GAP гэдэг нь зай, завсар гэсэн утгатай үг

2023 оны 08 сарын 29

"Gap Year" гэдэг нь ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орох гэж буй сурагчид гурван сар болон түүнээс дээш хугацааг өөртөө зориулж, зорилгоо тодорхойлох, их сургуулийн түвшинд бэлтгэх, өөрийгөө болон дэлхий ертөнцийг илүү ихээр танин мэдэх зорилгоор төлөвлөгөө гаргаж, өөрсдийгөө дайчлан өнгөрөөх  хугацаа юм.

Дэлхий даяар 18-25 насны 230000 гаруй залуучууд “GAP Year” авдаг гэсэн судалгаа бий. Эдгээр залуус ихэвчлэн гадаад улс орноор аялах, ажлын туршлагатай болох, амьдралд нэн чухал хэрэгтэй чадваруудыг нэмэгдүүлэх зорилгыг өөртөө тавьдаг ажээ. Жилийн чөлөө авах үзэгдэл нь АНУ, Их Британи, Австрали улсын сурагчдын  дунд түгээмэл байдаг бөгөөд жилийн чөлөө авч буй сурагчдыг сургууль болон эцэг эхийн зүгээс олон талаар  дэмжлэг үзүүлэх нь улам нэмэгдсээр байна. Харин манай улсад "Gap Year" авна гэвэл "Бүтэн нэг жил алдах гэж үү" хэмээн хүмүүс гайхах нь элбэг. Гэвч "Gap Year" авсан хугацаагаа  үр бүтээлтэй өнгөрүүлж чадвал  "жил алдах" гэхээс илүүтэйгээр  "жил хожно" л гэсэн үг юм.

"GAP YEAR" АВДАГ ШАЛТГААН БОЛОН ДАВУУ ТАЛУУД

Ахлах сургуулиа төгсөөд гадаадад сурахаар  шийдсэн сурагчид "Gap Year" авч  шалгалтандаа сайн бэлдэх, өөрийн хүссэн сургуульдаа хүсэлт гаргасан ч тэнцээгүй тохиолдолд мөн ихэвчлэн өөрийн хүсэл сонирхолоо олоогүй, ямар мэргэжлээр суралцахаа мэдэхгүй  сурагчид жилийн чөлөө авдаг. Америкийн GAP холбооны судалгаагаар "Gap Year" авсан оюутнууд сурлагын хувьд илүү сайжирч, төгссөнийхөө дараа шууд ажлын байртай болох магадлал нь нэмэгдэж, мөн ирээдүйд юу хийхээ илүү сайн тодорхойлсон байдгийг олж тогтоожээ.

Дараах судалгаа нь Америкийн Гап (GAP) холбооноос гаргасан ба сурагчдын "Gap Year" авдаг шалтгаануудыг үзүүлэв. Нийт судалгаанд оролцсон сурагчдын:

92 хувь нь амьдралын туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх

85 хувь нь аялах, өөр орны соёлтой танилцах

51 хувь нь ирээдүйд юу суралцахыг хүсэж байгаагаа олж мэдэх

48 хувь нь сайн дурын ажил хийхийн тулд

41 хувь нь өөр орны хэл сурахын тулд

29 хувь нь ажлын туршлага хуримтлуулахын тулд

11 хувь  нь бусад шалтгаанаар "Gap Year" авдаг гэж хариулжээ.

 

С.НОМИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top