Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 708 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны байцаагч, цагдаагийн ахмад “Б” нар нь иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх;
- “Я” нь Завхан аймагт сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа тус сумын ИТХ-ын баталсан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн төсөвт хохирол учруулсан гэх;
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Багануур” ХК-ийн албан тушаалтнууд нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хахууль авдаг гэх;
- “Г” нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал “А” нь ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэх;
- Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Д” нь жирэмсний амралт нь дуусаж эгүүлэн томилогдсон албан хаагчаас 2.5 сая төгрөгийн хахууль авсан, байгууллагын төсвийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;
- Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга “Б” эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэнийг бусдын нэрээр төрийн албаны шалгалт өгүүлсэн гэх;
- Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газраас “Ус цэвэршүүлэх төхөөрөмж”, “Нисдэг камер, бусад тоног төхөөрөмж” төсөлд шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан гэх;
- “Б” нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа нэр бүхий 14 эцэг, эхээс хувийн дансаар дамжуулан нийт 6,6 сая төгрөгийн хахууль авсан гэх.
Сэтгэгдэл ( 0 )