Монголын хөлбөмбөгийн лигт дөрвөн жил жил тоглож, 2018 онд хүрэл медаль зүүж явсан Оросын хөлбөмбөгч Алим Зумакуловтай “Чемпионат” сайтын сэтгүүлч Константин Кринский уулзан ярилцжээ. Ингээд түүний ярилцлагаас хэсэгчлэн орчуулснаа толилуулъя.
Константин Кринский
Алим Зумакуловын замнал үнэхээр сонирхолтой. Хэзээ нэгэн цагт тэр Орост хөлбөмбөгч байхын хүнд хэцүү, Монголд гарсан гэнэтийн боломж, Тайваньд аварга болсон талаараа ном бичих буй заа.
-Transfermarkt сайтаас харахад чиний анхны баг чинь Кубанийн их сургуулийн баг байж. Харин төрөлх Нальчик хотдоо тоглож байсан талаар чинь баримт алга. Оюутан байхдаа хөлбөмбөгч болсон юм уу?
-Багаасаа Александр Апшевийн нэрэмжит олимпын нөөцийн багт тоглож байсан. Манай 1992 онд төрсөн хүүхдүүдийн баг улсдаа шилдэг нь байлаа. 17 нас хүртлээ тэнд тоглоод сонирхогчдын лигийн Спартак-Юность багт шилжсэн. Хөл бөмбөг, хичээл сургуулийн алийг нь сонгохоо гэр бүлтэйгээ хэлэлцэж, боловсролоо сонгон Кубанийн их сургуулийн хуулийн ангид элссэн. Аав ээж минь намайг дээд боловсролтой болгохыг хүсдэг байсан. Гэхдээ мэдээж их сургуулийнхаа багт тоглосон.
-1992 онд төрсөн хүүхдүүдийн танай багаас Премьер лигт орсон хүн байгаа юу?
- Ихэнх нь хоёрдугаар лигт байсан, хэд хэдэн тоглогч нэгдүгээр лигт тоглож байсан. Митришев ОХУ-ын өсвөр, залуучуудын шигшээ багт уригдаж байсан.
–Чиний дараагийн багуудыг үзье. Кенже, Локомотив Кропоткин, ГорИс-179. ОХУ-ын өмнөд хэсгээр мөнгө олох гэж явсан уу, эсвэл мэргэжлийн хөлбөмбөгчин болох гэж зорьсон юм уу?
-Аль аль нь. Их сургуульд хөлбөмбөг тоглолоо гээд мөнгө өгдөггүй байлаа. Тэмцээнд түрүүлбэл 5-10 мянган рубль. 2010 оны хэмжээгээр бага мөнгө. Хоёрдугаар лигт орох гэж зорьж байх үедээ сонирхогчдын багуудад тоглосон хэрэг. Цалин, шагналын мөнгөтэй.
-Яагаад Оросын мэргэжлийн хөлбөмбөгт орж чадаагүй хэрэг вэ?
-Мэргэжилд орохын тулд танил тал, холбоо сүлбээ, эсвэл баян эцэг эхтэй байх хэрэгтэй байлаа. Надад аль нь ч байгаагүй. Би жирийн айлын хүүхэд. Ростовын СКА, Энергия багууд бага зэрэг хүлээчих гэж байсан ч эцэст нь татгалзсан. 2014 онд манай Нальчик хотын Спартак хоёрдугаар лигт унаж, нутгийн залуусаар багаа бүрдүүлэх юм боллоо. Би ч бүртгүүлсэн. Гэтэл миний байрлал дээр гаднын хоёр тоглогч авчирсан. Тэгээд л би Оросын хөлбөмбөгийн мөн чанарыг ойлгосон.
-Агенттай болох хэрэгтэй байсан юм биш үү?
-21 настай залуу хаанаас агент олох вэ? Танилуудаар дамжуулан харилцах хүн байсан ч мэргэжлийн лигт тоглоогүй тоглогчийг хаана зарах билээ гээд л орхиж байлаа.
-Чи ямар байрлалд тоглодог вэ?
-Би төвийн хамгаалагч. Орост, Монголд ч энэ байрлалд л тоглосон. Тайваньд төвийн хамгаалагч гэж очсон ч талбайн дунд хүн дутаад урд тоглох болсон.
-Алдарт тоглогчдоос хэнтэй нь чиний тоглолтын арга барил төстэй вэ?
-Машерано гэж хэлнэ. Би Пуйолийг их хүндэлдэг, түүнтэй төстэй зүйл ч байгаа. Би оновчтой дамжуулалт өгөх биш эсрэг талын довтолгоог таслах илүү дуртай.
-Чи Локомотив Кропоткин багт тоглож байгаад Монголын УАШТ-д оролцохоор шийдлээ. Нэг л итгэхэд бэрх шийдвэр байна.
-Тиймээ, зөвшөөрч байна. Монгол Улс миний амьдралд хэд хэдэн удаа гарч ирсэн. Дандаа хачирхалтай байдалд шүү. 2012-2013 онд би Азид хөлбөмбөгч явуулдаг нэг агенттай цахимаар холбогдож, тоглолтынхоо бичлэгийг илгээлээ. Тэр надад Киргиз, Тажикстан, Монголыг санал болгосон юм. Киргиз, Тажикстаны хөлбөмбөгийн талаар мэдээлэл олж болох ч Монголын талаар юу ч байсангүй. Мэдэхгүй оронд хэдэн арван мянган км зам туулж очих нь утгагүй. Нөгөө агент надад зөндөө юм амлаж байна. Бараг л алт мөнгө, гэрэлт ирээдүй, бэлэн гэрээ гээд л. Гэхдээ Монголд очихоосоо өмнө 25 мянган рубль төл гэдэг нөхцөлтэй.
-Хачин юм. Агентууд уг нь гэрээ байгуулсан бонус, эсвэл цалингаас хэдэн хувь авдаг сан.
-Харин тийм. Хэрэв надтай гэрээ байгуулбал асуудалгүй цалингийнхаа хэсгийг өгнө. Гэтэл нүүрийг нь ч хараагүй хүнд мөнгө шилжүүлэх болдог. Олон нийтийн сүлжээнийх нь аватар дээр гэрэл зураг байгаа ч өөрөө мөн эсэхийг нь шалгах боломжгүй. Магадгүй тэр агент биш байсан байх.
-Дараа нь чи өөрөө Монголыг олоод очсон хэрэг үү?
-Тиймээ. Локомотив багт би дахиад хоёр жил тоглоод байдлаа өөрчлөх шаардлагатай байгааг ойлгосон юм. Санхүүжилт зогсож, тоглоод шагналын мөнгө л авдаг болсон. Ялбал 3-4 мянга, үгүй бол 1,5-2 мянган рубль. Манай гэрээс Кропоткин хүртэл 350 км. Маш хэцүү байсан. Мөнгөгүй, хөлбөмбөгөөс авах таашаал ч байхгүй. Нэг найз Питерт дуудсан ч бас бүтсэнгүй. 2016 оны өвөл Азийн оронд тоглохоор хайж эхэлсэн. Ингээд тохиолдлоор Монголын “Сэлэнгэ Пресс” багт нэг жил тоглосон халимаг залуугийн ярилцлагыг олж уншсан юм. Цахимаар халимаг залууг оллоо. Монголын талаар ярьж өгөөч гэж хүсээд бичлэгээ явуулсан.
-Хариу ирсэн үү?
-Сар гаруйн дараа тэр багийнхаа эзэн, хэвлэлийн үйлдвэрийн захирлаас тоглогч хэрэгтэй эсэхийг асууж өгье гэдэг байгаа. 14 хоногийн дараа багийн эзэн, дасгалжуулагч хоёрт чи таалагдсан гэсэн хариу ирлээ. Удаан ярилцсаны эцэст намайг Монголд ирж, үзлэг, шалгалтад орохыг урилаа. Хэрэв энэ боломжийг туршиж үзэхгүй бол насаараа харамсана гэдгээ би ойлгосон.
-Монгол явна гэхээр гэрийнхэн чинь юу гэж байна?
-Би их удаан бэлтгэсэн. Улаанбаатар, Монголын соёл, онцлогийн талаар зөндөө бичлэг үзсэн. Танилууд бүгд л “Хэрэггүй. Тэнд одоо хүртэл бүгд морьтой явдаг гэсэн” гэж байлаа. Үнэндээ бол огт өөр. Нийслэл Улаанбаатар бол орчин үеийн тав тухтай сайхан хот. Оростой харьцуулахад Улаанбаатар олон сая хүнтэй том хотуудад л ялагдах байх. Улаанбаатар шиг дэд бүтэц Оросын хотуудын 90 хувьд нь байхгүй.
-Аав, ээж чинь хэрхэн хүлээж авав?
-Ээж намайг хөлбөмбөгөө орхих гэж байна гээд баярлаж байлаа. Харин Монголын лиг гэж сонсоод шоконд орсон. Хэл мэдэхгүй, харь оронд очиж яах нь вэ гээд л. Би буцаад ирнэ гэвэл хэзээ ч чадна шүү дээ, өөр гараг биш, хөрш орон гэж хэлж байлаа.
-Монголд тохиолдсон хамгийн хачирхалтай зүйл гэвэл?
-Онгоцноос гарахад маш хүйтэн, -25 хэмтэй, нар нь маш хурц ч ямар ч дулаан илч байхгүй байсныг сайн санаж байна. Найзууд маань ч гэсэн Монголын талаар яриач л гэдэг юм. Тайлбарлахад их хэцүү. Монголд тийм хачирхалтай зүйл байхгүй. Оросууд л өөрсдөө Монголын талаар буруу ойлголттой байдаг юм билээ.
-Монголчууд ямар хүмүүс вэ?
-Тэд өвөрмөц, гэхдээ энэ нь оросуудын нүдээр л тэгж харагдаж байгаа юм. Монголчууд юмыг биднээс өөрөөр хийдэг ч үүнд хачирхалтай, муу юм үгүй. Зүгээр л тэд ингэж хийгээд дасчихсан. Жишээ нь, тэд хамаг чухал ажлаа маргааш гэж хойшлуулдаг. Маргааш гэдэг нь яг жинхэнэ маргааш биш, хэзээ нэгэн цагт гэсэн утгатай.
-Дэлхийн хаана ч хүмүүс ажлаа маргааш гэж хойшлуулдаг шүү дээ.
-Монголынх огт өөр. Намайг ирсний маргааш бэлтгэлийн тоглолт хийж, бүгд сэтгэл хангалуун байлаа. Босс “Сайн байна. Маргааш гэрээ байгуулна” гэж хэллээ. Маргааш нь боллоо. Надад битгий санаа зов, маргааш хийнэ гэж байна. Ингээд л Монголын маргааш дуусахгүйг ойлгосон юм.
-Монголын АШТ-ий талаар?
-Арван багтай. 3-4 нь дэд бүтэцтэй, шигшээ багийн тоглогчидтой, гадаадын легионертой. Энэ хэдэн баг Оросын КФК буюу сонирхогчдын лигийн түвшний багууд. Орос тоглогч ч байсан, гэхдээ япончууд олонтой. Япончууд цалингийн төлөө ирдэггүй, бүр агентдаа мөнгө төлнө. Монголд тодроод Азид мэргэжлийн хөлбөмбөгч болох зорилготой. Лигийн тоглолт нь үзэгч цөөтэй. 2017 оны улирлын нээлтэд бид Эрчим багтай тоглоход 500 гаруй хүн ирсэн. Эхний жил үзэгч олон байсан ч жил ирэх тусам багасаад байлаа. Том тоглолтыг 500 үзэгч үзнэ, бусад үед 200-300 юм даа.
-Монголчууд хөлбөмбөг сонирхдоггүй юм уу?
-Монголд сагсан бөмбөг, волейбол илүү сонирхдог. Сагсан бөмбөг бол арай хэтэрхий. Жижигхэн хот болгон өөрийн багтай, тэнд нь америк тамирчид тоглоно. Бичлэгийг нь харахад хуучин ЗХУ-ын үеийнхтэй ижил зааланд хөгжөөн дэмжигчид нь сул суудал олж суугаад л хашгарч эхэлдэг юм билээ. Аймшигтай. Монголчууд америк соёл, америк спортод дуртай. Тийм болохоор сагсанд маш дуртай. Мөн бөх, бокс, сур гэсэн үндэсний спортоо үздэг.
-Цалин хэр байв? Оросын сонирхогчдын лигээс өндөр цалин өгсөн болоод чи Монголд очсон байх?
-Тиймээ, бага зэрэг илүү байсан. Гол нь би Азийн хөлбөмбөгийг үзсэн. Бүх юмыг мөнгөөр хэмжиж болохгүй. Тэнд тоглолтыг шууд дамжуулна, хөлбөмбөг амьдарч, буцалж байна. Гадаадын легионер, шилдэг тоглогчид 1000-1500 ам.долларын цалинтай. Сайн цалин. Би Оросын мэргэжлийн доод лигт 10 жил тоглоод 50 мянган рубль ч авдаггүй олон тоглогчийг мэднэ.
-Чиний фэйсбүүк дээр Монголын УАШТ-ий хүрэл медальтай, 30 сая төгрөгийн шагналын зураг байсан. Энэ чинь бараг 600 мянган рубль. Багийн шагнал уу, эсвэл хүн болгонд өгсөн юм уу?
-Мэдээж багийн шагнал. Их үү, бага уу мэдэхгүй юм. Ийм шагнал өгдөггүй улс ч олон байгаа. Харин Ойрх Дорнодтой харьцуулбал сохор зоос байх л даа. Монголд амьдралын өртөг хямд болохоор их зүйл хэрэггүй. Багаас байр олгоод, визийг шийдчихсэн бол хоол идэх л үлдэнэ. Сардаа 150 долларыг хүнсэндээ зарцуулахад л хүрнэ. Тийм болохоор 500 долларын цалинтай байсан ч Монголд дажгүй амьдарчихна. Харин Оросын зарим хотод ийм мөнгөөр амьдарч чадахгүй шүү дээ.
-Чи гурван жил Монголд, гурван өөр багт тогложээ. Түвшин өндөр биш газар нэг жил тоглоод уйдаагүй юу?
-Нэг жил тоглоод Оростоо харьж, өөр баг хайлаа. Тайланд, Бангладеш, Камбож болон Зүүн Өмнөд Азийн орнуудын багийг сонирхсон. Тэнд хөлбөмбөг нь сонирхолтой, цалин өндөр. Гэвч бүтээгүй. Бас нэг л юм дутуу хийсэн мэт санагдаад Монголд эргэж очсон. Дахин очсоны ачаар “Андууд сити” багтай хүрэл медаль хүртсэн. Дээд лигт дөнгөж дэвшсэн баг шүү дээ. Бид бүтэн улирал аваргын төлөө үзэлцэж, нэг хэсэг манай багийг английн Лестертэй адилтгаж байлаа. Харамсалтай нь сүүлийн хоёр тойрогт тэнцэж, оноо алдаад гуравт орсон. Үнэхээр сонирхолтой өрсөлдөөнтэй байсан болохоор Монголд дахиад тоглосондоо харамсаагүй. Дараа нь дахиад нэг жил тоглосон.
-Ингээд Тайванийг зорисон уу?
-Монголд байхдаа ч би гадаадын өөр оронд баг хайсаар байлаа. Агент надад байгаагүй, одоо ч байхгүй. Азид агент нэг их хэрэг болдоггүй юм. Зуучлагч гэсэн хүмүүс Transfermarkt-аас намтрыг чинь, бичлэгтэй нь аваад л багуудад илгээнэ. Сая багт илгээснээс магадгүй нэг нь хариу өгч магадгүй. Ийм туслалцааны төлөө тэдэнд мөнгө төлнө гэвэл инээдтэй хэрэг. Өөрөө хийсэн нь дээр. Би багуудын олон нийтийн сүлжээнд захидал бичиж, сонирхвол хариу бичихийг хүсдэг байлаа. Монголд тоглож дуусаад нутагтаа хариад байтал Тайванийн нэг багаас хариу ирсэн. Өмнө нь надад хоёр удаа татгалзсан хариу өгч байсан Тайнань баг. Ингээд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр очихоор болсон.
-Их амархан бүтжээ.
-Тийм амархан биш. Би миний замын зардлыг төлөхийг хүссэн ч тэд татгалзсан. Мөнгө төлж очоод бүтэхгүй бол яана гэж айж байлаа. Гэхдээ л энэ боломжийг ашиглахгүй бол болохгүй. Дараа нь харамсана. Зардал 60 мянган рубль болсон. Нальчикаас цахилгаан галт тэргээр Минвод орсон. Тэндээс Москвад нисэн очиж, зургаан цаг Абу-Даби орох онгоц хүлээсэн. Дараа нь Сөүл орсон. Эцэст нь нэг юм Тайваньд газардсан.
-Нүүдэлчин Монголын дараа өндөр технологитой Тайваньд очлоо.
-Огт өөр орон. Монголд тайван амгалан байсан бол энд бүгд хаашаа ч юм яараад л, амьдралын хэмнэл өндөр. Тийм болохоор эхлээд дасаагүй. Маш халуун. 12 дугаар сард 20-25 хэм дулаан байхад тоглоход амар ч дөрөвдүгээр сараас шарж эхэлнэ. Дээр нь чийглэг.
-Тайваньд амьдралын өртөг өндөр. Хөлбөмбөгчид нь ямар цалинтай вэ?
-Энд цалингийн доод хэмжээ 800 ам.доллар. Энэ мөнгөөр Тайваньд амьдрах арга байхгүй. Монголд кафе ороод 120-150 рублиэр паста аваад идэж чадах бол Тайваньд паста 10 доллар. Монголд багаас гадаад тамирчдад зориулан, байр хөлсөлж, бүгд тусдаа өрөөтэй байсан бол Тайваньд энэ талаар бодох ч үгүй. Жижигхэн байр хөлслөхөд 350-400, хоёр өрөө бол 800 долларын сарын хөлстэй.
-Хөлбөмбөгийн лиг нь?
-Монголын лигээс хүчтэй, Оросын мэргэжлийн лигийн доод хэсэгтэй ижил түвшин. Легионерүүд нь ч сайн, тактик ихтэй, тамирчид нь илүү техниктэй. Багууд нь түвшин ойролцоо.
-Яагаад орос хөлбөмбөгчид гадаадад тоглохыг хүсдэггүй юм бол?
-Премьер лигийн тоглогчид доод тал нь сардаа 20 мянган ам.доллар авч байгаа юм чинь хэн ч явахыг хүсэхгүй. Тэднийг Польш, Балкан, Шведэд авлаа гэхэд 5-7 мянган евро л өгнө. Оросын шилдгүүдийг Европын топ багууд урихгүй байгаа биз дээ. Харин доод лигийн тоглогчдын хувьд тэд дассан газраа өөрчлөхийг хүсдэггүй. Ядаж байхад хэл мэдэхгүй. Зарим нь Азийн хөлбөмбөгийг цирк гэж үзнэ, тоохгүй. Монголд нэг, хоёрдугаар лигийн орос тоглогчид ирж байхыг би харж л байлаа. Тодорч чадалгүй буцаж байсан. Монголчууд тэднийг ирээд алаад өгөх юм бодоод байдаг. Дараа нь ямар муу амьтан авчирчхав гээд гайхдаг. Миний хувьд Азийн орнуудаар тоглоод Тайванийн аварга болж, Азийн цомын тэмцээнд оролцоод явахыг илүүд үзнэ. Энд би цом авлаа, өөр соёлтой танилцлаа. Оросын доод лигт 10-15 жил хөдөөний багаар хэрэн тэнүүчилж байхаар энэ нь дээр. Харин надад хөгширсөн хойноо ач гучдаа ярих зүйл их үлдсэн. Гадаадад гарахаас айж байгаа тоглогчдод зоригло гэж хэлмээр байна.
-Цаашдын төлөвлөгөө? Мальдив, Энэтхэг, Камбожийн багт орох уу?
-Би Тайваньд гурван жил тоглож байна. Дахиад хоёр жил байхад иргэншил авч болно. Одоо би 30 настай. 32-тойдоо тайвань хүн болчихоод шигшээ багт нь ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд оролцвол сайхан даа гэж боддог. Тайваний шигшээд тоглосон анхны орос тамирчин болно. Өнгөрсөн жил Тайвань Австралитай нэг хэсэгт тоглосон. Австралийн багийн тал хувь нь Английн лигийн тоглогчид. 0:7 ялагдсан ч яах вэ, гол нь Английн лигийн тамирчдын эсрэг тоглож үзнэ. Ингэвэл амьдралдаа хэзээ ч мартахгүй дурсамж. Бүх юм бүтнэ гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )