Эрчээ авч буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөг

Админ | Zindaa.mn
2023 оны 07 сарын 03

Ц.ЭнхтүвшинТаван цагариг сонин

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн бөмбөрцгийн өмнөд хагаст , бүүр тодруулбал Австрали, Шинэ Зеландад энэ долдугаар сарын 20-нд эхэлж, бүтэн сар үргэлжилнэ.

Жилээс жилд өргөжин дэвжиж, эрчээ авч буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүх, хөгжил дэвшлээс бага ч болов сонирхуулая.

Ер нь бүсгүйчүүд хөлбөмбөг тоглож байсан түүх хөлбөмбөгтэй төстэй тоглоом тоглож байсны баримт, эх сурвалж олдсон Хань гүрний үеэс ( МЭ 25-220) эхэлдэг. Товчдоо бол хөлбөмбөг байсан цагт эмэгтэйчүүд тодорхой хэмжээгээр тоглож л байсан аж.

Харин орчин үеийн хэлбэрийн хөлбөмбөгийг 1790-ээд онд Шотландад тоглож байсан бөгөөд 1881 онд эмэгтэй хөлбөмбөгчдийн анхны олон улсын тоглолт Шотландын Эдинбург хотноо Шотланд-Английн хооронд болсон гэдэг.

Хорьдугаар зууны эхээр эмэгтэйчүүдийн хөлбөмбөг нилээд түгээмэл болж Англид үйлдвэрийн ажилчин бүсгүйчүүдийн дунд 1917 онд буюу Орос оронд Октябрийн хувьсгал гардаг жил, манай Ардын хувьсгалаас бүүр дөрвөн жилийн өмнө "The Munitionettles Cup" гэдэг томоохон тэмцээн болж байж. Энэ тэмцээн жил болгон уламжлал болон явагддаг болж, оролцох багуудын тоо нэмэгдэж, цэнгэлдэхэд тоглолт бүрд 20 000 гаран үзэгчид ирэх болжээ.

Английн хөлбөмбөгийн холбооны эрх дархтанууд, ялангуяа эмэгтэйчүүдэд байр сууриа хуваалцах дургүй хүмүүс эрэгтэйчүүдийн хөлбөмбөгт саад учруулна гэсэн шалтгаанаар эмэгтэй багуудын тоглолт, тэмцээнийг хөлбөмбөгийн талбайд хийхийг хориглох шийдвэр 1921 онд гаргажээ. Энэ "шийтгэл" 1970 он хүртэл  бараг хагас зуун жил үргэлжилсэн нь харамсалтай. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хориглох шийдвэрийг зөвхөн Английн хөлбөмбөгийн холбоо ч гаргаж байсангүй. Германд 1955-1970 онд, Францад 1941-1970 онд, Бразилд 1941-1979 он хүртэл охид, бүсгүйчүүдийг " алаг бөмбөг" хөөх эрхийг хориглож, алаг үзэж байжээ.

Гэвч булавч бултайна, даравч далдайна гэгчээр 1970-аад оноос эмэгтэйчүүдийн хөлбөмбөг дахин сэргэж эхлэв. 1969 онд Английн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн холбоо( The English Women's FA) , 1970 онд Италийн Туринд Европын эмэгтэйчүүдийн холбоо тус тус байгуулагдав. 1970 онд эмэгтэй хөлбөмбөгчдийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн ( албан ёсны бус) Италид болж 7 орны баг оролцож, Дани, Итали, Мексикийн бүсгүйчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Анхны  албан ёсны бус эмэгтэйчүүдийн ДАШТ Италид болсон нь бас учиртай. 1970 онд Италид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн мэргэжлийн анхны лиг зохиогдож, бусад орноос анхны легионерүүд Италийн лигид ирж байсан юм билээ.

Үүнээс 21 жилийн дараа буюу 1991 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоо -ФИФА анхны албан ёсны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг БНХАУ-д зохион байгуулж, АНУ-ын бүсгүйчүүд анхны дэлхийн аварга цолыг хүртэж байлаа.

Анхны ДАШТ-д 12 орны баг оролцож байсан бол 1999 оноос 16 баг, 2015 оноос 24 баг, энэ жилээс 32 шилдэг баг ДАШТ-д оролцдог болж байна.

Одоогоор 1999 оны ДАШТ үзэгчдийн тоогоор тогтоосон рекорд хэвээр байгаа ( Нэг тоглолтыг дунджуур 37 944, хамгийн их нь 90 185 үзэгч) бөгөөд хамгийн сүүлд 2019 онд Францад болсон ДАШТ-ийг нийтдээ 1,12 тэрбум үзэгч " цэнхэр дэлгэцээр" үзсэн байна.

2015 оны ДАШТ-ий финалыг ( АНУ-Япон) Америкт 23 сая үзэгч ТВ-ээр үзсэн нь 2015 оны НБА-ийн финал, Стэнлийн цомын финалаас ч илүү юм.

Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шагналын сан мөн л жилээс жилд нэмэгдэж байгаа.

"Австрали-Шинэ Зеланд 2023" ДАШТ-ийн шагналын сан 150 сая ам.доллар хүрсэн нь 2015 оныхтой харьцуулбал 10 дахин, 2019 оныхтой харьцуулбал хоёр дахин нэмэгдээд байна.

Шагналын тодорхой хэсэг тоглогчдод шууд өөрт нь очино. Тухайлбал ДАШТ-д оролцож буй 736 тоглогч тус бүр хамгийн багадаа 30 000$ авна. Харин Дэлхийн аварга болсон багийн 23 тоглогч тус бүр 270,000 $ хүртэх юм. Мөн түрүүлсэн орны хөлбөмбөгийн холбооны дансанд 4,29 сая $ орно. Нэг үгээр хэлбэл Дэлхийн аварга багийн шагнал 10,5 сая $ бөгөөд үүнээс 6,21 сая нь тоглогчдод шууд, 4,29 сая нь холбоонд нь очих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top