Тектоник хавтангууд бидний хумс ургахтай ижил хурдаар хөдөлдөг хэмээн Оксфордын их сургуулийн доктор Жессика Хоторн тайлбарлаж байна. Газар хөдлөлтийн механик судлалаар мэргэшсэн Хоторн манай дэлхийн 16 тектоникийн хавтангийн талаар ийн ярьжээ.
Хэдийгээр энэхүү хөдөлгөөн жилд хэдхэн см буюу бараг мэдрэгдэхгүй хэмжээнд болдог ч хавтангууд гэнэт шилжих эсвэл гулсахад асар их хэмжээний энергийг чөлөөлж, чулуулгийг хагалан, газар хөдлөхөд хүргэдэг байна. Энэ нь газрын гадаргуутай харьцангуй ойр болдог нь дэлхийн цөмтэй ойр байрладаг халуун чулуулаг хайлмал төлөвт байдагтай холбоотой аж. Доктор Хоторны ярьснаар, газар хөдлөхөд үрэлтийн хүчинд эвдрэл үүсэх газар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чулуулаг харьцангуй хэврэг байх ёстой ба богино хугацаанд эвдрэл үүсэх учиртай.
Газар хөдлөлт гол төлөв тектоник хавтангуудын заагт болдог. Газар хөдлөлтийн 80 хувь нь Номхон далайн эрэг орчим, Номхон далайн галт цагариг гэгддэг бүсэд болдог байна. Энэ бүсийг тойрсон тектоник хавтангууд Номхон далайн хавтанг дарангуйлдаг.
Хагарлын төрлүүд
Газар хөдлөлтүүд шинэ хагарлууд үүсгэдэг ч ихэнх хүчтэй газар хөдлөлт газрын гадаргуун бүрэн бүтэн байдал алдагдсан газар болдог хэмээн Хоторн тодруулжээ. Хавтангуудын шилжилт хэдийн үүссэн хагарал дагуу болдог ба хагарлуудыг хэвийн, урвуу дарааллын болон шилжилтийн гэх гурван төрөлд хуваадаг байна.
Шилжилтийн хагарал
Энэхүү хагарал нь хоёр тектоник хавтан хөндлөн чиглэлд зэрэгцэн хөдлөхөд үүсдэг байна. Ийм төрлийн хагарал хөндлөн байдаг ба гүн нь 15-20 км-т хүрдэг. Энэ төрөлд Туркийн нутагт дэвсгэр дэх Анатолийн болон Арабын хавтангуудын зааг дагуу гарсан 700 км үргэлжилдэг Зүүн Анатолийн хагарал ордог. Энэ бүсэд хоёрдугаар сарын эхээр Турк, Сирид болсон сүүлийн зуун жилийн хамгийн хүчтэйд тооцогдох 7.5 болон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлт болон чичирхийлэл харьцангуй бага гүнд болсон тул асар их хэмжээний сүйрэл дагуулжээ.
Өөр нэг жишээ нь АНУ-ын Калифорнийн Сан Андреасын хагарлуудын систем. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, 1906 оны дөрөвдүгээр сарын 18-нд болсон Калифорнийн газар хөдлөлт Сан Андреасын хагарлаас 477 км хэсгийг тасалжээ. Сан Франциског сүйрүүлсэн энэ гамшиг түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг юм.
Хэвийн хагарал
Хэвийн хагарал нь тектоник хавтангууд салж, нэг хавтан нь хөндлөн доош гулсахад үүсдэг байна. Тухайлбал, Сомалийн хавтан тивээсээ алсарснаар ан цав бүхий хөндий, эгц босоо хагарал үүсгэжээ. Үүнтэй зэрэгцэн, Африк, Сомалийн хавтангууд мөн Арабын хавтангаас тасарч, “Ү” хэлбэрийн ан цавын системийг бий болгосон байна.2005 онд хагарал дагуу цуврал ан цав үүсэж, газар хөдлөлт болон үнс нурам цацах үзэгдлийг дагуулжээ. Газрын гадаргуу дээр 60 км үргэлжилсэн найман м өргөнтэй гүнзгий ан цав үүссэн байна.
Хойд Америк, Атлантын нуруу хэмээн алдаршсан хагарал Хойд Америк, Евразийн тектоник хавтангууд аажмаар бие биеэсээ холдох явцад үүсжээ. Эл нуруу Атлантын далайгаар хойд зүгээс өмнөд зүгт хэдэн мянган км үргэлжилдэг. Хавтангууд бие биеэсээ холдохын хэрээр газрын гадаргуу руу халуун хайлмал урсан гардаг аж. Үүний дүнд ихэнх хэсэг нь усан дор орших уул нуруу бий болж, зарим хэсэгт арал үүсгэсэн нь Исланд, Азорын арлууд юм.
Шинэ чулуулаг үүссэнээр газрын гадаргуун хэлбэрийг өөрчилж, газар хөдлөх, галт уул дэлбэрэхэд хүргэдэг.
Урвуу дарааллын хагарал
Урвуу дарааллын хагарал нь тектоник хавтангууд бие бие рүүгээ чиглэхэд үүсдэг ба нэг нь нөгөө хавтангаа дээш түлхдэг байна. Ихэнх хагарал ингэж үүсдэг байна. Японы суваг хагарлын бүс нь Евразийн хавтан, Номхон далайн хавтанг заагладаг. 2011 оны гуравдугаар сард Японы эрэг орчим болсон 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа хагарал дагуу тектоник хавтангууд 50 м зайд шилжжээ.
Атакамагийн хагарлын систем гэгддэг Чилийн суваг нь Перу, Чилийн эргээс 160 км зайд Номхон далайн зүүн хэсэгт, Өмнөд Америк, Наскагийн хавтангууд хооронд байрладаг.
Наскагийн хавтан Өмнөд Америкийн хатангийн доогуур шурган орж буй нь газар хөдлөлтийн асар идэвхжилийн бүсийг бий болгодог. 1960 оны тавдугаар сарын 22-нд Чилийн өмнөд хэсэгт 9.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогддог. Эрдэмтдийн тооцоолсноор, энэ гамшгийн үеэр гарсан энерги Хирошима хотод хаясан цөмийн бөмбөгийн энергиэс 20 мянга дахин их байжээ.
Гэсэн ч газрын хагарлын дэргэд амьдарна гэдэг нь үргэлж сэтгэл түгших шалтгаан биш гэж шинжээч онцолж байна. Хагарал бүр газар хөдлөлт дагуулдаггүй аж. Хагарлын ихэнх хэсэгт газар хөдлөлт огт болдоггүй эсвэл мэдэгдэхүйц хүчтэй байдаггүй. Энэ нь тектоник хавтангууд бие биеийнхээ дэргэдүүр чимээгүйхэн гулсдаг гэсэн үг юм.
Сэтгэгдэл ( 2 )
Manai ulsiin gazariin hagaraliin talaar medeelel ogno uu
Атакаманы цөл гэдэг байх шүү.