Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин
Дэлхий "хавтгайрч", хаашаа хэзээ ч яваад очиход нэг их төвөггүй болсон өдгөө цагт манайхны хөл хүрээгүй газар ховор болсон доо. Хүн бүрийн аяллын зорилго өөр өөр. Зарим нь түүх дурсгал, барилга, хөшөө, сүм хийд, зарим нь музей, парк , өөр нэг нь байгалийн үзэсгэлэн, далай тэнгис, наран шарлага, эсвэл дэлгүүр хоршоо гээд янз бүрийн сонирхолтой.
Миний хувьд зорьсон нутаг, зочилсон газрынхаа спортын хамгийн алдартай цэнгэлдэх, ордон, дурсгалт, түүхт газар заавал очиж, хийморио сэргээдэг.
За мэдээж Сербид , Белградад бол хамгийн түрүүнд л "Црвена звезда"-г "занасан".
Хуучин Югослав, эдгүүгийн Сербийн хамгийн алдар цуутай хөлбөмбөгийн клуб гэвэл "Црвена Звезда" ( серби хэлээр "Улаан од" ) буюу "FC Red Star".
Дэлхийн II дайн төгсөх тийшээ хандаж байсан 1945 оны гуравдугаар сард Югославын залуучуудын спортын холбоо "Црвена звезда" спорт клубийг байгуулж байж. Сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол, усан поло, шатар, хөнгөн атлетик, ширээний теннис гэсэн спортын долоон төрлөөр анх байгуулсан нийгэмлэг (Спортско друштво Црвена звезда) одоо 31 спортын төрлөөр 36 багтай болжээ.
Эдний хамгийн том нь хөлбөмбөгийн "Улаан од" баг. Хуучин Югославын аварга цолыг 24 удаа хүртэж, цомын аваргаар 21 удаа тодорч байсан баялаг түүхтэй энэ баг Сербийн супер лигид 10 удаа түрүүлжээ.
1979 онд УЕФА-ийн цомын финалд үлдэж Европт танигдаж эхэлсэн бол 1991 онд "Аваргуудын лигт" түрүүлж, мөн тэр ондоо "Тив хоорондын цом"-д түрүүлж, дэлхийн хөлбөмбөгт дээгүүр эрэмбэтэй болсон билээ.
Энэ багаас Райко Митич, Драган Жаич, Драган Стойкович, Синиша Михайлович, Деян Станкович, Роберт Просинечки, Дарко Панчев гээд үе үеийн шилдэг хөлбөмбөгчид төрөн гардаг уламжлалтай.
"Црвена звезда"-ийн фанатууд бас л дуулиантай, шуугиантай нөхдүүд байдаг. Райко Митичийн нэрэмжит 55,000 хүний суудалтай цэнгэлдэхээ өөрсдөө бол "Маракана" гэж нэрлэдэг билээ.
Сэтгэгдэл ( 0 )