ДЭМБ-ын дэмжлэгээр дөрвөн эмнэлэг ариутгалын хяналтын иж бүрдэлтэй боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 12

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж буй эмнэлгүүдэд  мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, халдварын хяналт, сэргийлэлтийг сайжруулахад туслах мэс заслын гар угаалтуур, ариутгалын хяналтын иж бүрдлийг өчигдөр   гардууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлэх зорилгоор ”Аюулгүй мэс заслын үйл ажиллагааны  хүрээ 2021-2030” батлан гаргасан. Энэ хүрээнд тус байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс Бэлвэдэр хэмээн нэрлэгддэг кесарев хагалгаа, лапаротоми/хэвлийн хөндийн нээлт, мөчдийн ил хугарлын эмчилгээний мэс заслын тусламж, үйлчилгээг иргэнд хоёр цагийн дотор үзүүлэхийг зөвлөмж болгодог.

Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам,  Монголын мэс засалч эмч нарын холбоотой хамтран “Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх” төслийг 2021 оноос Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тариат сумын Эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлж буй юм. Төслийг хэрэгжүүлж буй эдгээр эмнэлгүүдэд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр өнөөдөр гардуулсан мэс заслын гар угаалтуур, ариутгалын хяналтын иж бүрдэл нь  282.6 сая төгрөгийн үнэтэй бөгөөд мэс заслын тусламж үйлчилгээг иргэнд яаралтай үзүүлэхэд чанар, аюулгүй байдлыг хангах, ариутгалын хяналтыг иж бүрнээр нь хийхэд ихээхэн чухал ач холбогдолтойг мэргэжлийнхэн онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top