Туулай жилдээ заларсан ТУНАМАЛ ДҮРТЭЙ БОГД хэмээн олноо хайрлагдаж байгаа Богд Жэвзүндамба хутагтын 10 дугаар дүрийн хувилгаан 2023 оны наймдугаар сарын 28-ны өдөр Аюуш бурханы номын аймгийн монгол ламын жигдлэн найруулж Төвөдийн мэргэд дээдсүүдэд дамжуулсан "Эрдэнийн эрхи" авшиг хүртжээ.
Энэ талаар Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин Хийд "Дээрхийн гэгээн, Оройн дээд, Очирдара Богд Жэвзүндамба хутагтын 10 дугаар дүрийн хувилгаан, хэргийн тухайд алдарыг нь өгүүлэхүйд, Данзанжамбалчойживанчүг дээдэс бээр Монгол түмний их багш Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон Богдын хүрээний мэргэн гавж Лувсандаян ламтаны жигдлэн найруулж Төвөдийн мэргэд дээдсүүдэд дамжуулсан, Мажиг дүвбий жалмо хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурханы насны авшигийг багшаас шавьд,чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртлээ. 90 гаруй жилийн тэртээ Монгол орноос дамжсан ховор номын авшиг, Монгол орноо эргэн дэлгэрлээ.Энэхүү гайхамшигт буяны үрээр Дээдэс багш нарын өлмий өнөд бат оршиж, буяны саданг шүтэгч номын нөхөд дээдийн номын рашаанаар цэнгэж Бурхан бодитой Жэвзүндамба хутагт таны шашин зүг бүртээ дэлгэрэх болтугай" хэмээн олонд түгээлээ.
Тухайн өдөр Аюуш бурханы хот мандалд хоёронтоо сорогшингийн мод хаяхад мод хот мандлын урд, хойд зүгт буусан байна. Үүнтэй яг адил үйл явдал Дээрхийн Гэгээн XIV Далай багшийг бага залуу байхад нь тохиолдож байжээ.
Тэр үед Далай багшид авшиг хайрласан лам багш нь Далай лам урт наслаж, үйлс нь ихэд дэлгэрэхийн тэмдэг гарлаа гэж айлдаж байж. Тэр лам багшийн айлдсаны дагуу Далай багш үнэхээр өндөр насыг зооглож байгаа билээ мөн даян дэлхийд Бурханы шашныг дэлгэрүүлэх их үйлсийг зохиож яваа. Тиймээс X Богд Жавзандамба хутагт ч мөн адил урт наслаж, үйлс нь ихэд дэлгэрэх тэмдэг гарлаа хэмээн Жадо ринбүчи өгүүлсэн байна.