Сургуулийн үдийн цайгаар бор ходоодоо болгодог мянга мянган бяцхан зүрх цохилж байна. Хүүхэд эцэг эх, улс орноо сонгож төрдөггүй. Сайн эцэг эхийн хүүхэд болж төрсөн төрийн түшээд, “идэх хоолгүй өмсөх хувцасгүй улны хэмээн нэрлэх нийгмийн давхаргад “сургуульдаа ирж дулаацаж, идэх юмтай болж бор ходоодоо болгодог” амьдралын хар бараан талыг мэдэхгүй нь гунигтай. Эдгээр бяцхан үрсийг харж хандаасай улсын минь ирээдүй юмсан.
Уг нь 2006 оноос хэрэгжиж эхэлсэн “Үдийн цай” хөтөлбөр зөв ажил байсан гэж багш, сурагчид, эцэг эхчүүд ам сайтай байдаг. УИХ-аас 2019 онд баталсан Ерөнхий боловсролын сургуулийн “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-д “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон, санхүүжилтийг нэмэхээр тусгасан. Энэ хүрээнд Засгийн 2021 оны наймдугаар сарын 11-ний хуралдаанаар “Үдийн цай” хөтөлбөрийг албан ёсоор “Үдийн хоол” болгож 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгон нэмсэн юм. Харин 6-9 дүгээр ангийн үдийн хоолны зардлыг 2022 оны есдүгээр сарын 1-нээс, 10-12 дугаар ангийн хүүхдийн хоолны зардлыг 2023 оноос нэмэхээр болсон юм. Энэ нь нүдээ олсон шийдэл билээ.
Гэхдээ төсөвлөж байгаа төсвөөр нь хүүхдэд хангалттай шим тэжээл өгөхөөр үдийн цай өгч чадах нь эргэлзээтэй. Мөн үдийн цай бэлтгэж байгаа Мэргэжлийн хяналтынхны тайланд хавсаргасан зургаас харахад сургуулиудын цайны газрууд ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир заваан, зориулалтын бус гялгар уут, хуванцар сав суулгаар дүүрсэн, хоол бэлтгэх тавцан тавиурууд хир даганд баригдсан нь илэрхий байсан юм. Өөрөөр хэлбэл, бага ангийн сурагчдын “Үдийн цай”-г бэлтгэдэг газруудын олонх нь стандартын шаардлага огт хангаагүй байжээ.
С.НОМИНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )