Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн тавдугаар сард Английн Pearson байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Pearson байгууллагын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр (Pearson BTEC International IT Level 3)-ийг энэ хичээлийн жилээс зургаан политехник коллежид нэвтрүүлэхээр болсон юм.
Энэ ажлын хүрээнд Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Техник технологийн дээд сургууль, Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Дорнод аймгуудын политехник коллежууд олон улсын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлэх төв болох эрхийн цахим сургалтад хамрагдаж байна.
Түүнчлэн ирэх 9 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Pearson BTEC-ийн олон улсын сургагч багш нар Монгол Улсад ирж, политехник коллежийн мэдээллийн технологийн багш нарт сургалт явуулна. Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид үндэсний болон олон улсын мэргэжлийн дипломтой төгсөх бөгөөд ажлын байранд шууд гаран ажиллах эсвэл дотоодын болон гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болох юм.
Pearson BTEC хөтөлбөр нь дэлхийн 70 гаруй орны 300 гаруй их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн. Ажил олгогчид болон их дээд сургуулиудын хайж буй мэдлэг, ур чадварыг ажлын байрны бодит нөхцөл байдалтай уялдуулан чанарын өндөр түвшинд олгодог давуу талтай. Тус хөтөлбөрөөр жил бүр 1 сая суралцагч төгсөж байна.
Сэтгэгдэл ( 0 )