Л.Энх-Амгалан: Боловсролын салбар халамжийн салбар байж болохгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 03

Багш мэргэжлээр сурч байгаа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс дааж байгаа нь халамж биш гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Тэрбээр "Хүүхэд хаана амьдарч, хаана сурч байгаагаас үл шалтгаалж яавал чанартай боловсролыг олгох вэ. Чанартай боловсрол гэдэг бол чанартай багшийн асуудал. Тийм учраас багшийн тогтолцооны асуудлаа багшаа яаж бэлдэж, ямар хүүхэд багш болох юм, тэр хүүхдэд ямар шаардлага тавих, ямар хөтөлбөрөөр багш бэлдэх үү, багш бэлдэх сургууль ямар стандарт шаардлагуудыг хангасан байх вэ гээд тогтолцооны асуудлуудыг нэгдүгээрт хөндөж тавьж байгаа. Энэ бол хамгийн чухал асуудал

Хоёрдугаарт, багшийн тасралтгүй хөгжлийн асуудал. Яагаад гэвэл багшийн мэргэжил өөрөө их онцлогтой. Багш өөрөө ажлын байран дээр тасралтгүй хөгжиж байх ёстой. Тийм учраас кембриджтэй сүүлийн 2 жил хамтарч ажиллаж боловсролын шинэчлэлийн хүрээнд багш бэлтгэж байгаа тогтолцоо, багш бэлтгэж байгаа сургуулийн тогтолцоо хөтөлбөр стандартыг шинэчлэх ажлуудыг хийсэн.

Ер нь багшийн тасралтгүй хөгжлийн тогтолцоо гэдэг нь кембриджийн тогтолцоо. Төрийн гуравхан кембриджийн сургалттай сургууль дээр ямар их эрэлт байна. Тиймээс төрийн өмчийн 750 сургууль дээр хот хөдөөгийн сургууль гэж ялгахгүйгээр багшаа бэлддэг багш ажлын байран дээр тасралтгүй хөгждөг кембриджийн тогтолцоог бий болгоё гэж байгаа юм. 

Гуравдугаарт,  багшийн цалин хөлс багшийн нийгэм дэх үнэ цэн, нэр хүндийн асуудлыг яаж өргөх вэ гэдэг цогц бодлогын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Нийгэмд өрнөж байгаа хэлэлцүүлгүүдэд 4 жилийн багш болох хүүхдийн сургалтын төлбөр чухал биш 40 жил ажиллах багшийн ажлын цалин хөлсний үнэлэмжийн асуудал чухал байна гэж байна. 

Энэ бол маш чухал хэлэлцүүлэг. Хэзээ ч нийгэмд багшийн ажлыг хамгийн өндөр цалин урамшуулалтай хамгийн нэр хүндтэй ажил байна гэж хэлэлцүүлэг хийгдэж байгаагүй.  Энэ бол маш чухал үр дүнгээ өгсөн ажил боллоо гэж бодож байна. Боловсролын салбар бол халамжийн салбар байж болохгүй. 

Тийм учраас багш мэргэжлээр сурч байгаа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс дааж байгаа нь халамж биш.  Энэ бол боловсролын сэргэлтийн хөгжлийн бодлого стратегийн түвшинд төлөвлөж тооцоолж хийж байгаа бодлогын шийдвэр. 

Багшийг хөгжүүлэх, багшийг дэмжих, багшийн нийгмийн баталгааг сайжруулах 3 том тулгуур бодлогын зөвхөн нэгхэн хэсгийг таслан авч улс төрийн зорилгоор харлуулах, оноо цуглуулах ийм хэлбэрээр байр суурь илэрхийлж болохгүй гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bagsh(202.9.46.118) 2023 оны 09 сарын 03

Сайд аа ???? тэтгэврийн нас нь хуульд зааснаас 10 жилээр хэтэрсэн СУИС-н захирал сонинтогос чавганцыг яагаад зайлуулахгүй байна вэ ???!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Top