Улсын аварга малчид харилцан туршлага солилцов

2023 оны 08 сарын 25

Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөлтэй хамтран 21 аймаг, нийслэлээс Улсын аварга, хошой аварга малчдын төлөөлөл 22 малчныг оролцуулан Улсын аварга малчдын туршлага солилцох арга хэмжээг 2023 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий аймагт зохион байгуулав.

Тус арга хэмжээгээр Хэнтий аймгийн Хэрлэн сум дахь “МЕТАГРО” ХХК-ийн махны үхрийн бүрэн эрчимжсэн аж ахуй, Сүхбаатар аймгийн “Арга Түшиг” ХХК-ийн махны үхрийн хагас эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагаатай, Сүхбаатар аймгийн “Улсын аварга малчдын холбоо” ТББ-ын үйл ажиллагаа болон Хэнтий аймгийн Баянхутаг сумын гавьяат малчин Н.Гантуяагийн мал маллах арга туршлагатай тус тус танилцаж, харилцан туршлага солилцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун 21 аймаг, нийслэлийн улсын аварга малчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, мал аж ахуйн салбарын талаарх төрийн бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан ярилцаж, санал солилцов.

Улсын аварга малчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас туршлага судлах арга хэмжээг зохион байгуулж, хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хагас суурин мал аж ахуй эрхлэх, ногоон тэжээл тариалах зэрэг орон нутагтаа хэрэгжүүлж болох шинэ санаа, сайн туршлагыг олж мэдсэн тухай өгүүлэв.  

Мөн Дархан-Уул аймагт баригдаж байгаа арьс, шир боловсруулах үйлдвэрийг шуурхай барьж байгуулах, сумдад малын түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, мал, махны борлуулалтад анхаарах, улсын аварга малчдыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэх талаар санал хэлсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top