Даян дэлхийн хөл бөмбөг сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан дэлхийн аваргын тэмцээн эхэллээ.
Тэмцээн зохион байгуулах эрхээ авахаас эхлээд нээлтийн тоглолт хүртэл олон янзаар шүүмжлүүлж, хэвлэл мэдээллээр загнуулсан “Катар-2022” ямар ч гэсэн амжилттай хөшгөө нээлээ. Урьд өмнө ингэж муулуулж, бичүүлж байсан дэлхийн аваргын тэмцээн байсангүй. Арабын ертөнцийн анх удаа хүлээн авсан ДАШТ ийнхүү гараагаа эхэллээ. Түүхэнд анх удаа өвлийн улиралд болж байгаа дэлхийн аваргын тэмцээн.
Нэр хүндээрээ олимпын наадмын дараа орох хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулахад маш их хөрөнгө шаардлагатай. Харин нефть, байгалийн хийгээр баялаг Катар улсад юу байна, мөнгө л байлаа. Тэд нэрээ дэвшүүлэхэд л 200 сая ам.доллар зарцуулсан.
Ази, Африкийн улсуудын хөлбөмбөгийн холбооны түшмэлүүдэд үнэтэй бэлэг өгч, үе үе тансаг хүлээн авалт, үдэшлэг хийсээр 2010 онд катарчууд хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхээ авчихсан байлаа. Тэднээс авлига, хээл хахууль авсан хэргээр Олон улсын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн олон хүн торны цаана орж, хөл бөмбөгтэй холбоотой ажил хийх эрхээ хасуулсан ч санал асуулгад Катар нөлөөлсөн гэх шууд баримт нотолгоо гарч ирсэнгүй. АНУ-ын холбооны мөрдөх товчоо шалгаад ч юм олсонгүй. Мэдээж дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулах эрхийг нь хураасангүй.
Ингээд бэлтгэл ажилдаа орлоо. Арабын баян орон мөнгөөр дутагдах зовлон байхгүй. Харин 2,9 саяхан хүн амтай тул ажиллах хүчин хомсдолтой. Энэтхэг, Балба, Бангладеш, Пакистан зэрэг орны залуус цэнгэлдэх хүрээлэн барих ажилд орохоор Катарыг зорив. Энэ удаад ажилчдыг муу нөхцөлд цаг наргүй ажиллуулснаар олон мянган хар ажилчин амь насаа алдсан гэсэн шуугиан гарч ирлээ. The Guardian сонинд бичсэнээр ДАШТ-ий дэд бүтцийн барилгын ажлын үеэр 6,5 мянган гадаадын ажилчин амиа алдсан байна. Европын хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэл зарлаж, дэлхийн аваргад оролцохгүй байхыг шигшээ багуудаасаа шаардаж эхэлсэн юм. Мөн л юм олж долоосонгүй.
Дараа нь бэлгийн цөөнх буюу ижил хүйстнүүдийг ялган гадуурхдаг гэж Катарыг буруутгав. Катарт тэмцээн үзэхээр очих тэдний аюулгүй байдлыг хэрхэн хангах гэж байна гэж зохион байгуулагчдаас асууж байв. Бас л шийдэгдээгүй хэвээр үлдэв.
Гадаадын фэнүүд, хөлбөмбөг сонирхогчдод Катарт биеэ хэрхэн авч явах талаар зохион байгуулах хорооноос гаргасан зөвлөмж бас л шүүмжлэл дагууллаа. Зөвлөмжөөс багахан хэсгийг танилцуулъя. Нутгийн иргэдтэй уулзахдаа юуны өмнө хамгийн ахмад, эсвэл албан тушаал өндөр хүнтэй эхэлж мэндэл. Катар эмэгтэйтэй харилцахдаа зайнаас ярилц, биед нь хүрч болохгүй. Катарчуудыг удаан, нухацтай харж болохгүй. Энэ нь бүдүүлэг явдал. Хөлөө ачиж сууж болохгүй, хүнээс заавал баруун гараар юм ав. Гаднын эмэгтэйчүүд нүцгэн биеэ ил гаргаж болохгүй. Шорт богино өмдтэй төрийн байгууллагад орж болохгүй. Хуримын бөгжнөөс өөр гоёл чимэглэл зүүхээс зайлсхий.
Дараагийн шуугиан тэмцээн эхлэхээс ердөө хоёр хоногийн өмнө болсон. ФИФА-гаас тоглолт явагдах цэнгэлдэх хүрээлэнгүүдэд шар айраг, согтууруулах ундаа худалдаалахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Шар айраг шимэнгээ тоглолт үздэг уламжлалтай хөлбөмбөг сонирхогчдод мэдээж энэ шийдвэр таалагдаагүй. Энэ бүхнээс үзэхэд ихэнх шуугиан, маргаан хөлбөмбөгийн тоглолттой огт холбоогүй зүйлс байлаа.
Харин хөлбөмбөгтэй холбоотой шуугиан Катар, Эквадорын багийн нээлтийн тоглолтын өмнө болсон юм. Сэтгүүлч Амджада Таха “Арабын баячуул Эквадорын найман тоглогчийг 7,1 сая еврогоор “худалдан” авсан, тоглолт 0:1 Катарын ялалтаар дуусна, гоолыг хоёрдугаар үед оруулахаар тохиролцжээ” гэж мэдээлсэн нь жинхэнэ шуугиан тарив. Катар, Эквадорын таван том хэвлэл энэ мэдээг үнэн хэмээн баталлаа. Азаар нээлтийн тоглолтод Эквадор 2:0 ялж, найраа байгаагүйг батлан харуулсан билээ.
“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээн ийнхүү эхэллээ. Одоо талбайн гаднах хэрүүл маргаан биш, ногоон талбай дээрх багуудын өрсөлдөөнийг харж, сэтгэлийн таашаал хүртэх цаг ирлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Хүй долоон худагт хийчихгүй дээ
Худлаа ядуу л байхгүй юу. Хэдэн байшингуудыг эь хараад баян гээд бгаа юм уу? Яс юман дээрээ ардцуд нь ядуу ш дээ.
Ug ni bol hunii erh ardchilal gedeg chini l yaaag ene yum baigaan bid mongolchuud chini yos zanshil hun chanar hun baih utgaa gadnii shashniihan baruunii anarhistuudad aldaad boloh bolohgui buh yumaa ardchilal geed oilgotson uureg hariutslaga yrihaar kommunizmruugaa ergelee geed demiirdeg elit nertei elii balai hulgaich aluurchdiin bulegleltei boltson uls yumdaa tusgaar uls gedeg chini shashin shutleg yos zanshil ulamjilalaa hezeech haanch henii ch umnu hamgaalah erhteishdee tegej bj tusgaar uls bj chadna
balai muuhai arabuud ih muu huuus shdee. ih deerelhuu yamaan omogtoi . bas ih nariin
2.9 saya,yuul bn mungu,katar huniig udaan harj bolohgui,