасоев (IJF, ОХУ)
2, Рой Мейер (Нидерланд)
3, Адил Оразбаев (Казахстан), Юүсэй Огава (Япон)
Тэмцээний дараа ОХУ-ын жүдо бөхийн холбооны Спортын захирал Кирилл Денисов “Монголын Их Дуулга тэмцээн бидэнд олон улсын тэмцээний дадлага болж, дэлхийн дэвжээнд дахин барилдахад тус болж байгаагаараа маш чухал тэмцээн. Манай багийнхан маш сайн барилдлаа. Хамгийн гол нь бид олон улсын тэмцээнд дахин оролцлоо. Улаанбаатарт уур амьсгал үнэхээр сайхан байна. Монголчууд жүдод дуртай, монгол тамирчнаа төдийгүй, уран сайхан барилдааныг дэмжин, уухайлж байгаа нь их таалагдлаа. Монголын багийн хүч чадал нь бөх. Тэд багаасаа барилдаж өсдөг. Бөхөөр амьдардаг улс. Тийм болохоор бид Монголд ирэх болгондоо их баяртай байдаг” гэж ярилаа.
Тэмцээний нээлт, хаалтын ёслол дээр Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга “Их спорт нь эв нэгдэл-энх тайвныг сурталчлах, Олимпзмыг дэлгэрүүлэх зорилготой тул аливаа улс төр, ялгаварлан гадуурхах үзлээс ангид байдаг” гэж байн байн онцолж байсанчлан, Улаанбаатарын Их Дуулга тэмцээн их спорт улс төр, дайныг ялан дийлсэн тэмцээн байлаа. Ирэх сард Унгарт Их Дуулга тэмцээн, наймдугаар сард Узбекистанд Азийн АШТ биднийг хүлээж байна.
Багийн дүнгээр ОХУ-ын шигшээ тэргүүлж, Япон, Монголын баг удааллаа.
Багийн дүн
ОХУ - 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл
Япон - 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл
Монгол - 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл
Сэтгэгдэл ( 8 )
Энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс монгол хүмүүс биш байна. Бүгд хужаа нар бна. Зайл эх орноос минь
Энэ түрэмгийлэл яриад байгаа Еврей бандировчууд нацистийг Монголд дэлгэрүүлж мэдэх л хулганууд байна даа . Тэр зөнөг өвгөн янк чинь Ирак Сири Афикстан зэрэг 7 орныг энгийн иргэдтэй бөмбөгдөж байхад хуцан улихгүй яасын . Жинхэнэ монголчууд улааныг харж урвахгүй , шарыг харж шарвахгүй тэмцээнээ хийлээ .
Сугараа гөлөг минь чи Оросын эзлэн түрэмгийлэгчдийг дэмжээд хаа хүрэхийг чинь харна аа.
Би та нарт албан ёсоор хэлчхэе. Хуц. Аливаа ард түмэн улс оронд үндэсний эрх ашиг гэж байдаг юм. Хэрвээ үндэсний эрх ашгаас эсрэг зүйл яривал тэр чинь чиний хувьд эх орноосоо урвасан хэрэг. Энд дайн яриад байгаа хүмүүс үндэсний эрх ашгаасаа урвасан эх орноосоо урвасан хүмүүс гэж ойлгогдож байна. Европт тэгээд биднээс хаа хамааралгүй болж байгаа, дэлхийн том гүрний улс төрийн тоглоом болж байгаа дайн бидэнд түй ч хүртээлгүй. Бид энд зовсон зовоогүй энэ дайн тэрүүгээрээ шийдэгдэнэ. Бидэнд хөрш улс оронтойгоо эвтэй найртай байх нь бидний эрх ашиг.
Ямар ард түмэн байна,яг тийм удирдагчид байдаг-үүнийг аксиом буюу батлах шаардлагагүй үнэн гэж математикийн шинжлэх ухаанд үздэг.Түрэмгийлэгчдийн гадаад тэмцээн монголоор дууснаа.
Dainyg zogsoson mayagiin jum bchhee bolih Ukrainruu 60 puuzin harvaz olon hun hot suurin suitgez orhison bn shuu dee getel turemgiilegch naryn tamirchdyg uriztenegtvee mongol
Uher Mongol turemgiilegch nartai helhee holboo hiiz uneher uhur uls jumdaa kazahstany eronhiilegchiig hardaa
спортыг улс төртэй хутгаж болохгүй дээ тамирчид ямар бруутай юм вэ ихэс дээдэс л эхлүүлсэн биз дээ дайныг