Д.Гантөмөр: Капитал банкны өрийг барагдуулахад 104.6 тэрбум төгрөг хангалтгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

Капитал банкны захирал асан А.Ариунболд нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр болсон. Тус хэргийн анхан шатны шүүхээс А.Ариунболдыг банкыг төлбөрийн чадваргүй болгох хэргийг дангаараа үйлдсэн гэж үзээд Капитал банкны орлогч Б.Янжин болон зээлийн газрын дарга С.Дэлгэрцэцэг нарыг цагаатгах шийдвэрийг гаргасан юм.

Харин прокуророос А.Ариунболдод 3.6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж 104.6 тэрбум төгрөгийг гаргуулах саналыг гаргаад байсан хэдий ч анхан шатны шүүхээс түүнийг 104.6 тэрбум төгрөгийн 99 гаруй тэрбумыг төлсөн учир 2 жилийн тэнсэн харгалзах ял оноож, үлдсэн 5.3 тэрбум төгрөгийг банкны эрх хүлээн авагчид олгох шийдвэр гаргасан юм. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс 5.3 тэрбум төгрөг нь Капитал банкны өрийг бүрэн дарахад хүрэлцэхгүй гэж үзэн давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. 

Энэ талаар банкны эрх хүлээн авагчийн өмгөөлөгч Д.Гантөмөрөөс тодруулахад "А.Ариунболд түүний хамаарал бүхий компаниудын нэр дээрх шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эд хөрөнгүүдээс 5.3 тэрбум төгрөгт дүйцэх хэмжээний хөрөнгийг үлдээж бусад хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг сэргээхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шинжээч хохирлын хэмжээг тогтоохдоо Хөгжлийн банк, Монголбанк, Сангийн яаманд төлөх нийт 130.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийг банкны өр төлбөрөөс хассан нь үндэслэлгүй. Хэрэг энэ байдлаар эцэслэн шийдвэрлэгдэх тохиолдолд төрийн байгууллагуудын хохирол цаашид төлөгдөхгүй үлдэж, хохирох эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс Дээд шүүхэд гомдол гаргана.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч 104.6 тэрбум төгрөг гэж гаргахдаа бусдад өгөх Капитал банкны өр төлбөрөөс санхүүгийн тайланд байсан 130.0 тэрбум төгрөгийг хассан. Тиймээс шүүхээс тогтоосон 104.6 тэрбум төгрөг дээр хасаад байгаа 130.0 тэрбум төгрөгийг нэмж өгөөчээ гэдэг үндэслэлийг гаргасан. Энэ бол эрх хүлээн авагчаас хүлээн авах ёстой төрийн байгууллагуудын мөнгө" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top