Азиуд дуулж, африкчууд бүжиглэсэн Катар-2022

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Дэлхийн спорт сонирхогчдын цэнгэлийн манлай, сэтгэлийн баясал болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Шалгарч чадаагүй багууд нулимс унагаан, фэнүүдээ дагуулан гэртээ харьсан бол хожсон багуудын нүдэнд Алтан Цом харагдсан хэвээр үлджээ.

Анх удаа Арабын улсад, анх удаа өвөл зохиогдсон гээд олон онцлогтой эхэлсэн дэлхийн аваргын тэмцээн улам их онцлогтой өрнөж, цаашдаа ч “анхны” гэх олон тодотголтой тэмцээн болох шинждээ ороод эхэллээ.

12 дугаар сарын 1 гэдэг өдөр хөлбөмбөгийн хувьд түүхэн өдөр байлаа. Францын шүүгч Стефани Фраппар энэ өдөр Коста-Рика – Герман тоглолтыг шүүхээр талбайд гарсан бөгөөд эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээнд ерөнхий шүүгчийн шүгэл үлээсэн анхны эмэгтэй хүн болжээ.
 


Тэгвэл маргааш нь буюу 12 дугаар сарын 2-ны өдөр хоёр тивийн гавьяагаар түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. Энэ тивүүд бол Африк, Ази тив бөгөөд хөлбөмбөгийн ертөнцөд “бацаан” гэж нэрлэгдэн ирсэн хар, шар тивүүд юм. Эндээс урьд өмнө үе үе битүү морь гарч, үсрэн давхих ч Европ, Өмнөд Америкийн хөгшин азаргууд нухчин дарж орхидог байв. Харин энэ удаад хоёр тивийн багууд арай өөр өрнөлтэй, цаашдын итгэлтэй, өнгөтэй харагдаж байна.

“Катар-2022” тэмцээний эхний тоглолт Аргентин Саудын Араб улсад ялагдсанаар эхэлсэн нь цаашдаа ногт ганзагалан ирсэн томчуудын өвдөг шороодохын цондон байжээ.
 


“Катар-2022” тэмцээнд 32 баг оролцсон. Африк тивээс 5 баг тоос өргөөд хоёр нь дараагийн шатанд шалгаран үлдлээ. Гол удирдагч Садьо Манегаа гэмтлээр алдсан Сенегалын шигшээ тоглолтоос тоглолтод чангарсаар Эквадорыг ардаа орхиж, хэсгээсээ хоёроор гарсан. Харин Марокко алтан үеийн Бельги, өнгөрсөн тэмцээний мөнгөн медальт Хорватын дээр бичигдэж, хэсгээ нэгээр тэргүүлэн шалгарсан юм. Магадгүй энэ хоёр багийн ур чадвар, хүч чадал томчуудаас дутуу байж болох ч ялах чин хүсэл, эрмэлзэл нь илүү байлаа. Плей-оффын эхний шатанд ялаад шөвгийн наймд гараад ирэх боломж дүүрэн байна.

Африк тивийн хөгжөөн дэмжигчид уламжлал ёсоор хурц тод өнгийн үндэсний хувцсаа өмсөж, өгзөг, цээж, бэлхүүсний бүжгээ 90 минутын турш тасралтгүй хийж, багаа дэмжиж байлаа. Тоглогчид нь ч ялгаагүй гоол оруулаад бүжиг. Цусанд нь байгаа хэрэг. Хэсгээсээ гарч чадаагүй ч үлдсэн гурван баг нь дэлхийг гайхуулж бас л чадсан. Хэсэгтээ хомоол хамах нь тодорхой болсон байсан Камерун сүүлийн секундэд гоол оруулан, дэлхийн таван удаагийн аварга Бразилыг буулган авлаа. Бразилын шигшээ сэлгээний нөөц бүрэлдэхүүнээ талбайд гаргасан ч хөлбөмбөгийн их гүрэн Бразил бол Бразил. Англи, Испанийн том багуудад хүчин зүтгэдэг одод сэлгээгээр орж ирсэн.

“Номхоршгүй арслангууд” хочтой Камеруны баг аваргуудын довтолгоог зогсоогоод сөрөг довтолж эхэлсэн. Тэдний хичээл зүтгэл, хөдөлмөр үр дүнгээ өгч, сүүлийн мөчид Абубакар гоёмсог нэгэн гоолоор Бразилын хаалгыг мялааснаар тулаан өндөрлөлөө. Энэ гоол бол дэлхийн таван удаагийн аварга Бразилын Катарт алдсан анхных нь гоол байсан юм.
 


Абубакар цээж нүцгэлэн бүжиглэж, гоолын баяраа тэмдэглэсэн. Шүүгч халуун хар залуугийн баярыг ойлголгүй улаан хуудсаар торгож хөөсөн, харин Абубакар бүжиглэсэн хэвээр цэнгэлдэхийг орхин одсон юм. Камерунаас дутахгүй том өрсөлдөгчөө унагаасан бас нэгэн Африкийн баг бол Тунис.

Тэдний өрсөлдөгч Францын баг мөн л сэлгээгээ илгээсэн. Нэгдүгээрт, хэсгээс гарах зорилгоо биелүүлсэн, хоёрдугаарт, тамирчдаа амраах, гуравдугаарт өрсөлдөгчөө дутуу үнэлсэн хэрэг. Жар дахь минутад гоол алдаад Мбаппе, Гризманн тэргүүтэй оддоо талбайд гаргасан ч Францын баг сэхээ орохгүй байсаар ялагдлаа. Ганын шигшээ баг сенсаац тарьж, тэмцээнийг шуугиулаагүй ч сүүлийн тойрогт Уругвайн шуурган тоглолтыг тогтоож, БНСУ-ын багт туслаад тэмцээнийг бардам орхин одсон билээ.
 


Африкийн багуудын гайхамшгаас илүүтэй онцлон дурдах тив бол Ази юм. Энэ тивээс ДАШТ-ий хасагдах шатанд анх удаа гурван баг буюу Япон, Өмнөд Солонгос, Австралийн баг шалгарлаа. Австралийг Далайн бүсийн орон гэж үзэж болох тул үнэндээ яг Ази тивийн нэр хүндийн төлөө Япон, Өмнөд Солонгос хоёр л өрсөлдсөн гэж үзэхэд болно. Испани, Герман, Коста-Рика, Японы багтсан хэсгийг хөлбөмбөгийн шинжээчид албан ёсоор “Үхлийн хэсэг” хэмээн зарласан байлаа. Дэлхийн томчуудтай учраа таарсан Наран орны багийг өрөвдөж, хэдэн тоогоор ялагдахыг нь таамаглах хүн Японд ч олон байлаа.

Эхний тоглолт нь дэлхийн дөрвөн удаагийн аварга Герман. Германчууд 33 дахь минутад Гюндоганы гоолоор тэргүүлж эхэлсэн ч Японы Доан, Асано нар найман минутын дотор хоёр гоол хийгээд ялж орхилоо. Монгол дахь Японы ЭСЯ-наас Монголд амьдарч байгаа япончууд, Японд төгссөн монголчуудыг урин, хамтдаа энэ тоглолтыг үзсэн бөгөөд эхэндээ багтаа итгэл бага байсан ч ялалтын дараа бүгд “Ниппон ниппон” хэмээн хашгиран, дуулж байлаа. Харин япончууд Коста-Рикатай хийсэн дараагийн тоглолтод 0:1 ялагдаж орхисон юм.

Катарын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд япон үзэгчид гарахдаа цэвэрлэгээ хийн, хог түүж, тамирчид нь ч хувцас солих өрөөгөө гялалзтал цэвэрлээд явж байв. “Катар-2022” тэмцээн Японы шигшээ багийн хувьд “Цэвэрхэн, томоотой баг” гэсэн л тодотголтой төгсөх мэт санагдаж байлаа. Учир нь дараагийн өрсөлдөгч нь Испанийн “Ялагдашгүй Армада”. Испанийн баг уламжлал ёсоор бөмбөг илүү эзэмшиж, эхний гоолыг оруулсан.
 


Харин Японы баг үе үе сөрөг довтолгоо хийсээр дасгалжуулагчийн сэлгээ байгаа онож, хоёрдугаар үеийн эхний хэдэн минутад хоёр гоол оруулж, тоглолтыг тэргүүлсэн. Үлдсэн цагт “Хөх самурай” ёстой л самурайн ёсоор элэг, цээжээрээ хаалгаа хамгаалсаар Испанийг буулган авлаа. Дэлхийн хоёр аваргыг буулган авч, Үхлийн хэсгийг тэргүүлнэ гэдэг урьд өмнө Ази тивийн багт тохиолдож байсан удаагүй.

Токио хотын төв гудамж цэнхэр өмсгөлөөр дүүрч, 140 сая хүн ялалтын баяраа дуу хөөртэй тэмдэглэлээ. Тоглолтын дараа Японы дасгалжуулагч Хажимэ Мориясү “Энэ ялалт Ази тивийн ялалт. Азиуд дэлхийн шилдгүүдийг ялж чадна” гэж мэдэгдсэн юм. Харин Германы баг хасагдаад гэрийн зүг харилаа.
 


Энэ баярт явдлын маргааш нь Өмнөд Солонгосын баг талбайд гарлаа. Тэдний хувьд хэсгээс гарах магадлал Японоос бага байв. Хэсгийнхээ хамгийн сүүлд ганц оноотой байсан тэд сүүлийн тойрогт Роналду тэргүүтэй Португалыг заавал ялах шаардлагатай. Нөгөө талд нь 3 оноотой Гана, нэг оноотой Уругвайтай учраа таарсан. Гана тэнцэхэд л Португалтай хамт шалгарах тул солонгосчуудын хувьд үнэхээр боломж бага. Ядаж байхад Португал эхний гоолыг оруулж, хамгаалалтад шилжсэн. Солонгосын багийн лидер Сон Хын Мин нүүрэндээ гэмтэлтэй, хамгаалалтын маск зүүсэн байсан тул бүрэн хүчээрээ тоглож чадахгүй байв. Хуурч гүйх гээд болохгүй, цохиод хаалгаа онохгүй.  Ким Ён Гвон тооны харьцааг тэнцүүлсэн ч ялж байж л хэсгээс шалгарна. Үндсэн цаг дуусаж, шүүгч зургаан минутын нэмэлт цаг заажээ. Солонгос фэнүүдийн итгэл найдвар багассаар. Гурван минут үлдээд байсан тэр үед Өмнөд Солонгосын баг сөрөг довтолгоонд орж, Сон Хын Мин бөмбөг туун урагш гүйлээ. Хэчнээн тааруухан байсан ч багийн ахлагч Сон өрсөлдөгчийнхөө дөрвөн хамгаалагчийг өөр дээрээ татаад Хван Хи Чханд оновчтой дамжуулалт өгч, тэр ч ганцаараа хаалгачийн өмнөөс гаран, ялалтын гоолыг орууллаа. Португалын багт тоог тэнцүүлэх цаг үлдсэнгүй. Солонгос фэнүүд стадион дүүрэн хөөрөн дуулсан ч баярлах бас эрт байлаа. Учир нь зэрэг явагдсан Гана, Уругвайн тоглолт дуусах болоогүй, 0:2 Уругвайн тэргүүллээр явагдаж байв. Шүүгч найман минут сунгасан бөгөөд хэрэв Уругвай нэмээд нэг гоол хийхэд тэд хэсгээс шалгарна. Ингээд Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид талбайн голд цуглараад гар утсаараа Гана, Уругвайн тоглолтыг үзэж, төгсгөлийг нь хүлээн зогслоо. Цэнгэлдэхэд ирсэн үзэгчид ч мөн ухаалаг утсаа ширтэн сууж байсан нь мөн энэ ДАШТ-ий нэгэн онцлог байлаа. Солонгосчуудын хувьд бүтэн цагаас урт мэт санагдсан таван минутын дараа шүүгч шүгэл үлээн, Уругвайн баг Ганыг буулган авсан ч гоолын зөрүүгээр Өмнөд Солонгосын баг дараагийн шатанд шалгаран үлдсэн юм. Ази тив, энэ удаад Сөүлийн гудамж улаан хувцсаар дүүрч, Ази тив хөлбөмбөгийн том тив болсноо зарлан тунхагласан юм.

Хасагдах шатанд Японы баг Хорваттай, Өмнөд Солонгос Бразилын шигшээтэй тоглоно. Хэрэв хоёулаа ялбал шөвгийн наймд хоорондоо таарах учиртай. Магадгүй бид анх удаа Катарт Ази тивийн баг дэлхийн аварга болох мөчийг харж болох юм.

“Катар-2022” тэмцээний плей-офф

12-р сарын 3

Нидерланд – АНУ 3:1

Аргентин – Австрали 2:1

12-р сарын 4

Англи – Сенегал 3:0

Франц – Польш 3:1

12-р сарын 5

Япон – Хорват

Бразил – БНСУ

12-р сарын 6

Марокко – Испани

Португал – Швейцар
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top