Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 70, 79, 86, 125 кг-ын жингийн аваргууд тодорлоо.
Дөрвөн багц медалийн төлөөх өрсөлдөөний хоёр алтан медалийг нь АНУ-ын Жордан Барроуз, Дэвид Тейлор авсан бөгөөд өнөөдөр явагдсан гурван жинд бүгдэд нь америк бөхчүүд финалд шалгарснаас үзэхэд АНУ багийн дүнгээр тэргүүлэх нь ойлгомжтой болжээ.
Үлдсэн хоёр жингийн нэгд Японы Таиши Нарикүни анх удаа дэлхийн аварга болсон бол алдарт Таха Акгуль гурав дахь удаагаа дэлхийд тэргүүллээ.
70 кг
Финал
Таиши Нарикүни (Япон) - Зейн Ретерфорд (АНУ) -– 7:0
Хүрэл медалийн төлөө
Зураби Якобишвили (Гүрж) – Арман Андриасян (Армен) – 5:5
Эрназар Акматалиев (Кыргызстан) – Навин Навин (Энэтхэг) – 4:1
Финалд олон улсын том тэмцээний цомгүй тамирчид таарсан. Япон залуу энэ жил Азид түрүүлсэн бол Зейн АНУ-ын оюутны лигийн од ч тив, дэлхийн тэмцээнд медаль авч үзээгүй. Нарикүни Европ, Азийн аварга асан Ильяс Бекбулатов (Узбекистан), 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Эрназар Акматалиевыг (Кыргызстан) ялсан бол Ретерфорд дэлхийн аварга, 2022 оны Европын аварга Зураби Якобишвилиг (Гүрж) давсан. Хоёр бяртай бөх учрахад барилдаан удаан үргэлжилдэг ч Нарикүни гурав дахь минутад Ретерфордыг хэвтээгээс эргүүлсээр 10:0 яллаа.
79 кг
Финал
Жордан Барроуз (АНУ) - Мохаммад Ноходи (Иран) – 4:2
Хүрэл медалийн төлөө
Арсалан Будажапов (Кыргызстан) - Али Умарпашаев (Болгар) – 5:1
Василий Михайлов (Украин) – Бекзод Абдурахмонов (Узбекистан) – 5:3
Олимпын аварга, дэлхийн 5 удаагийн аварга АНУ-ын Барроузын дэргэд иран залуугийн амжилт тун даруухан. Ослогийн ДАШТ-ий мөнгөн медаль хамгийн том нь. Тэр үед Ноходи Барроузад 1:5 ялагдсан. Энэ удаагийн финал илүү өрсөлдөөнтэй болсон. Эхний үеийг иран бөх 1:0 тэргүүлсэн ч ялж чадсангүй. Жордан 6 удаагийн аварга болсон. Түүнээс гадна таван чөлөөт бөх л ДАШТ-д 6 болон дээш түрүүлсэн амжилттай. Дэлхийн 7 удаагийн аварга Александр Медведь (Беларусь), Валентин Йорданов (Болгар), 6 удаагийн аварга ОХУ-ын Сергей Белоглазов, Арсен Фадзаев, Бувайсар Сайтиев нар л байгаа.
86 кг
Финал
Дэвид Тейлор (АНУ) – Хасан Яздани (Иран) – 7:1
Хүрэл медалийн төлөө
Борис Макоев (Словак) – Себастьян Ежиржански (Польш) – 3:1
Азамат Даулетбеков (Казахстан) – Этан Рамос (Пуэрто-Рико) – 10:0
Таамаг ёсоор олимпын аваргууд финалд үлдсэн. Тейлор итгэл төгс ялж, хоорондын барилдааны харьцаагаа 4:1 болголоо.
125 кг
Финал
Таха Акгюль (Турк) - М.Лхагвагэрэл (Монгол) - 6:2
Хүрэл медалийн төлөө
Амир Заре (Иран) – Амар Дхези (Канад) – 8:0
Гено Петриашвили (Гүрж) – Олег Болтин (Казахстан) – 11:4
Турк улсад хүнд жингийн бөхчүүдээ башпехлеван хэмээн хүндэтгэлтэйгээр нэрлэдэг. Хэрэв хүнд жинд түрүүлбэл бусад жинд ялагдсан ч тоодоггүй. Харин Белград хотод турк бөхчүүд сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх гэсэн гурван төрөлд хүнд жингүүдийг Риза Каялп, Ясемин Адар, Таха Акгуль нар бүгдийг нь авлаа. 2018 оны Европын АШТ-д тэд мөн ийм амжилт үзүүлсэн. Тэгэхэд Ерөнхийлөгч Реджеп Эрдоган ордондоо хүлээн авч байлаа. Энэ удаад ч тэгэх нь гарцаагүй. Таха хагас шигшээд Ираны Амир Зарег сүүлийн секундэд ялж, финалд манай М.Лхагвагэрэлийг ялж чадсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Юун сүртэй гарчиг вэ, бут ниргэнэ гэдгийг чинь ихэвчлэн хөлбөмбөг мэтийн багийн том спорт дээр, ач холбогдол өндөртэй том тоглолт дээр л хэрэглэдэг дээ, чөлөөт мэтийн бөөсөн спортод бут ниргэнэ ч гэж юу байх, бут ниргэсний хэрэг ч юу байх вэ дээ
Энэ Оросууд байхгүй яачихваа.Бас дайнаас болиод хоригоо тавьчих шиг боллоо.