Тамир Амарбаясгалан
1986 онд болсон сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь анх удаагаа баруун Европт зохион байгуулагдсан бөгөөд 1954 оноос хойш анх удаа АНУ-ын шигшээ баг түрүүлсэн билээ. Хоёрдугаар байранд ЗХУ-ын шигшээ баг, Югославын шигшээ баг хүрэл медалийн болзол хангасан юм.
Энэ удаагийн финалын тоглолт нь өмнөх 1982 оны финалын давталт болсон юм. АНУ-ын шигшээ баг ЗХУ-ын шигшээ багийг хожиж, ийнхүү 32 жилийн дараа аварга болсон түүхтэй. Энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 1986 оны 7 сарын 5-20 өдрүүдэд Испанид болсон бөгөөд Сарагоса, Феррол, Малага, Тенерифе, Барселона, Овьедо болон Мадрид хотуудад зохион байгуулагдсан юм. Мөн анх удаагаа 24 баг өрсөлдсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Зохион байгуулагч орон болох Испани, өмнөх дэлхийн аварга ЗХУ, Европ тивээс шалгарсан 5 баг болох Итали, Герман, Нидерланд, Грек болон Израйлийн шигшээ багууд оролцсон бол Өмнөд Америкаас 3 баг- Бразил, Уругвай болон Аргентин, Төв Америкийн бүсээс мөн 3 баг болох Пуэрто-Рико, Панам, Кубын шигшээ багууд оролцсон юм. Ази тивээс шилдэг 3 баг шалгарсан бөгөөд Солонгос, Хятад, Малайзын шигшээ багууд оролцсон юм. Тухайн үедээ Малайзийн шигшээ баг Азийн аваргад 4-р байранд орсон бөгөөд аварга баг болох Филиппиний шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос татгалзсан учир Малайзын шигшээ багт оролцох боломж гарч ирсэн. Африк тивээс 2 баг шалгарсан бөгөөд тэдгээр нь Зааны ясан эргийн улс болон Анголын шигшээ багууд байсан. Хойд Америкийн бүсээс АНУ болон Канадын шигшээ багууд шалгарсан юм. Мөн урилгаар буюу цагаан хуудсаар 2 багийг урьсан бөгөөд тэдгээр нь Францын болон Шинэ Зеландын шигшээ багууд байсан. Харамсалтай нь Шинэ Зеландын шигшээ баг урилгыг хүлээж авахаас татгалзсан учир Чехословакийн шигшээ баг оронд нь оролцож байсан түүхтэй.
24 баг нь 6 багаар 4 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсгээсээ 3 шилдэг баг нь шалгарч байсан бөгөөд шилдэг 12 баг нь мөн л 6 багаар 2 хэсэг болон хуваагдаж байсан юм. Энэхүү хэсгээс шилдэг 2 баг нь хагас шигшээд шалгарч байсан бөгөөд хагас шигшээд хоорондоо солбилцож тоглосон. Хожсон 2 нь аваргын төлөө, хожигдсон 2 нь хүрэл медалийн төлөө тоглосон юм.
Бразил, Испани, Грекийн шигшээ багууд эхний А хэсгээс шалгарсан бол ЗХУ, Израиль, Кубын шигшээ багууд В хэсгээс эхний 3 байр эзэлж шалгарсан юм. Эдгээр хэсгүүдэд Франц болон Австралийн шигшээ багууд хэсгээсээ шалгарч чадаагүй юм. С хэсэгт АНУ-ын шигшээ баг ганц ч хожигдолгүй төвөггүйхэн шалгарсан бол тус хэсгээс Итали болон Хятадын шигшээ багууд топ 3-т орж дараагийн шатанд шалгарсан юм. D хэсгээс Югослав шигшээ баг 100% амжилтаар шалгарсан бол 2,3 байранд Канад болон Аргентиний шигшээ багууд орж шалгарсан байна.
