АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит 77-р чуулганд үг хэлэв. Тэрбээр дэлхийн хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, ДОХ болон цар тахалтай тэмцэх Дэлхийн сангийн үйл ажиллагааг дэмжих, нийлүүлэлтийн сүлжээ болон уур амьсгалын хямралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гаргаж буй АНУ-ын хүчин чармайлтыг онцлов. Тэрбээр мөн Украин дахь Оросын түрэмгийлэлд онцгой анхаарал хандуулжээ.
Байден “Орос улс НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмуудыг ичгүүр сонжуургүй зөрчиж байна. Хөрш орныхоо нутаг дэвсгэрийг хүчээр булаан авахыг оролдож буй улс орнуудыг хориглохоос чухал зүйл байхгүй” гэж онцлов. Тэрбээр Путины хэсэгчилсэн дайчилгаа зарласан талаар, Ерөнхийлөгч Путин Европын эсрэг илт заналхийлж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ үл ойшоож байна. Одоо Орос улс илүү олон цэргийг тулаанд орохыг уриалж, Украины зарим хэсгийг өөртөө нэгтгэхээр хуурмаг бүх нийтийн санал асуулга зохион байгуулахаар зэхэж байна. Энэ бол НҮБ-ын дүрмийг ноцтой зөрчиж буй хэрэг юм гэж Байден мэдэгджээ.
АНУ Украинд аюулгүй байдлаа хангахад нь үзүүлж буй дэмжлэг, хүмүүнлэгийн тусламж, эдийн засгийн туслалцаагаар тэргүүлж байна. Өнөөг хүртэл АНУ Украинд нийт 25 тэрбум ам.долларын тусламж, дэмжлэг үзүүлээд байна. Тэрбээр АНУ Хятад болон бусад улс оронтой хүйтэн дайн эсвэл мөргөлдөөн эхлүүлэхийг хүсдэггүй ба АНУ “Нэг Хятад” бодлогыг дэмждэг гэв. АНУ Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө байна.
АНУ Иранд цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй. Иран хүлээсэн үүргээ биелүүлбэл АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө гэх хэлэлцээрт дахин нэгдэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.
Жо Байден дэлхийд үүсээд буй хүнсний хямралд Оросыг буруутгав. “Орос худал мэдээллийг дэвэргэж, хүнсний хямрал үүссэн бурууг Украины эсрэг үйлдэж буй түрэмгийллийнх нь эсрэг тавьсан хориг арга хэмжээнд тохохыг оролдож байна. Хориг арга хэмжээнд Оросын хүнс, бордоо багтаагүй” гэж Байден онцлоод Оросын дайн хүнсний аюулгүй байдлыг сулруулж байна, зөвхөн Орос үүнийг зогсоож чадна гэв. Тэрбээр Украин, Оросын хооронд үр тариа гаргах чиглэлээр тохиролцоонд хүрэхэд НҮБ-ын гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлэв. Дэлхий даяар 193 сая хүн хүнсний хомстолтой нүүр тулаад байна. АНУ 2.9 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн болон хүнсний тусламж үзүүлнэ гэж Байден мэдэгджээ.
Цагаан ордны тэргүүн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүн орны тоог нэмэгдүүлэхийн төлөө байр суурь илэрхийлэв. Ингэхдээ Африк, Латин америк, Карибын тэнгисийн орнуудад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний статус олгохыг санал болгов.
Жо Байден “Бид түүхийн идэвхгүй гэрчүүд биш. Бид түүхийг бүтээгчид. Бид хамтдаа чадна. Бид өөрсдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө, хүн төрөлхтний төлөө хамтдаа хийх учиртай” гэж үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэв.