Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Чуулганы оролцогчид өчигдөр (2023.08.22) Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдад ажиллаж, эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, санхүүжилтийн загвар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаатай танилцсан юм.
Өнөөдрийн хуралдааныг Ази Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумын ерөнхийлөгчийн төлөөлөгч, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга Донкун Шин нээв. Чиглүүлэгчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте ажиллалаа.
Хуралдааны эхэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх дүгнэлтийг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб танилцуулсан бол Төв аймгийн сумдад ажилласан талаарх танилцуулгыг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл мэндийн хууль, ёс зүйн парламентын зөвлөх Ёнчан Ким, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл мэндийн хууль, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Бен Лилли нар хийсэн юм.
Чуулганы оролцогчид Монгол Улсын Засгийн газраас өөрийн улс орны онцлогт тохирсон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох шинэчлэлийг хийж байгааг сайшаагаад парламентын дэмжлэг хүчтэй байгааг онцлон тэмдэглэв. Мөн орон нутагт ажиллах хүний нөөцийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, төвөөс алслагдсан малчин өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологийг ашиглан үзүүлж байгаа нь зарим улс оронд сайн туршлага болно гэдгийг хэлж байлаа.
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган “Бүс нутгийн хэмжээнд дэлхийн эрүүл мэндийн асуудалд парламентын гишүүдийн оролцоог онцлох” нь сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )