Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагчийн бэлтгэсэн Шүүхийн шийдвэрийн хураангуйг хүргэж байна.
Иргэн Баатар нь 2018 онд “КЮМ” хадгаламж зээлийн хоршооноос 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, зээлийн хүүд 630,000 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй байна.
“КЮМ” хадгаламж зээлийн хоршоо нь Баатараас үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3,724,000 төгрөг, нийт 10,724,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх зээлдэгч Баатарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэн, 9,213,866 төгрөгийг гаргуулж, хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Улсын дээд шүүхээс дээрх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд өөрийн гишүүдтэй байж, зөвхөн гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг үзүүлэхийг зөвшөөрнө, харин гишүүн бус этгээдэд зээл олгохыг хориглосон байна. Мөн хоршооны гишүүнээр хуульд заасан журмын дагуу иргэдийг элсүүлэх ба гишүүнээр элсэгч нь хоршоонд заавал хувь хөрөнгө оруулах, гишүүний хураамж төлөх, үйл ажиллагаанд оролцох, ашиг авах, алдагдлыг хариуцах зэрэг эрх, үүрэгтэй байхаар хуульд заажээ.
“КЮМ” хадгаламж зээлийн хоршоо нь хуульд заасны дагуу дээрх байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой атал энэ тохиолдолд иргэн Баатар нь тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн болох нь нотлогдоогүй, түүнчлэн хуульд заасан үйл ажиллагааны хүрээнд, ашиг олох зорилгогүйгээр өөрийн гишүүндээ зээл олгосон гэх байдал тогтоогдоогүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааныг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг анхаараагүйгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүй нь буруу, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” байх тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ, энэ тохиолдолд талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй юм.
Иймд иргэн Баатар нь зээлийн гэрээний дагуу анх авсан 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй, харин хүү төлөх үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзжээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэтгэгдэл ( 0 )