Их Британийн хууль тогтоогчид Лиз Трасст итгэл үзүүлэх үү!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Их Британийн парламентын зуу орчим гишүүн эрх баригч Консерватив намын Удирдах хорооны дарга Грэм Брейдли хандан тус намын дарга, Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасст итгэл үл үзүүлэх санал асуулга явуулах хүсэлт тавьжээ.

Консерватив намын дүрмийн дагуу тус намаас гарсан парламентын гишүүдийн 15 хувь нь /54 орчим гишүүн/ намын даргад үл итгэх санал асуулга явуулахыг дэмжвэл тус намаас дэвшсэн парламентын бүх гишүүдийн дунд нууц санал хураалт явуулна. Хэрэв намын дарга 50 гаруй хувийн дэмжлэг авбал албан тушаалдаа үлдэж, нэг жилийн хугацаанд дархлаатай болох юм.  50-иас дээш хувийн дэмжлэг авч чадахгүй бол албан тушаалаасаа огцорч, намын даргын ээлжит сонгуульд өрсөлдөх эрхгүй болох юм.

Их Британид явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл шинэ Ерөнхий сайд тус улсын өмнөх ерөнхий сайд нараас хамгийн доогуур рейтингтэй байна.

Ерөнхий сайдын албан тушаалаа аваад гурав хүрэхгүй долоо хоногийн дараа Лиз Трасс эрчим хүчний хямралтай тэмцэхийн тулд татварыг огцом буруулах давлагаа эхлүүлнэ гэж зарласан. Энэхүү мэдэгдлийн дараахан фунтын ханш огцом унаж, ипотекийн зээлийн хүү өссөн. Үүнээс болж тэртээ тэргүй доогуур байсан Трассын нэр хүнд улам унажээ. Иргэдийн дунд Трассын дэмжлэг хасах 55 балл болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top