Газрын тос экспортлогч орнууд ирэх арваннэгдүгээр сараас эхлэн газрын тосны олборлолтоо хоногт хоёр сая баррелиар бууруулах тохиролцоонд хүрчээ.
Газрын тосны олборлолт бодит байдалд тохиролцсоноос ч илүү хэмжээгээр буурна. Учир нь ОРЕС-ийн ихэнх гишүүн орон газрын тос олборлох зөвшөөрөгдсөн хэмжээнээс багыг олборлож байгаа. Шинэ нөхцөлөөр ОХУ ирэх арваннэгдүгээр сараас 2023 оныг дуустал хоногт 10.478 сая баррель газрын тос олборлож болох ч тус улсын олборлолтын хэмжээ харьцангуй бага буюу хоногт 9.9 сая баррель газрын тос олборлож байна.
ОРЕС+ ээлжит уулзалт арванхоёрдугаар сарын 4-нд болно. Дараачийн өдөр нь буюу арванхоёрдугаар сарын 5-нд Оросын газрын тосыг ЕХ-ны гишүүн орнууд руу далайн тээврээр нийлүүлэхийг хязгаарласан хориг хүчин төгөлдөр болно.
Европт эрчим хүчний хямрал үүсэж, дэлхийн бусад бүс нутагт эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өссөн энэ үед ОРЕС+ Оростой эв санаагаар нэгдэж, алдаатай шийдвэр гаргалаа гэж Цагаан ордны төлөөлөгч Карин Жан-Пьер мэдэгджээ. Энэ шийдвэр нь бага болон дунд орлоготой улс орнуудад цохилт болно гэж онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )