Аавыг минь бурхан болсноос хойш гурван жилийн дараа эмээ маань өнгөрсөн. Тэр болтлоо аавыг бурхан болсон гэдгийг мэдээгүй, хэлээгүй гэдэг. Одоо бодоход эх хүн зөнгөөрөө том хүүгээ үгүй болсон гэдгийг мэдэж, мэдэрсэн л байх даа, хөөрхий.
Амьдралдаа ганцхан удаа л уулзсан аавын минь ээж ямар хүн байсан бол гэж хааяа боддог, их ховор. Учир нь, би эмээгийнхээ дүр төрх, царай зүсийг нь бараг л санадаггүй юм.
Ер нь, эмээтэй өнгөрүүлсэн дурсамж бараг байхгүй болохоор тэр хүнийг тэгтлээ их санаж, үгүйлж байсангүй. Хаа нэг эрх барьсан эмээ нарыг харахаар л зурвасхан бодол, дурсамж орж ирдэг гэх үү дээ.
Би дөрөв, таван настай л байсан санагдана. Тэр жил их хүйтэн өвөл болсон юмдаг. Цас хашааны дайтай хунгарласан байж билээ. Эмээ маань гэрээс бараг л гарахгүй. Эрх эргүүлж, маани хөгжөөгөөд суучихдагсан. Үлгэр, домог их ярьж өгнө. Бүүр түүрхэн ийм л дурсамж үлджээ.
Ажлын цонхоор таяг тулж, эрх барьсан эмээг хараад аавынхаа ээжийг бодлоо, даанч ДУРСАХ ДУРСАМЖ ҮГҮЙ ШАХАМ юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )