Монголын “Буяны зан үйлийн холбоо” ТББ, МУИС-ийн Түүхийн тэнхим, Улаанбаатар хотын Захирагчийн алба хамтран “Монголчуудын хойлгын зан үйл: Орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний IV хурлыг өчигдөр зохион байгуулав.
“Буяны зан үйлийн холбоо” ТББ өмнө нь 2018, 2019, 2022 онд гурван удаа эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын илтгэлүүдийг нэгтгэн “Монголчуудын хойлгын зан үйл” гурван боть номыг хэвлүүлэн олны хүртээл болгосон юм. Энэ удаагийн хуралд МУИС-ийн Түүхийн тэнхим, Археологи-Антропологийн тэнхим, Улаанбаатар хотын Захирагчийн алба, Шинжлэх ухааны академийн Түүх-Угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, БСШУЯ-ны харъяа Соёлын өвийн Үндэсний төв зэрэг байгууллагын эрдэмтэн, судлаач, багш, мэргэжилтнүүд оролцсон юм. Хурлын гол онцлог нь монголчуудын эрт, дунд болон орчин үеийн оршуулгын зан үйлийн цогц байдлаар авч үзэж, хувирал, өөрчлөлт, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны олон салбарын үүднээс судлан шинжилж, судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгож буйд оршиж байна.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд монголчуудын оршуулгын зан үйл бол нүүдэлчдийн ахуй амьдралын онцлогийг илэрхийлэх өвөрмөц соёлын нэг болохыг харуулж байна. Хурлын үр дүнд монголчуудын оршуугын зан үйлийг шинжлэх ухааны үндэстэй судлан шинжилж, дэлхий нийтийн чиг хандлага, үндэсний өвөрмөц онцлогтой уялдуулан тус салбарын цаашдын үйл ажилагааны зөв чиглэл, үйлчилгээг сайжруулах арга замыг тодорхойлох ач холбогдолтой. Нэг ёсондоо бид “Чимээгүй хот”-д амгалан нойрсогчдынхоо эрхийг зөрчиж буй юм биш биз. Монголчууд өөд болоочоо “тайван нойрсог, амгалан нойрсоорой” гэж хүсдэг, энэ бүхэн биелж байна уу гээд олон асуултыг хуралд оролцогчид хөндөн хэлэлцдэг.
МУИС-ийн Эрдэм шинжилгээний бодлого зохицуулалт, хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан захирал, түүхийн ухааны доктор, профессор П.Дэлгэржаргал хурлыг нээж хэлсэн үгэндээ “Энэ хурлын анхных нь 2018 онд болж байсан. Түүнээс хойш цувралаар амжилттай зохион байгуулагдаж, өдгөө дөрөв дэх хурлаа хийж байна. Дунд нь цар тахлын улмаас 1-2 жил өнжсөн тал бий. Өнөөдөр хүмүүс энэ хурлын талаар ойлголттой болж, зарим эрдэмтэн судлаач шинэ илтгэлээ зориулж бэлддэг, хүлээдэг болсон байна. Энэ хурал маань монголчуудын оршуулгын зан үйлтэй холбоотой асуудлыг эрдэмтэн судлаачид нь, мөн тухайн асуудлыг эрхэлж үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн болон ТББ-ууд, бодлогын түвшинд зангидаж байдаг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гээд хоорондоо уялдаа холбоо бүхий байгууллагуудын төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлж, илтгэлээ хэлэлцүүлж, ухаанаа уралдуулж, санал бодлоо солилцож байгаа нь чухал юм. Яагаад гэвэл нэг талд эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийгээд, асуудал дэвшүүлдэг, нөгөө талд бизнесийн байгууллага, ТББ-ууд нь тодорхой үйл ажиллагааг тусдаа хийгээд явдаг. Бодлогын түвшний байгууллагууд нь мөн тусдаа бодлого, шийдвэр гаргаад байдаг. Өөрөөр хэлбэл, хоорондоо уялдаа холбоогүй байсан. Ер нь энэ бол аливаа асуудлуудын хүрээнд нийгэмд түгээмэл байгаа зүйл. Гэтэл энэхүү эрдэм шинжилгээний хурал маань нэгдсэн байдлаар зохион байгуулж, улмаар уламжлал болж, нэг асуудал дээр төвлөрч хэлэлцдэгээрээ онцлог. Ер нь бол эрдэм шинжилгээний хурлыг тодорхой сэдвээр, уламжлал болгож зохион байуулах нь угаасаа онцгой ач холбогдолтой байдаг. Тиймээс ч дэлхийн улс орнуудад тодорхой асуудлаар, тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцдэг нэрд гарсан хурлууд ч байдаг. Хүмүүс урьдчилан бэлддэг, хуралд зорьж ирдэг, судалгааны болон бусад байгууллагууд хоорондоо ойлголцож, санаа бодлоо илэрхийлэхэд энэ нь чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс өмнөх хурлуудын нэгэн адил энэ удаагийн хурал ч гэсэн өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, тухайн асуудалд тодорхой шийдэл, дүгнэлт гаргаад явна” хэмээн хурлын зорилгыг тодотгосон юм.
Монголчууд ямар ч цаг үед өөд болоочийнхоо оршуулгын зан үйлд хүндэтгэлтэй хандаж, ихээхэн ач холбогдол өгч ирсэн. Энэ тухайд Монголын “Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Идэрмаа хэлэхдээ “Монголчууд бид эцэг эхээ сайхан нутаглуулсан хүний үр сад, ураг удам сайн явдаг хэмээн ярилцдаг. Насан өөд болсон хүмүүсээ гүн хүндэтгэлтэй, зөв зан үйлийн дагуу хөдөөлүүлснээр нэг ураг удам сайн сайхан явж чаддаг бол өдөр тутам оршуулгын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд бид нартаас буцаж байгаа хүн бүрийг гүн хүндэтгэлтэй, ёс дэгийн дагуу буцааж чадвал монгол түмэн, цаашлаад дэлхийн хүн төрөлхтөн амар амгалан байх үндэс нөхцөл бүрдэнэ гэж чармайн ажилладаг. Иймд бид монголчуудын оршуулгын зан үйлийн уламжлал, хувьслыг шинжлэх ухааны үндэстэй судлан дэлхий нийтийн чиг хандлага, үндэсний өвөрмөц онцлогтоо уялдуулан тус салбарын цаашдын үйл ажиллагааны чигийг зөв тодорхойлох, үйлчилгээгээ сайжруулах арга замыг эрэлхийлж байна. Энэ чиглэлээр МУИС-ийн Түүхийн тэнхим, Археологи-Антропологийн тэнхим,Шинжлэх ухааны академийн Түүх-Угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, археологчидтой сүүлийн долоон жилийн турш хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний цуврал хурал хийж, судалгааны үр дүнд дөрвөн ном хэвлүүлэн гаргасан. Судалгаанаас харахад оршуулга гэдэг нь зөвхөн үйлчилгээ үзүүлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар хязгаарлагдахгүй, монголчуудын маш том өв соёл, зан заншил болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодруулан судалж байна.Өнгөрсөн хурлуудаас гарсан судалгааны дүнд талийгаачдыг онголох, бунхлах, харвах буюу бөө хүний оршуулга, сахиуслах буюу занданшуулах,ил тавих, булшлах, чандарлах гэсэн хэлбэрүүд байгаа нь тодорхой харагдлаа. Эрдэм шинжилгээний хурлуудаас бид ёс заншлын олон зүйлийг мэдэж авч өнөөдөр амьдралд хэрэгжүүлж байна. Монголчуудын оршуулгын зан, үйл дэг соёлыг бүрэн бүтэн болгоход хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлье” гэв.
Тэгвэл монголчууд өөд болоочоо хэрхэн нутаглуулдаг байсан, ямар ёс дэгийг гүйцэлдүүлдэг байсан зэрэг нь Хүннүгийн үеийн язгууртны булш бунхан, чулуун болон хүрэл зэвсгийн үеийн олдворууд, түүнээс хойших үеийн археологийн дурсгалуудын малтан судалгаагаар нотлогдож байгааг эрдэмтэн, судлаачид хэлж байсан юм. Тухайлбал, доктор Д.Хатанбаатар, Ж.Мөнхдэлгэр нар “Хүннүгийн язгууртны булшны зан үйлийн зарим онцлог /Завхан аймгийн Алдархаан сум дахь Ямаан усны дурсгалт газрын жишээгээр/ илтгэлдээ “Хүннүгийн хамгийн том язгууртны булшнууд дагуул булш, дагалдуулан хийх хойлгын зан үйл гүйцэтгэсэн байгууламжуудтай. Түүнчлэн талийгаачийн зэрэг, дэвийг илэрхийлэх утга бүхий чулуун зураатай” байдаг зэрэг онцлогийг дурдсан юм.
Тодорхой сэдвүүдээр хуралд оролцогчдын байр суурийг тодрууллаа.
М.Баяраа: Оршуулгын зан үйлийг алслагдсан бүсэд зохион байгуулах бодлого баримтална
/Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга/
-Нийслэлийн Захирагчийн албанаас оршуулгын зан үйл, буяны үйл ажиллагаанд ямар бодлого чиглэл баримталж байна?
-Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.4 хувийг эзэлдэг. Хүн амын нягтшил ихтэй. Хүн амын 50 гаруй хувь нь суурьшсан том хот. Өмнө нь байсан “Далан давхар” зэрэг оршуулгын газрууд хотын төвөөсөө алслагдсан, уулын аман дахь чимээгүй хот байсан бол өнөөдөр суурьшлын бүс тэлсээр чимээгүй хоттойгоо айлссан. Зам харгуй тавигдсан. Дээрээс нь ШТС, хүнсний захууд маш ойрхон байшсан. Тиймээс бодлогын хувьд аль болох зан үйлийн төрлийг олшруулъя. Зөвхөн газарт оршоох бус чандарлах болон бусад зан үйлийг нэвтрүүлэх, төрөл зүйлийг нэмэгдүүлэх чигллийг баримталж ажиллана. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 35 гаруй оршуулгын газар байна. Энэ дотор зөвшөөрөлгүй газар олон бий. Жил бүр хотын төсвөөс зөвшөөрөлгүй газруудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулдаг. Газарт оршуулж байгаа зан үйлийг хувийн хэвшлүүд ихээхэн гүйцэтгэх болсон. Төв аймагт зөвшөөрөлтэй газрууд бий болсон. Өөрөөр хэлбэл, эдгээр нь хотоос алслагдсан бүсэд байгаа.
-Иргэд өөд болоочоо оршуулах өртөг өндөр, газар үнэтэй бас олдохгүй байна гэлцдэг. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Чандарлахгүй газарт оршооё гэсэн хүсэлт тавьж буй нөхцөлд Улаанбаатар хотыг тойрсон бүсэд чимээгүй хот маань суурьшлын бүстэй маш ойрхон болчихоод байгаа. Гэр хороололтойгоо бараг хаяа залгаж, зарим нь уул давж, уулын орой руу өгсөөд явчихлаа. Тэгэхээр аль болох хотоос алслагдсан бүс рүү байх шаардлагыг тавьж байгаа. Яагаад гэвэл бурхан болоочоо тайван нойрсог гэж хүсдэг, ийм уламжлал монголчуудад эртнээс байсаар ирсэн. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд бид ингэж чадахгүй байгаа. Дуу чимээ их, машины утаа болон тоос тоосонцор их гэхчлэн уламжлал талаасаа зохимжгүй зүйлүүд их байна. Нөгөө талаас оршуулгын газраас ялгардаг метан хий нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрахад сөрөг нөлөөтэй. Иймээс оршуулгын зан үйлийг алслагдсан бүсэд зохион байгуулах бодлого барьж ажиллаж байна.
-Хууль эрхзүйн хувьд ямар шинэчлэл хийж байна?
-Оршуулгын үйл ажиллагаа журмаар зохицуулагдаад явж байгаа. 2008, 2015 онд журам гарсан. Гэхдээ хууль эрхзүйн хувьд бүрэн шийдэгдээгүй асуудлууд бий. Жишээ нь бурхан болоочийн цогцсыг эмнэлгээс шилжүүлэх үед хэн, хаашаа шилжүүлэх вэ, дараа нь ямар зан үйл явагдах вэ гэдэг ойлгомжгүй байгаа. Энэ нь нийгмийн эмзэг сэдэв учраас журмаар зохицуулагддаг. Бие даасан хууль байдаггүй.
-Оршуулгын үйл ажиллагаа, газрын үнэ өртгийг дийлэхгүй байгаа амьдралын боломжгүй иргэдээ яах вэ?
-Хувийн байгууллагуудад бид шаардлага тавьж байгаа. Оршуулгын зан үйл зөвхөн бизнес байж болохгүй. Хүн орчлонд ирж буцах нь хорвоогийн жам. Иймд та бүхэн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нийгмийн даатгалаас ирж байгаа зардлаар нь /хоёр сая орчим төгрөг/ оршуулгын үйл ажиллагааг нь зохион байгуулж өгөх шаардлагатай шүү гэж ярилцаад гэрээнд тусгаад явна.
-“Далан давхар” буюу Самбалхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх ажил ямар шатанд яваа вэ?
-“Далан давхар”-ын тодорхой хэсэгт тохижилт хийж, холбогдох байгууллагууд оролцон чандарлах үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа. Ар гэрийнхнээс нь зөвшөөрлийг нь авсан, ажлын явц 80 хувьтай байна.
М.Мөнхзаяа: Уламжлалт соёлоос гадна ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлнэ
/Нью Семетри ХХК-ийн гүйцэтгэх захирал/
-Манай байгууллага эрдэм шинжилгээний хуралд дөрөв дэх удаагаа оролцож байна. хойлгын зан үйлийг гардан явуулж байгаа буяны зан үйлийн байгууллагын хувьд хурлаас маш олон зүйлийг сонсож, судалж, түүнийгээ хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэлд өгөөжтэй хурал болдог. Жил бүр оролцохыг хичээдэг. Яагаад гэвэл, төрийн байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид хамтран өв соёл, уламжлал, орчин үеийн чиг хандлагыг ярьж хэрхэн түүнд нийцүүлэн буяны зан үйлийг хийх тухайд санал бодлоо ярьж, шийдэл гаргадаг. Бид өв соёлоосоо суралцаж байна, ирээдүйн хотын соёлынхоо хөгжил цэцэглэлтэд хамгийн зөв зохистой, эрүүл аюулгүй нөхцлийг бүрдүүлсэн, ар гэрийнхэн нь амар амгалан байх бүх талыг хангасан оршуулгын зан үйлийг бүрдүүлэхийг баримталж, алхам тутамдаа мөрдөж явах ёстой. Өнгөрсөн хугацаанд уламжлалт өв соёлоо дагахаас гадна ирээдүйн хөгжилтэй уялдуулсан, өвөрмөц онцлогоо хадгалсан зан үйлийг уялдуулан гүйцэтгэхэд анхаарч ирлээ. Олон улсын стандартад нийцүүлэн оршуулгын зан үйлийг соёлын биет өв болгож бүтээхийг зорьж ажиллаж байна.
У.Эрдэнэбат: Оршуулгын газрыг хотын хөгжил, эрүүл мэнд, олон улсын жишигтэй нийцүүлэх шаардлагатай
/МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор/
-Эрдэмтэн судлаачид оршуулгын зан үйлийн эрт цагийн дурсгал, өнөө үеийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ хурлаар манай улсын нутаг дэвсгэрт эрт дээр цаг, дундад үеэс амьдарч байсан хүмүүсийн оршуулах зан үйл, түүнтэй холбоотой орчин үед бий болоод байгаа асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжүүлэх санаа, нийгэмд үзүүлэх зүйлүүдийг гаргахыг хичээж ирсэн. Монголчууд болоод тэдний өвгөд дээдэс нас нөгчигсдийг хүндтэйгээр оршуулж ирсэн. Энэ ул мөр манай орны археологийн судалгаагаар шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн баримтаар нотлогдож байгаа. Үүнээс үзэхэд нас нөгчигсдийг оршуулахад олон янзын хэлбэрийг хэрэгжүүлж байжээ.
Шарилыг газар ухаж булшлан оршуулах, ил тавих, чандарлах зэрэг хэлбэрүүдийн аль аль нь байсан. Орчин үед бид өвгөд дээдсээс уламжилж ирсэн зан үйлээс цаг үетэйгээ нийцсэн, мөн утга төгөлдөр, билэгдлийн хувьд гүн агуулгатай зүйлүүдийг марталгүй, зарим зүй зохистой зүйлүүдийг нь уламжлах нь зүйтэй. Гэхдээ Улаанбаатар зэрэг олон хүн төвлөрсөн төв суурин газрыг тойрсон асуудлыг эрүүл ахуйн талаасаа, мөн орчин үеийн хот суурингийн хөгжилтэй нийцүүлэн олон улсын жишгээр авч үзэж хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт судлаачид нэгдмэл байр суурьтай байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан үйл байна. Зөв хүмүүс зөв үйлийг эрхэлдэг. Зөвхөн ашиг хардаггүй түмний төлөөх зүтгэлүүдэд талархаж явдаг шүү та нарт\n