Хөвсгөл нуурт живсэн ЗУРГААН тээврийн хэрэгслийг гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургадугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх газар орон дээр нь ажиллаж, татан гаргах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

Татан гаргах ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн ОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангиудын алба хаагчид томилогдон үүрэг гүйцэтгэж байна.

Татан гаргах ажиллагаанд ашиглагдах фермийг дэд ажлын хэсгийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээж өөрсдөө хийсэн бөгөөд эрдэмтэн, судлаач болон цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгааанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн 6 техник хэрэгслийг татан гаргалаа.
 


Тодруулбал, Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит трактор, Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс 2500 орчим метр зайтай, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн 58-12ХӨ улсын дугаартай (Ч47-13) “ЗИЛ-130” загварын 17.8 тонн жинтэй чиргүүлтэй автомашин, Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл, Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашин, 1981 онд живсэн 74 метрийн гүнээс Зил-130 автомашиныг тус тус татан гаргасан юм.

Татан гаргасан эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгах ажлыг зохион байгуулж, нуурын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр орууллаа.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pio(83.226.150.154) 2023 оны 08 сарын 23

Хамт зөндөө хүн үхсэн. Тэр нь гарж ирсэн болов уу ? Мөн Барон Унгерний алт мөнгөн ачсан морин тэргүүд ч живсэн гэсэн шүү

0  |  0
.(66.181.191.106) 2023 оны 08 сарын 22

Маш их сайн

1  |  0
Zochin(103.161.242.188) 2023 оны 08 сарын 22

Uschin daichiddqa bayar hurgey

1  |  0
Top