Завхан аймгийн Алдархаан сумын анхны бага сургуулийн түүхийн амьд гэрч болсон ахмад багш, манж судлаач, профессор С.Жигмэдсүрэнтэй уулзаж ярилцлаа.
Тэбрээр 1934 онд тус суманд байгуулагдсан бага сургуулийн анхны 25 сурагчийн нэг бөгөөд боловсролын байгууллагад 26, тусгай тасагт 19, цэргийн байгууллагад 29 жил ажиллахдаа 40 гаруй мянган хүнийг монгол бичигт сургасан гавьяатан аж. Завхан аймагтайгаа нас чацуу тэрбээр эдүгээ монгол насаар тооцвол 100 насалж, зургаадай таягаа тулах насандаа ирсэн ч ухаан санаа сэргэг, эрүүл энх, үр хүүхэд, ач зээгээ тойруулан сайхан амьдарч байна.
-Та нэгэн зууны гэрч болсон хүндтэй буурал мөртлөө нүдний шилгүй ном, сонин уншиж байгаа тань сайхан юм аа?
-Би 1923 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт “Харганы үзүүр” гэдэг газар төрсөн. Нутгийн ард түмэн шүтдэг овоо тахилгатай Баруун, Зүүн Баянбулаг гэдэг сайхан хайрхан бий. Дундуур нь булаг урсдаг үзэсгэлэнтэй сайхан нутаг. Баруун Баянбулагийнх нь ард Харганы үзүүр гэх газарт миний эхээс унасан гэрийн буурь бий. Аав минь “Улсын сайн малчин” Сандаг гэж хотол олондоо хүндлэгдсэн сайхан хүн байлаа. Аав минь 1950 онд Монголын Энх тайван найрамдлын байгууллагуудын анхдугаар их хуралд завханчуудаа төлөөлөн оролцож явсан хүн. Анхны нэгдэлдээ 700 гаруй мал нийгэмчилж, тэмээ маллаж байгаад 1976 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Би 11 нас хүртлээ хөдөө ээж, аавын гар дээр өсөн хүмүүжиж, мал хариулж байгаад 1934 онд сумынхаа анхны бага сургуульд элссэн. Дэлхийн II дайны жилүүдэд би Завхан аймгийн 24 сумаар морин өртөөгөөр ухуулагчаар явж, дайны болон таван жилийн төлөвлөгөө зорилтын талаар ард түмэнд ухуулга сурталчилгаа хийдэг байлаа. Хувцсаа тайлахгүй шахам таарсан газраа хонож, өвдөх зовох, өлсөж цангахыг умартан явдаг байв. Заримдаа морин дээрээ ч нойр авна. Дайны үед ард түмэн маань бүгд л зовж зүдэрсэн. Би тэр үед “Туяа”, “Залуучуудын үнэн”,” Хөдөлмөр”,” Улаан од”,”Намын амьдрал” сонинуудад олон мэдээ, мэдээлэл бичсэн. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тунхаг бичигт 1945 онд бүх ард түмний гарын үсэг цуглуулахад Жавхлант сумандаа ажилласан. 1949 онд И.В.Сталины 70 насны ойгоор бүх нийтийн гарын үсэг цуглуулахад Хөхморьт суманд ажиллаж хэр чадлаараа зүтгэж байхдаа 1943 онд цэрэгт татагдсан ч аймгийн дарга, цэргийн хэлтсийн дарга хоёр ярилцаад дайны ар талд бичиг үсэгтэй, ухуулагч хүн хэрэгтэй гээд намайг чөлөөлсөн. Дайны хүнд жилүүдэд идэвх зүтгэлтэй сайн ажилласан гэж Завхан аймгийн нам, захиргаа уламжилж намайг таван удаа маршал Х.Чойбалсан нарын үсэгтэй алтан үсэгтэй үнэмлэх, мөнгөн хаягтай цүнх, 25 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Сайд нарын зөвлөлийн 59 дугаар тогтоолоор орон сууц, түлш авах эрхээр шагнаж байлаа. Батлан хамгаалах яамнаас дайны хоёр боть ном, 70 жилийн ойн ялалтын медалиар шагнасан.
-Алдархаан сумын бага сургууль байгуулагдсан түүх буруу зөрүү бичигдсэн гэж та хэлсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй хэлээч?
-Түүхийг гуйвуулах хэнд ч эрх байхгүй. Үнэнийг мэдэх амьд гэрч байхад ингэж буруу зөрүү явж, ойгоо хүртэл буруу тэмдэглэж яваад би их эмзэглэж, гомдолтой байдаг. Үүнийг би зүгээр хараад, сонсоод байж чадахгүй. Олон жилийн өмнөөс залруулах гэж холбогдох хүмүүстэй нь уулзаж, харьяа байгууллагийн дарга түшмэл, сайд нарт удаа дараа өргөдөл бичиг хүргүүлээд өдийг хүрсэн ч залруулж чадаагүй л явна. Нас өндөр болсон ч түүхийг нь мэддэг хүний хувьд одоо ч гэсэн үнэн мөнөөрөө явж цаашид залруулж, түүхийг үнэн зөвөөр баринтаглахыг өвгөн би маш их хүсч, амьддаа хийх ёстой чухал ажил минь гэж дотроо залбирч суудаг. Бага сургууль маань анх 1934 оны намар Алдархаан сумын “Бор бургас” хэмээх газарт Ардын хувьсгалын анхны багш нарын нэг, бичгийн түшмэл Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Санжаажавын Баатар гэж хүн 25 сурагчийн хамт байгуулсан түүхтэй юм. Сургуулийн нярав тогоочоор Алдархаан сумын II багийн ард “халзан” Дамба гэдэг хүн гэр бүлийн хамт, галчаар сумын заан Зундуйн Дарьсүрэн нар ажилладаг байсан. Алдархаанаас Эвшингийн Доржсүрэн, Сандагийн Жигмэдсүрэн, Зундуйн Чойжоо, Чойроогийн Ядмаа, Содномын Бат-Очир, Жоржооны Жигмий, Раашийн Бархай, Пүрэвийн Осор, Заяазагд, Жамбалын Товчинжамц, Шийнтэг, Гоожавын Бямбажав, Төртогтохын Балдан, Борын Баасанжав, Партизан Мишиграгчаагийн Цогзолмаа, багш Баатарын охин Дашмаа нарын 16 сурагч эдсүүлсэн, Жаргалант сумаас Доржийн Лодой, Цэвэгийн Батжаргал, Нацагийн Нямсүрэн, Балжирын Бямбажав, Сүрэнгийн Гүнхүү нарын таван сурагч, Цагаанхайрхан сумаас Цогтын Лхагважав Цанжидын Норжмаа, Балдангийн Мөнхбаяр, Лхамжавын Пүрэвжав нарын таван хүүхэд нийлээд 11-13 насны 25 сурагч элсэн орсон юм. Бид эсгий дэвсгэртэй, төмөр зуухтай гурван гэрт найм, наймаараа хуваагдаж, хүүхэд бүрт хөвөнтэй ногоон хөнжил, эсгий гудас, модон аяга, халбага, нүүр гарын алчуур тавьж өгч билээ. Гуулин түмпэнд нүүр гараа угааж, гудас хөнжлөө гэрийн хаяанд тулгаж хураана. Бид сурагч болоод замын тоосонд дарагдсан хуучин тэрлэгээ тайлж, хөх даалимбан дээлээр ижилсэж, ээтэн бор бойтогоо гялалзсан гоё савхин гутлаар