Ши Жиньпиний ОХУ-д хийж буй айлчлалаас юу хүлээх вэ!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар энэ сарын 20-22-ны хооронд Москва хотод айлчилна. Ши Жиньпин нь БНХАУ-ын даргын аблан тушаалд анх 2013 оны гуравдугаар сарын 14-нд томилогдож, 22-нд анхны гадаад айлчлалаа Оросоос эхэлж байв. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Орост нийт найман удаа айлчилж байсан бол В.Путин, Ши Жиньпин нар нийт 40 гаруй удаа биечлэн уулзаж байжээ.

Улс төрийн томоохон үйл явдал

В.Путин Ши Жиньпинийг 2022 оны арванхоёрдугаар сард Москвад урьжээ. Тухайн үед Кремлийн тэргүүн энэхүү айлчлал нь Орос, Хятадын харилцааны түвшнийг дэлхий дахинд харуулахаас гадна хоёр улсын харилцааны оны гол үйл явдал байх болно хэмээн мэдэгдэж байв. Ши Жиньпиний энэ айлчлал өрнөдөд мөн өргөн хүрээнд яригдсан билээ.

Шанхайн стратеги, олон улсын судалгааны төвийн дэд ерөнхийлөгч Нелсон Вонгийн хэлснээр, өнөөгийн геополитикийн хурцадмал байдал, Украины хямралын хэрхэн төгсөх нь тодорхойгүй байгаа, дэлхийн их гүрнүүд тоглоомын дүрэм улам бүр чангатгаж байгаа энэ үед Ши Жиньпин, Владимир Путины уулзалт түүхэн ач холбогдолтой байхаас өөр аргагүй хэмээн онцолсон байна.

Ши Жиньпин 2019 оны тавдугаар сард Орост хийсэн айлчлалынхаа босгон дээр Орост Диндин, Жуи нэртэй хоёр панда баавгай бэлэглэж байсан. Харин энэ удаа тэрбээр ямар бэлэг барих нь одоогоор тодорхойгүй байна. Өрнөдийн зарим улс төрчид энэ удаад Хятад Орост зэвсэгт нийлүүлж эхлэх вий хэмээн болгоомжилж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн оны зун Ши Жиньпинтэй утсаар ярихдаа, Украины хямралд Оросыг дэмжвэл Бээжин өрнөдийн хөрөнгө оруулалтуудыг алдана хэмээн сүрдүүлсэн. Блүмберг агентлаг, “Их 7” бүлгийн орнууд цэргийн зориулалтаар ашиглагдах сэлбэг хэрэгсэл, технологийг Орост нийлүүлж буй Хятад, Энэтхэг, БНАСАУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна хэмээн бичиж байв. Үүнтэй зэрэгцэн НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Хятад улс Орост зэвсэг нийлүүлж байж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн.

Үүний хариуд Хятадын коммунист намын Төв хорооны гадаад харилцааны комиссын тамгын газрын дарга Ван И Хятад улс нь АНУ-аас ирэх заавар, Орос, Хятадын харилцаанд үзүүлэх дарамт шахалттай хэзээ ч эвлэрэхгүй хэмээн мэдэгдсэн.

Хятадын бүтээлч үүрэг

Ши Жиньпин Москвад хийх айлчлалынхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй цахим уулзалт хийж магадгүй хэмээн “Wall Street Journal” эх сурвалж дурдан мэдээлж байсан. Харин Хятадын тал Бээжин Украины хямралыг шийдвэрлэх тал дээр үргэлж бүтээлч үүрэг гүйцэтгэдэг хэмээн нэг бус удаа мэдэгдэж байв. Ши Жиньпин Хятадын байр суурь нь энх тайван, энхийн хэлэлцээг дэмжихэд чиглэсэн хэмээн онцолдог. БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоёрдугаар сарын 24-нд Украины хямралыг зохицуулах талаар баримталж буй байр сууриа илэрхийлж, 12 заалт бүхий мэдэгдэлд гаргасан. Мэдэгдэлд бүх орны тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, Москва, Киевийн хооронд шууд хэлэлцээг сэргээх, нөхцөл байдлыг цаашид хурцатгахгүй байхыг уриалсан билээ.

Бээжингийн зуучилсны дүнд Ойрх Дорнодын эртнээс дайсагнагч хоёр улс болох Саудын Араб, Иран хоёр Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлыг хангах санаачилгын дагуу дипломат харилцаагаа сэргээсэн нь олон улсын хамтын нийгэмлэгээс өндөр үнэлгээ авсныг дэлхий даяар гэрч болсон хэмээн Хятадын ардын их сургуулийн дэргэдэх санхүүгийн судалгааны “Чуньян” хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Жя Минь ярьжээ. Түүний хэлснээр, дипломатын энэхүү ховор тохиох дэвшил нь дайны сүүдэрт орсон дэлхий дахинд Хятад, Оросын тэргүүн нарын уулзалт илүү их итгэл авчирна гэх найдварыг төрүүлж байна гэжээ.

Стратегийн түншлэлийг бэхжүүлэх нь

Хятадын судлаачдын үзэж буйгаар, Ши Жиньпинийн Орост хийх айлчлал нь хоёр улсын харилцааны ирэх таван жилийн хөгжлийн үндсийг тавина. Юуны өмнө хоёр улсын харилцааг улс төрийн түвшинд бэхжүүлэн хөгжүүлэхээс гадна хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулна хэмээн шинжээчид онцолж байна. Айлчлалын дүнд Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулах зэрэг бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Айлчлалын үеэр талууд олон улсын болон бүс нутгийн тулгамдаж буй асуудлаар санал солилцоно.

Айлчлалын зорилго

БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гарах хүлээлттэй байна. Үүнд талууд олон улсын дэг журмын тогтвортой байдлыг хангах асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Судлаач Нелсон Вонгийн үзэж буйгаар, энэхүү айлчлалын бас нэг зорилго нь Хятад улс нь дэлхийн томоохон гүрний нэг болохын хувьд бие даасан гадаад бодлого явуулдаг болохоо дэлхий дахинд, ялангуяа Бээжингийн Москвагийн талаар баримталдаг бодлогыг нь шүүмжилдэг орнуудад харуулах явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top