3, 4 дүгээр ангийн бүх сурагч математикийн сургалтыг дэмжих “Eduten” платформыг ашиглана

2023 оны 08 сарын 22

Боловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг 2022-2023 оны хичээлийн жилд амжилттай туршлаа. Туршилтад нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдсан.

Финландын экспертүүд энэ зун манай улсад ажиллаж, туршилтын үр дүнг нэгтгэн, тайлан мэдээллийг БШУЯ-нд хүлээлгэн өгсөн.Eduten платформын туршилтын 3 дахь долоо хоногт явцын үнэлгээ хийж үзэхэд сурагчид 863 мянган бодлого бодсон байв. 7 хоногт 1 сурагч дунджаар 423 бодлогыг зөв бодож, 1 цаг 35 минут зарцуулсан. Сурагчид 7 хоногт ордог математикийн хичээлийн зөвхөн 1 цагийг энэ платформ дээр ажиллахад зарцуулж, сургуулийн мэдээлэл зүйн кабинет болон таблет ашиглаж байсан юм. Харин туршилтын эцсийн үр дүнгээс үзэхэд туршилтын бүлгийн суралцагчдын математикийн ур чадвар дунджаар 21.7 хувийн ахицтай байсан ба энэ нь хяналтын бүлгийн сурагчдынхаас ойролцоогоор 4 хувиар илүү буюу энэ платформ суралцагчдын математикийн ур чадварын хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгаа нь ажиглагдсан.

Судалгаанд хамрагдсан сурагчдын 98.5 хувь, эцэг, эх, асран хамгаалагчдын  89.7 хувь, багш нарын 86.6 хувь, удирдах ажилтнуудын 90.5 хувь нь математикийн сургалтын чанарыг сайжруулахад бодит дэмжлэг болж байна гэж үзсэн. Багш, суралцагч, эцэг эх, сургуулийн удирдлагын сэтгэл ханамж маш сайн, энэхүү платформыг цаашид сургалтад ашиглах боломжтой гэж дүгнэсэн. Энэхүү платформ нь багшийн ачааллыг бууруулахад бодитой дэмжлэг үзүүлж байсан. Тодруулбал, багш нарын 80% нь, удирдах ажилтны 81% нь багшийн ачааллыг бууруулж байна гэж үзсэн. Ингээд туршилт амжилттай хэрэгжсэн учир 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 3 болон 4 дүгээр ангийн сурагчдыг энэ хөтөлбөрт бүрэн хамруулахаар шийдвэрлэж байна.

Энэ үйл ажиллагааг баталгаажуулж өнөөдөр /2023.08.22/ хоёр тал хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү платформ нь математикийг айх айдасгүйгээр тоглоомын аргаар ойлгож авах, нэг бодлогыг олон аргаар бодож, асуудал шийдвэрлэх чадварт бие даан суралцдаг, хүүхдийг өөрөө суралцахуйн процессоо удирдах боломжтой болгохоос гадна багшийн хэрэглэгдэхүүн бэлдэх, анализ боловсруулах ажлын ачааллыг хөнгөлж, сурагчдын суралцах явцын тоон мэдээллийг шууд харуулдгаараа онцлогтой.

“Eduten” платформ нь хиймэл оюун ухаанд суурилсан байдлаар боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгаврын сантай. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем юм. Уг платформ нь ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртсэн.Дэлхийн 50 гаруй орны 1,3 сая багш, сурагч англи, япон, испани, португал, эстони, украйн, вьетнам зэрэг олон хэл дээр ашиглах боломжтой энэхүү ухаалаг системийг Монгол хэл дээр хөрвүүлж, хэрэглэх боломж нээгдэж ийнхүү байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top