Хагас шигшээ шатны хэсгийн тоглолтууд сенсациар эхэлсэн. Аргентиний шигшээ баг АНУ-ын хүчирхэг багийг 74:70 харьцаатай хожсон юм. Ингэснээр АНУ-ын шигшээ баг үлдсэн тоглолтуудаа заавал хожих хүндхэн даалгавартай болсон юм. NBA-д ирээдүйд одууд болсон Дэвид Робинсон, Кенни Смит, Чарльз Смит, Магси Боугз, Стив Керр нарын тоглогчдоос бүрдсэн АНУ-ын шигшээ багийнхан дараагийн тоглолтонд Канадын шигшээ багийг 77:65, Югославын шигшээ багийг 69:60 харьцаатай хожиж хэсгээсээ 1-ээр шалгарч гарсан юм. 2-р байранд Югославын шигшээ баг орсон.
Хагас шигшээ шатны нөгөө хэсэгт ЗХУ-ын шигшээ багийн давамгайллаар өндөрлөсөн юм. Тэд Бразилийн шигшээ багийг 110:101 хожиж, хэсгээсээ 1-ээр шалгарсан. Бразилийн шигшээ баг 2-р байранд орж чадсан юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн намхан тоглогч оролцож байсан нь АНУ-ын шигшээ багийн тоглогч Магси Боугз байсан бөгөөд түүний өндөр нь ердөө л 1.59 метр байсан юм. Тэрээр уг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд уран гоё тоглолтоороо Испанид цугласан хөгжөөн дэмжигчдийн хайрыг татаж чадсан.
Хагас шигшээгийн эхний тоглолт тийм ч өрсөлдөөнтэй болсонгүй, АНУ-ын шигшээ баг Бразилийн шигшээ багийг 96:80 харьцаатай хөнгөхөн хожиж шигшээд шалгарсан. Харин 2 дахь хагас шигшээ багийн тоглолт үнэхээр өрсөлдөөнтэй, жинхэнэ сонгодог тоглолт болсон юм. ЗХУ-ын шигшээ баг Югослав шигшээ багтай тулсан. Үндсэн цагт багууд тэнцээгээр дуусгаж нэмэлт цагт 91:90 харьцаатай ЗХУ-ын шигшээ баг хожиж финалд шалгарсан юм. Уг тоглолтонд ЗХУ-ын шигшээ багийн лидер Арвидас Сабонис 25 оноо авч багаа тэргүүлсэн юм. Уг нь тоглолтын үндсэн цаг дуусах дөхөж байхад Югославын шигшээ баг 9 оноогоор тэргүүлж байсан боловч ЗХУ-ын шигшээ багийн тоглогчид 3 дараалж 3 онооны шидэлтийг оновчтой хийж тооны харьцааг 85:85 болгож тэнцүүлж цаг сунгасан түүхтэй.
Хүрэл медалийн төлөөх тоглолтонд Югославын шигшээ баг Бразилийн шигшээ багийг 117:91 харьцаагаар хөнгөхөн хожиж хүрэл медалийн болзлыг хангасан бөгөөд уг тоглолтонд Дражен Далипагич 32 оноо авч багаа тэргүүлсэн бол Дражен Петрович 23 оноо авч байсан юм.
Финалын тоглолт нь 1982 оны финалын тоглолтын давталт болсон бөгөөд 1982 оны финалд ЗХУ-ын шигшээ баг 95:94 харьцаатай хожиж дэлхийн аварга болж байсан түүхтэй юм. Энэ удаа АНУ-ын шигшээ багийнхан хариу даагаа нэхэхийг их хичээсэн нь талаар болсонгүй. Тоглолт эхлэхэд л тэд тэргүүллийг авч эхэлсэн бөгөөд завсарлага болоход 48:38 харьцаатай илүүрхэж байв. Гэхдээ тоглолтын төгсгөлд ЗХУ-ын шигшээ баг тооны харьцааг нилээн ойртуулж бараг барих дөхсөн ч тэдэнд хугацаа үлдээгүй 87:85 харьцаатай хожигдсон юм. Уг тоглолтонд Кенни Смит 23 оноо авч багаа тэргүүлсэн бол Дэвид Робинсон 20 оноо авч багтаа том хувь нэмэр оруулсан байна.
Сүүлийн 6 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5-д нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч ялсан багаас тодроогүй юм. Энэ удаад ч мөн ялсан багаас биш 3-р байранд орсон багаас тодорсон юм. Энэ тоглогч бол Дражен Петрович байсан юм. Анх 1983 онд шигшээ багтаа тоглож эхэлсэн бөгөөд 1984 оны Лос-Анжелесийн олимпийн наадамд багтайгаа хамт хүрэл медаль хүртэж байсан бөгөөд 1986 оны дэлхийн аваргад оноо цуглуулдаг тоглогч нь байлаа. Тэрээр тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтонд Шинэ Зеландын шигшээ багийн эсрэг хийхдээ 34 оноо авч байсан бол Малайзын шигшээ багийн эсрэг 21 оноо, Нидерландын шигшээ багийн эсрэг бүр 47 оноо, Канадын шигшээ багийн эсрэг 36 оноо авч байсан юм. Дараагийн шатанд Италийн шигшээ багтай тоглоход 15 оноо авсан бол АНУ-ын шигшээ багт хожигддог тоглолтонд дөнгөж 12-хон оноо авсан юм. ЗХУ-ын шигшээ багийн эсрэг тоглосон хагас шигшээ тоглолтонд тэрээр 29 оноо авсан боловч баг нь хожигдсон бөгөөд хүрэл медалийн төлөөх тоглолтонд Бразилийн шигшээ багийн эсрэг тоглохдоо 23 оноо авсан түүхтэй.
Дражен Петрович нь Дэвид Робинсон (АНУ), Валерий Тихоненко, Арвидас Сабонис (2-уулаа ЗХУ), Оскар Шмидт (Бразил) нартай цуг шилдэг тоглогчдоос бүрдсэн бэлэгдлийн шигшээ багийн бүрэлдэхүүнд нэрлэгдсэн юм.
Энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт үнэхээр үзүүштэй, маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өнгөрсөн юм. ЗХУ-ын шигшээ баг аварга цолоо хамгаалж 4 дэх удаагаа аварга цол авах хүсэлтэй байсан бол АНУ-ын шигшээ баг ялалтаар ангаж цангасан 1954 оноос хойш аваагүй аваргын титмийн төлөө юугаа ч хийхээс буцахгүй болсон байдалтай талбайд гарцгаасан юм. Тоглолт эхлээд л АНУ-ын шигшээ багийнхан Кенни Смит болон Дэвид Робинсон нарын ачаар 12:4, 22:12 гээд тэргүүлж эхэлсэн юм. Гэхдээ ЗХУ-ын шигшээ багийнхан хариуг нь сайн барьж хэд хэдэн удаа 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж оноог 26:25 болгож ойртуулсан юм. Гэхдээ Америкийн сагсчид эргэж сайн тоглосны хүчинд завсарлага болоход тооны харьцааг 48:38 болгож холдуулсан юм. Тоглолтын 2-р үе эхлэхэд Америкийн сагсчид илүү сайн тоглож тоглолт дуусахад 8 минут дутуу байхад тооны харьцааг 78:60 болгож холдуулсан юм. Энэнээс хойш Америкчууд тайвширсныг ашиглаж Арвидас Сабонис болон Вальдемарс Хомичюс нарын тэргүүтэй ЗХУ-ын шигшээ багийнхан идэвхтэй тоглож эхэлсэн бөгөөд тоглолт дуусахаас 2:30 минутын өмнө тооны харьцааг 81:77 болгож ойртуулж чадсан юм. Энэнээс хойш Хомичюсын 3 онооны 2 шидэлт нь амжилттай болж тоглолт дуусахаас 53-хан секундын өмнө тооны харьцааг бүр 85:83 болгож ойртуулсан юм. Ингээд Смитийн шидэлт амжилттай болж ЗХУ-ын шигшээ багийн довтолгоо амжилтгүй болсон юм. Сергей Таракановын шидэлт цагираганд орсонгүй, 15 секунд үлдсэн байлаа. АНУ-ын довтолгоог Хомичюс таслаж чадсан бөгөөд Валдис Валтерст бөмбөгийг дамжуулсан бөгөөд Валтерс цаг дуусах мөчид шидсэн боловч бөмбөгөө цагирганд оруулж чадаагүй юм. Ингэснээр АНУ-ын шигшээ баг 32 жилийн дараа дахин дэлхийн аварга цолыг хүртсэн билээ.
Энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бас хэд хэдэн онцлох тоглогчид тодорсон юм. Австралийн шигшээ багийн тоглогч Эндрю Гэйз 21 насандаа анх удаагаа энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд хожим нь 5 удаагийн олимпийн наадамд оролцсон 7-хон тоглогчдийн нэг нь болсон түүхтэй. Тэрээр энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд Кубын эсрэг хийсэн тоглолтонд 12 оноо авсан бол Уругвайн эсрэг 9 оноо, Израилийн эсрэг 37 оноо, ЗХУ-ын эсрэг 16 оноо тус тус авч байсан байна. Харамсалтай нь түүний баг нь хэсгээсээ шалгарч чадаагүй бөгөөд хэсэгтээ 4-р байранд орсон юм. Гэсэн хэдий ч Эндрю Гэйз дэлхийд өөрийгөө таниулж чадсан юм.
Мөн энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа шигшээ багтайгаа тоглож эхэлсэн бас нэг дэлхийн томоохон од бол Никос Галлис юм. Тэрээр энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохоос өмнө 1983 болон 1984 оны тэмцээнүүдэд шигшээ багтаа 30 оноо дунджилж гайхалтай амжилтыг үзүүлж байсан юм. Никос Галлис нь энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо Панамын шигшээ багийн эсрэг тоглолтонд 53 оноо авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд нэг тоглолтонд хамгийн их оноо авсан рекордыг тогтоосон юм, Францын эсрэг 34 оноо, Испанийн эсрэг 23 оноо, Бразилийн эсрэг 25 оноо, Солонгосын эсрэг 43 оноо тус тус авч эхний шатны тоглолтуудаа дуусгасан юм. Хоёр дахь шатны тоглолтууддаа ЗХУ-ын шигшээ багийн эсрэг 32 оноо авсан бол Кубын эсрэг 18 оноо, Израилийн эсрэг 20 оноо, Аргентиний эсрэг 40 оноо, Хятадын эсрэг 49 оноо тус тус авсан юм. Тэрээр уг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 33.7 онооны дундаж авсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бас нэгэн рекорд байсан юм. Өмнөх рекордыг 1970 онд Солонгосын сагсчин Па Шин Дон 32.6 оноо дунджилж байсан амжилтаар тогтоож байсан түүхтэй. 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнөх бүх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд нэг тоглогч нэг тоглолтонд 40-өөс дээш оноо авсан тохиолдол нийт 7-хон удаа тохиолдож байсан бөгөөд хамгийн их оноо авсан тоглогч нь 1978 онд Панамын шигшээ багийн эсрэг тоглож байсан Чехословакийн сагсчин Камил Брабенек 44 оноо авч байсан гэнэ. Гэтэл 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг тоглогч нэг тоглолтонд 40-өөс дээш оноо авсан тоглолт 10 байсан бөгөөд үүний 4-т нь Никос Галлис дангаараа хийж байсан түүхтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )