Бразилийн өмнөд хэсэгт өнгөрсөн даваа гарагийн шөнө /2023.09.04/ хар салхи дэгдэн, хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж 21 хүн амь насаа алджээ.
Рио Гранде-Ду-Сул мужийн Амбан захирагчийн мэдээлснээр, энэ мужид урьд өмнө тохиолдож байгаагүй цаг агаарын гаралтай гамшигт үзэгдэл тохиожээ.
Энэхүү гамшигт үзэгдлээс олон мянган оршин суугч орон гэрээсээ дайжсан талаар албаныхан мэдэгдэв. 5000 хүн амтай Мукум хотод, хотын 85 хувь нь үерт автсан тул олон зуун хүнийг дээвэр дээрээс нь аврах шаардлагатай болжээ. Рио Гранде-ду-Сул мужийн захирагч Эдуардо Лейте өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр, Мукумаас дахин 15 хүний цогцос олдсоноор амиа алдагсдын тоо 21 болсон гэж мэдэгджээ. Тус мужид 24 цагийн дотор 300 мм гаруй хур тундас орж, үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Мукум хотын захирагч Матеус Трожан, “Одоо ч сураггүй болсон хүмүүсийг эрэн хайсаар байна. Цаашдаа ч амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй. Бидний мэдэх Мукум хот бүхэлдээ үерт автлаа” гэж мэдэгдэв.
Аврагчид үерт өртсөн газруудад нисдэг тэргээр хүрч ажиллаж байна. Үерт автсан хүмүүс “Иргэд олон зүйлээ алдлаа. Заримд нь бүр юу ч үлдсэнгүй” хэмээн ярив.
Үер усны аюулт үзэгдэлд олон хүчин зүйл нөлөөлдөг. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт нь огцом усархаг бороо орох магадлалыг нэмэгдүүлж байна. Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш дэлхийн цаг агаарын хэм аль хэдийн 1.2 ‘С орчим дулаарсан бөгөөд дэлхийн улс орны Засгийн газрууд хүлэмжийн хий ялгаруулалтыг эрс бууруулахад анхаарч ажиллахгүй бол агаарын температур өссөөр байх болно гэж НҮБ-аас анхааруулсаар байгаа юм.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл ( 0 )