Хятад улсад дөрвөн мянган жилийн өмнөөс цагаан буудай тариалахдаа усжуулалтын систем хэрэглэж байжээ.
“Antiquity” сэтгүүлд бичсэнээр, улаан буудайг анх Ойрх Дорнодод тарималжуулж эхэлсэн байна. Тухайн бүс нутагт зуны ган гачгаас зайлсхийж, ургацаа хавар эрт хураах үүднээс улаан буудайг намар тариалдаг байж. Ойролцоогоор дөрвөн мянган жилийн өмнө улаан буудайг Ойрх Дорнодоос тэс өөр уур амьсгалтай Зүүн Азид нутагшуулжээ. Энд зуны улиралд бороо орж, бусад улиралд харьцангуй гантай байдаг.
Тиймээс эртний Хятадын тариаланчдад гантай улирлын үед үр тариагаа аврах шаардлага тулгарчээ.Тэд хэрхэн улаан буудай ургуулдаг байсныг олж мэдэхийн тулд судлаачид улаан буудай, арвай зэрэг Хятадын Шар мөрний сав газар дахь археологийн дурсгалт газраас илрүүлсэн үр тарианы 35 мянган нүүрсэжсэн үрийг изотоп шинжилгээнд оруулжээ. Энэ арга нь ургамлын насыг төдийгүй ямар нөхцөлд ургаж байсныг тогтоох боломж олгодог байна. Шинжилгээний дүнд эдгээр үр тарианы изотоп мэдээлэл нь усалгаа ихтэй ургамлынхтай ижил байжээ. Гэхдээ энэ нь хятадуудад тухайн үед томоохон усалгааны байгууламж байсан гэсэн үг биш гэнэ. Улаан буудайг чийглэг нам дор газар эсвэл нуур цөөрмийн ойролцоо тариалах эсвэл бага хэмжээний усалгааны шуудуу ашигладаг байсан байх талтай.
Харин тухайн үеийн арвайн изотоп мэдээллээс үзвэл, энэ төрлийн үр тариаг жижиг толгод, гүвээ зэрэг хуурай газар тариалдаг байсныг илтгэж байна. Үүнээс үзвэл хятадууд эдгээр үр тарианы аль нь хуурай нөхцөлд илүү тэсвэртэй болохыг мэддэг байсан ба ухаалгаар тариалангийн талбайгаа хуваарилдаг байжээ.
Сэтгэгдэл ( 0 )