сольж, саравчтай ногоон малгай өмсөн суран бүс бүслээд жигдрэн алхаж явахад бие хөнгөрч, шинэ хүн болсон юм шиг санагдаж байж билээ. Хүүхэд бүрт 30/25 см хэмжээтэй хавтгай мод өгч түүн дээрээ муутуу цаас үдэж хийсэн дэвтэрт монгол бичиг, тоо бодлогын хичээлээ тэмдэглэж аваад тосон дэнгийн гэрэлд сууж давтаж уншдаг байлаа. Ном сурах бичиг, ялангуяа байгалийн ухааны талаар ном огт байхгүй. Зөвхөн Оюунтүлхүүр, Хөх Монголын хөх туг, Багш шавийн үлгэр зэрэг цөөхөн номыг үргэлж уншдаг байсан. Баатар багш 25 хүүхэдтэйгээ төрсөн эцэг шиг нь л сайхан харьцаж ажилладаг нь санаанд тод үлджээ. Охинтойгоо хоёулхнаа амьдардаг багш маань бидний үс толгой, гар хөлний хумсыг тогтмол шалгаж, маш их анхаарал тавина. Шатар, шагай тоглуулж, үлгэр ярьж, оньсого таалгуулна. Бас Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Хатанбаатар Магсаржав, Амар, Догсом, Элдэв- Очир, Гэндэн, Дэмид зэрэг хүмүүсийн намтраас ярьж өгнө. Эцэг эхчүүдээс зэрлэг сонгино нөөцлөн авч бидэнд хуушуур, бууз хийж сүүтэй цай өгдөг байсан. Хүүхдүүд өвчлөхөд ламд үзүүлж төвд эм уулгахгүй гээд Улиастайгаас орос эмч авчирч үзүүлээд европ эм уулгаж байсан нь анхдагч байсан гэх үү дээ. Орос эмч бүсгүйг анх үзсэн бид ихэд сонирхож тойрч гүйлдээд л, юм ярихаар нь дөлж зугтаагаад их хөгжилтэй байсан. Олон түмнийг соён гэгээрүүлж, залуу хойч үед бичиг үсгийн боловсрол олгоход их ажил хийж зүтгэсэн багшийг маань баг, сумын хөдөлмөрчид их үнэлж, хүндэлдэг байлаа. Баатар багшийг маань Ардын хувьсгалын 25 жилийн ойн номонд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан тухай тэмдэглэсэн байдаг юм. Ингэж байгуулагдсан сургууль маань хоёр жилийн дараа буюу 1936 онд Яруугийн хүрээний буурин дээр нүүн ирж суурьшин дунд сургууль болон өргөжиж олон зуун хүүхдэд боловсрол олгосон түүхтэй. Энэ сургуулиас ХААИС-ийн орлогч ректор агсан Дорлигийн Пүрэвжав, багш Зундуйн Нямдорж, МУИС-ийн гавьяат багш Хүсээлэйн Очирбат, гавьяат холбоочин С.Ганжууржав, зохиолч Намсрайн Банзрагч, Орхон Их сургуулийн багш агсан Тэрбишийн Гомбосүрэн, Төр нийгмийн зүтгэлтэн Сэрээтэрийн Пүрэвжав, Цогтын Лхагважав, Зандангийн Цэдэн-Иш, Ардын армийн хурандаа М.Цэдэндамба зэрэг олон арван алдартай эрдэмтэн, сэхээтэн төрөн гарсан.
-Та хэдийд багш болсон юм бэ?
-Би бага сургуулиа төгсөөд аймгийн төвийн дунд сургуулийг түргэвчилсэн сургалтаар төгсөж, 1940 онд Багшийн сургууль төгсөөд ажлын гараагаа эхлэсэн. Тэгээд Алдархаан, Сонгино зэрэг цөөнгүй суманд бага ангийн багш, захирлаар хэдэн жил ажилласан. Алслагдсан хөдөө нутагт багш, захирал хийхдээ багагүй бэрхшээлтэй учирч байлаа. Тэр үеийн багш, захирал хүнд хөдөө орон нутагт оролцохгүй ажил гэж байгаагүй. Цагаанхайрхан сумын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа би сургуулиа 30 км газар үхэр тэргээр нүүлгэж, одоогийн байгаа сумын төв Элстэйн аманд суурьшуулж байлаа. Үлгэр шиг л юм болж байж дээ. Дараа нь би дээд сургууль, цэргийн анги, Хилийн цэрэгт бичиг үсгийн багш хийж байлаа. Багшлах хугацаандаа олон мянган шавьтай болсон нь энэ насны минь бахархал. Улс төрийн товчооны гишүүн, МАХН-ны Төв Хорооны нарийн бичгийн дарга агсан С.Жалаанжав бид хоёр сурагчийн ширээнд тохой залган сууж байсан хоёр. Ц.Балхаажав даргыг нутагтаа сумын клубын эрхлэгч, бичиг үсгийн багшаар ажиллаж байхад нь хамт ажиллаж байлаа. Ардын Их Хурлын сонгуулиар 1951 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Цэвэгмидийн итгэмжлэгдсэн ухуулагчаар ажилласан. Ингэж явсаар 1982 оноос Улсын хил хамгаалах газрын Хилийн цэргийн 17-20 дугаар отрядад тусгай даргаар томилогдож улс төр, монгол бичгийн багшаар ажиллахдаа офицер, дайчдад зургаан жил монгол бичиг, улс төрийн хичээл зааж халамжлан хүмүүжүүлж ажилласан. Хил дээр гарсан зөрчил дутагдлыг илрүүлэхэд оролцож ажилласан. Хилийн цэргийн 17 дугаар отрядын зургаадугаар заставын цэргүүд хятадын үхэр, адууг хил давуулан авчирч нутгийн малчдад худалдаж байсныг илрүүлж, эрүү үүсгэж цэргийн прокурор, шүүхэд шилжүүлж байлаа. Энд ажиллаж байхдаа Монгол Улсын “Онц хилчин”, “Хүндэт дайчин” цол шагнал авч өөрийн хүсэлтээр цэргийн тэтгэвэр тогтоолгосон.
-Таныг ид багшилж байх үед Эх орны дайны хүнд үе байсан юм билээ. Тэр хэцүү цаг үед ардын хүүхдүүдийг бичиг үсэгтэй болгох, соён гэгээрүүлэх үйлст зүтгэж явсан он цагуудын тухай сайхан дурсамж их байгаа даа?
-Тэгэлгүй яахав ээ. Дайны хүнд цаг үед бид өвсөн цай ууж, хивэгээр хооллож цаг наргүй л ажилладаг байлаа. Үдээс өмнө хичээлээ заачихаад үдээс хойш фронтод бэлэг хуримтлуулах ажилд гарна. Манай ард түмэн Зөвлөлтийн улаан армид харамгүй тусалж, өнгөтэй өөдтэй бүхнээ бэлэглэж байлаа. Агт морьд, амбан шар, дулаан нэхий хувцас, гутал хийж явуулж байв. Би 1945 онд Тусгаар тогтнолынхоо тунхагт ард олноороо гарын үсэг зуруулсан явдал сэтгэлд их тод үлджээ. Жавхлан суманд ажиллаж хүмүүсээр гарын үсэг зуруулахад магнайлан оролцсон юм. Олон мянган хүнийг монгол бичигт сургасан амжилтаараа Монгол бичгийн нийгэмлэгээс монгол, англи, франц, герман дөрвөн хэлний Япон “Цахим бичүүр” бичгийн машинаар шагнагдаж явлаа.
-Багш хүн яаж яваад Манж судлаач болчихсон юм бэ?
-Би хөдөө 16 жил ажиллаад сургуульд явах боллоо. Орон нутагт сайн ажилласан гээд Аймгийн захиргаа намайг шагнаж, 1957 онд МУИС-д суралцах эрх өгсөн юм. Сум дамжин ажилласаар их сургуульд элсэх нас хэтэрчихсэн, 34 насандаа оюутан боллоо. Тэр жил Их сургууль маань шинэ ангиуд нээж элсэлт авч таарсан юм. Манж, хятад, түвд, англи хэлний, бас театрын найруулагч, киноны анги ч эхэлж элсэлт авч байсан үе. Би монгол хэл, уран зохиолын ангид сурах сонирхолтой байсан ч тоо гүйцсэн гээд намайг Манж хэлний ангид хувиарласан. Сургуулиа 1962 онд манж хэлний орчуулагч, манж, монгол хэлний багш мэргэжлээр төгсөөд Шинжлэх Ухааны академи, Үндэсний төв архивт орчуулагч, судлаач, эрдэм шинжилгээний туслах ажилтанаар тэр үеийн монголын нэртэй эрдэмтэдтэй хамт ажилласан. Энэ он жилүүдэд би академич, докторуудаас их зүйл сурч, овоо ч ажил хийсэн. Тэр үед Ц.Дамдинсүрэн, Бямбын Ренчин, Ш.Нацагдорж нарын 16 эрдэмтний захиалгаар Манжийн үеийн албан бичиг, данс тооцоо, хар судар, сурвалж бичиг шаштираас 100-гаад хэвлэлийн хуудас материал орчуулж, “ Манж гүрний хураангүй түүх” гэдэг ном бүтээсэн. Нийтдээ 30 мянган үгтэй манж, монгол үгийн толины хоёр дэвтэр, нэвтэрхий толины карт 385 мянган ширхэг бичиж, академич Ц. Дамдинсүрэн, Б. Ренчин гуай, Ардын багш Д.Чойжилсүрэн нарын олон бүтээлийг төмөр дээр гараар, хуучин монгол бичгээр бичиж хэвлүүлсэн. Энэ үеэс манж хэлнээс олон ном зохиол орчуулж хэвлэсний дээр зарим эрдэмтэн зохиолчдын бүтээлийг кириллээс хуучин монгол бичигт буулган Өвөрмонголд хэвлүүлсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Би ажлынхаа хажуугаар МУИС-д суралцдаг орос, хятад, япон оюутнуудад манж хэлний хичээл зааж тэдний дипломын ажилд нь тусалж удирддаг байлаа. Ингэж ШУА, МУИС-иас шагнал, зэрэг цол хүртэж ид хийж бүтээж туурвиж байтал 1964 онд намайг НАХЯ-наас дуудаж Москвад тагнуулын ажилтны дээд курст явуулж, тус яамны ажилтан болгосон. Гол нь хуучин монгол бичиг мэддэг манж, орос хэлтэй хүн хэрэгтэй болсон юм билээ. НАХЯ-ны ажилтан болгоход би дургүй байсан ч ШУА-ийн салбар зөвлөлүүд хариуцсан ажилтнаар шууд томилсон. Очоод архивын материал дээр сууж орчуулах, хуучин монголоос кириллд буулгах ажлыг голчлон хийхийн зэрэгцээ Олон улсын Монголч эрдэмтдийн 2, 3, 4, 5 дугаар Их хуралд, Монгол хүн анх сансарт нисэх, буух үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахад хүртэл оролцсон. Зарим үед их түвэгтэй, ээдрээтэй хэрэг дээр ч ажилладаг байлаа.
-Яамны архив гэдэг чинь хэр баргийн хүн нэвтэрдэггүй, хаалттай чухал газар. Нууцын зэрэглэлтэй хэргүүд тэнд л байдаг. Тэнд ажиллаж байхдаа олон зүйлын ээдрээтэй хэргийн сэжүүрээс атгасан байх даа?
-Тэр болгонд нээлттэй бус, нууц архивт орж ажиллахад их сонирхолтой бөгөөд хариуцлага өндөр л дөө. Одоо бол ил болчихсон, судлагдаж байгаа хэргүүд ч олон байсан. Жишээ нь Бямбын Ренчин багшийг байцааж байсан тухай том хавтаст хэрэг бий. Б.Ренчин гуайг буриад гэдгээр нь, буриадуудтай хамсан “эсэргүү” хэрэгт оролцсон гэж ял тулгаад эрүүдэн шүүж байцааж байсан юм билээ. Б.Ренчин гуай эсэргүү хэрэг хийгээгүй гэдгээ байцаах болгонд нь өчсөн байдаг. Тэгээд цаазын ял сонссон ч азаар ял гүйцэтгэхээс нь өмнө өнөөх айхтар комисс нь татан буугдаж амь хэлтэрсэн ч 10 жилийн ялаар шийтгүүлсэн юм байна лээ. Б.Ренчин багшийг би ихэд хүндэлж биширч явдаг болохоор ямар азаар аврагдсан юм бэ гэж их баярлаж байлаа. Ер нь Ренчин багшийг олон жил хар сүүдэр дагаж, хяхаж хавчиж явсныг хүн бүхэн мэднэ. Багшийн 1960-аад оны үед бичиж хэвлүүлсэн Монгол хэлний зүйн номыг хурааж шатаасан юм шүү дээ. Бидний хэдэн хүн өмөөрч ШУА-ийн хэвлэлийн товчооны дарга дээр ороход бүх номыг нь боогоод өрөөндөө хураачихсан байсан. Би өмөөрч хэвлэлд бичин, эсрэг дайралтын бай болсон доо. Эсэргүү бүтээлийг хамгаалсан, зарим буруу ташаа мэдээлэл бичсэн гээд улс төрийн хэрэг үүсгэж Улсын дээд шүүхэд хүртэл дуудагдаж нэлээн удаан явж асуугдаж байгаад бидний зөв болж, хэрэг маань цагаатгагдсан. Тагнуулын байгууллагад би 29 жил ажиллахдаа хэлмэгдсэн 1500 хүний матералыг судалж, олон хүн цагаатгасан. 1930-1940 оны үед хэлмэгдсэн 30 мянган хүнээс 1500-г нь огт шалгаагүй юм билээ. Тэдгээрийг шалгаж, улс төрийн болон эрүүгийн хэмээн ангилж, гэм зэмгүйг нь нотолсон юм. Энэ ажлыг минь үнэлж, намайг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан нь хамгийн том шагнал минь болсон.
-Та бол олон юмны амьд гэрч болсон хүн. Таныг “Улаанбаатар хотыг аварсан хүн” гэдэг ч яриа байдаг юм билээ. Энэ талаараа ярихгүй юу ?
-НАХЯ-ны чиглэлээр хойно курс төгссөн болохоор заримдаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэг ноцтой хэрэг гарахад би үүрэг гүйцэтгэсэн юм. ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн секторын эрхлэгч А.Серажид, хожим Академийн Ерөнхийлөгч болсон Б.Чадраа нарын тэргүүтэй эрдэмтэд тэр үеийн ЗХУ-ын Атом цөмийн лабораториос 12 ширхэг нууц падаанаар “Изотон стронци-90” хэмээх цацраг идэвхт бодисыг ихээр оруулж ирсэн байдаг юм. Энэ нь 25 хэсэг тусгай саванд агуулагдаж байсан юм билээ. Тэр бодисыг барилгынхаа гадна талбайд хоёр метр гүн нүх ухаж булаад хадгалж байгаад алга болсныг холбогдох газар, мэргэжилтнүүдэд мэдэгдсэн байсан. Монгол, Оросын мэргэжилтнүүд тэр бодисыг “Изотоп стронци-90” гэдгийг нь шууд тогтоон асар их хор хөнөөлтэй, нийслэлийн ундны усны эх булагт нэвтрэх юм бол онц аюултай, бүхэл бүтэн хотын хүн амыг ч устгах аюултай гэж үзсэн. Хулгайлсан этгээдийг улс даяар эрэн сурвалжлаад олоогүй ч асуудал тэгэсхийгээд намжсан. Энэ талаар хожим УИХ-ын гишүүн О.Дашбалбар агсан бичиж байсан удаатай.
-Хэргийн холбогдох хүмүүст нь арга хэмжээ авсан уу. Асар их хор хөнөөлтэй бодис гэдгийг мэргэжлийн хүмүүс мэддэг байж ямар зорилгоор оруулж ирсэн юм бол?
-ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилд зориулж 1967-1968 онд оруулж ирсэн юм билээ. Ямар ч байсан би баталгаатай илрүүлж өгсөн. Цагдаа, хуулийн байгууллагууд шуурхайлан шалгаж буруутай эздэд нь хуулийн хариуцлага хүлээлгэсэн л гэдэг юм. Чухам ямар шийтгэл оногдуулсныг би сайн мэдээгүй, сонирхоо ч үгүй.
-Таныг Төв музейн томоохон хэргийг бас илрүүлсэн гэдэг юм билээ?
-Тиймээ, Удирдлагаас даалгавар авч ажиллаад Төв музейгээс алдагдсан алтан товруу 24 ширхэг, алтан аяга нэг, тавин лангийн ембүү зэрэг олон үнэт эдлэлийг нэлээд нарийн ажиллагаа явуулж, уйгагүй хөөцөлдсөний хүчинд хэрэгтнийг баримттай нь олж тогтоосон. Төв музейн хоёр ажилтан холбогдсон нь батлагдаж, Б гэгч этгээд хулгайлсан нь тогтоогдож цаазын ял сонссон. Төв музейгээс дараа нь америкчууд үлэг гүрвэлийн өндөг хулгайлсан нь тогтоогдож баригдсан.
-Тэтгэвэрт гараад 30 гаруй жил болжээ. Энэ хугацаанд та юу хийж байна даа?
-Би тэтгэвэртээ гараад Буддистуудын Энх тайваны бага хурлын газар, Шашны их сургууль, Хэл иргэншлийн дээд сургуульд монгол бичгийн багшаар ажилласан. Гавьяат багш Т.Дашцэдэн, Чой.Лувсанжав нартай хамтран “Монгол бичиг” хоршоолол, Монгол бичгийн “Ардын хүрээлэн”-г анх санаачлан байгуулалцаж бүх аймаг, хотуудад монгол бичиг суралцагчдын бүлгэм, дамжаа байгуулан хичээллүүлж ард түмнээ соён гэгээрүүлэх ажилд ханцуй шамлан зүтгэсэн. Миний зохиосон толь бичиг, орчуулж, хянан тохиолдуулсан бүтээл маш их. Энэ талаар ярихад цаг хугацаа их орох байх. Цагаан дээр хараар бичигдэж үлдсэн болохоор нуршаад яахав. Би чинь 10-аадхан наснаасаа монгол бичиг сурч энэ сайхан бичгээр алдаагүй цэвэр бичихийг 40 гаруй мянган хүнд зааж сургасан юм шүү дээ. Монголын сайхан бичигтний уралдаанд хувиараа 22 удаа оролцож, олон удаа шагнал хүртсэн. Сүүлд 2019 онд хамгийн ахмад оролцогч болсон. Уралдаан болгонд өөр, өөр утга санааг илэрхийлсэн бүтээлээрээ өрсөлдөж, ургийн бичгийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний уламжлалт соёлоо түгээх зорилготой оролцдог. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж зарласан уралдаанд тэргүүн байр эзэлж өргөмжлөл, медаль хүртсэн. Монгол бичиг бол монголчуудын дархлаа, үндэсний соёлоо дэлхийд танилцуулах ганц боломж юм шүү дээ. Үндэсний монгол бичгээ дээдэлж хүндэлж, олон хүнд сургасны ач буянаар хэдэн мянган шавьтай болж, эрүүл энх өдий насалж яваа гэж залбирч, билэгшээдэг хүн. Ерэн нас хүртлээ багшилсан. Би 1940 оноос эхэлж соёл, түүхийн ховор нандин ном судар, шатир бурхны эд зүйл цуглуулж, шуудангийн хайрцгаараа дамжуулж гадаад дотоодын олон эрдэмтэн судлаачтай номын солилцоо хийж, 2000 гаруй ховор номтой болсон.
Монгол, манж, хятад цэргийн түүхийн номууд, Манж гүрний түүх, Манжийн 12 хаадын он дараалсан бичиг, манжийн хууль цаазын бичиг зэрэг нэн ховор номнуудаа Гандантэгчэнлин хийд, Завхан аймгийн музей, Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургууль, Үндэсний төв архив, Хил хамгаалах газар, Монголын Ахмад багш нарын холбоо зэрэг 16 байгууллагад 1500 ном хандивласан нь миний нийгэм, хойч үедээ үлдээж байгаа сэтгэлийн бэлэг болсон гэж боддог.
Миний номонд дурлах ажлыг үргэлжлүүлж охин Ж.Батсүрэн маань хүн бүхний мэддэг “МИР” номын худалдааг ажиллуулж түмэн олондоо оюуны соёлыг түгээж, Англи, Америк, Герман, Орос, Хятад, Солонгос орнуудтай номын солилцоо хийж ажиллаж яваад баярлаж явдаг.
-Та Монгол Улсын ууган нэгдэл “Партизан Чойбалсан”, Алдархаан сумынхаа “Баян булаг” хайрханы орой ханан хясааны энгэрт маанийн зургаан үсгийг маш гоёмсогоор бичсэн байдаг юм билээ. Ямар учиртай үүнийг бичсэн юм бэ?
-Би 2012 онд хань, үр хүүхдүүдийнхээ хамт төрсөн нутагтаа очиж сумынхаа 90 жилийн ойд оролцохдоо төрсөн хайрхныхаа энгэрт өөрийн гараар маанийн зургаан үсэг бичиж өнө мөнхөд үлдээсэн юм. Баянбулаг хайрханыхаа оройд гараад алсыг ширтэж суухад хүн болж төрсөны баяр бахдал төрөн сэтгэл огшиж, ижий аавтайгаа өнгөрүүлсэн бага балчир нас минь нүдэнд тодорч харагдсан. Алсын бараа ширтэхэд айл саахалт явсан айлууд хүртэл нүдэнд харагдах шиг. Үнэхээр гойд сайхан мэдрэмж төрж, өөрийн эрхгүй л самсаа шархирдаг юм билээ. Аавын минь өвөлжөө бууц хүртэл нүдэнд тодхон харагдаж, үнэхээр үгээр ч хэлэхийн аргагүй сайхан байсан даа. Өндөр настай болохоор дахиж ирж чадаа ч үгүй юу гэж бодоод өөрийн гараар маанийн зургаан үсэг бичиж үлдээсэн нь тэр. Тэгэхэд би 90 настай ануухан байжээ.
-Гэр бүлээ танилцахгүй юу. Ханьтайгаа хэрхэн танилцаж байсан бэ?
-Манай хөгшнийг Ч.Хашбат гэдэг. Бид хоёр 1950 онд гэр бүл болж, 72 жил ханилж 20 гаруй ач, зээ, 20 гаруй гучтай болсон. Хөгшин минь ХААДС-ийг малын их эмч мэргэжлээр төгсөөд хөдөө таван жил ажилласан. Хотод ирээд Улсын хэвлэлийн комбинатад 30 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Мөн хорооны ажлаас эхлээд олон нийтийн ажилд цалин хөлсгүй, цаг наргүй бас л олон жил зүтгэсэн дээ. Алдарт эхийн 1, 2 дугаар одонтой. Одоо 90 нас хүрч байна. Манайх зургаан хүүхэдтэй. Хүүхдүүд маань орос, хятад, англи хэлний багш,орчуулагч, эдийн засагч, хүний их эмч, эрчим хүчний инженер мэргэжил эзэмшиж, ижий аав хоёроо халамжилж явна.
-Төр улсдаа 70 жил зүтгэн хөдөлмөрлөж, түмэн олныхоо амь насыг хүртэл аварсан гавьяат үйлс хийсэн буянтай хүн шүү дээ та. Төрийнхөө хайр хишгийг хир хүртэв дээ?
-Надад Маршал Х.Чойбалсангийн зураг, гарын үсэгтэй, Б.Ширэндэвийн гарын үсэгтэй гэхчлэн нэг цүнх дүүрэн баярын бичиг, үнэмлэх, одон медалиуд бий дээ. Төр засаг, түмэн олон, ээлээ өгсөн нутаг ус, ээж аав, хань үр хүүхдүүдийнхээ буянд хайр халамжинд бөмбөрч өндөр насыг насалж, өргөн түмнийхээ дунд эрүүл энх аж төрж байгаа минь надад хамгийн том шагнал юм даа. Монголчууд маань ялангуяа залуучууд, улс орон оршин тогтнож байгаа цагт уйгаржин Монгол бичгээ заавал сурах ёстой шүү гэж захья даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр бахархаж байна