Өвөрхангай аймгийн “Мэргэд” лаборатори сургуулийн япон хэлний ангийг тохижуулжээ

2023 оны 09 сарын 14

 

Орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиуд дундаас япон хэлний сургалттай сургууль гэдгээрээ ялгардаг Өвөрхангай аймгийн "Мэргэд" лаборатори сургуулийн япон хэлний ангийг Япон Улсын Засгийн Газрын "Соёлын өвсний үндэс" төслийн буцалтгүй тусламжаар тохижуулан, хүлээлгэн өгчээ. 

2021 оны гурвадугаар сарын 10-ий өдөр Япон улсын Элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар “Мэргэд лаборатори сургуулийн япон хэлний ангийг засварлах төсөл”-ийн гэрээнд /40.091 ам.доллар/ гарын үсэг зуржээ.

Өвөрхангай аймгийн ЗДТГ, ХХК гүйцэтгэгч компани “Баян их наяд” болон Японы ЭСЯ-ны хамтын хичээл зүтгэлийн үр дүнд бүхий л хүндрэл бэрхшээлийг даван туулж 2023 оны зургаадугаар сарын 12-ний өдөр нээлтээ хийжээ.


“Мэргэд” лаборатори сургууль 1998 онд байгуулагдсанаас хойш 25 жилийн турш япон хэлний боловсрол олгож ирснээс гадна япон хэлний түвшин тогтоох шалгалт авч ирсэн бөгөөд цаашид ч орон нутаг дахь япон хэлний боловсрол олгох цөм сургуулийн хувиар гол үүрэг гүйцэтгэx боломж бүрджээ.

Энэ удаагийн төслийн үр дүнд мэдээлэл, технологийн хэрэгслийг ашиглан хүүхэд бүрт хүрээмжтэй сургалт явуулах боломжтой болжээ. Ангийн шал, хаалга, тааз, хана, гэрлийг засаж, ширээ сандал, компьютер, ухаалаг самбар, принтер зэрэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг олгож, япон хэл сурах таатай орчинг бүрдүүлж өгсөн байна.

Ийнхүү япон хэлний ангийг тохижуулснаар Хоккайдо Такикава ахлах сургуультай онлайнаар идэвхтэй харилцахаас гадна өөрийн болон бусад аймгаас олон хүмүүс энэхүү ангитай танилцахаар ирж, гадаад хэлний боловсрол олгох загвар анги болсон нь өндрөөр үнэлэгдэх чухал ажил болж чаджээ. 

 

 

“Мэргэд” лаборатори сургуулийн захирал Н.Норгинханд: 

Манай сургууль сурагчдад бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ 1-12 ангидаа математикийн гүнзгийрүүлсэн, 3-12 ангидаа япон хэлний төрөлжсөн сургалт явуулж байгаагаа онцлогтой. Бид сурагчдадаа “хүн” байх тухай сургах төлөвлөгөөтэйгөөр анх сургуулиа байгуулж байсан. 2023-2024 оны хичээлийн жилд нийт 76 багштай, 1000 гаруй сурагчтайгаар сургалтын ажлаа эхлүүлээд байна. Багш нарын маань 92 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Үүнээс Монгол Улсын Зөвлөх багш дөрөв, Тэргүүлэх зэрэгтэй багш 32, заах арга зүйч 14 ажиллаж байна.

Түүхэн хөгжлийнхөө 20 гаруй жилд багшийн хөгжил, хүүхдийн хөгжил, сургалтын орчин, сурах таатай орчин нөхцлөөрөө аймаг улсын тэргүүлэх сургуулиудын түвшинд хүрч чадсан. Үүгээрээ улсдаа нэлээд дээгүүр үнэлэгддэг сургуулиудын нэг болжээ. Одоогийн байдлаар “Аймгийн тэргүүний сургууль”-аар таван удаа, “Улсын тэргүүний сургууль”-аар 2011 онд нэг удаа, 2019 онд БСШУЯ-ны чанарын үнэлгээ буюу бүх сурагчдыг шалгадаг шалгуураар “Улсын топ 20 сургууль”-ийн нэгээр шалгарсан.

Манай сургуулийн Япон улстай тогтоосон харилцаа 1998 оноос эхэлсэн. 1998 онд Япон улсын Шёо-Оо хоттой харилцаа эхлүүлж, үүнээс хойш 20 гаруй жил япон хэлийг бага ангиасаа ахлах ангиа хүртэл зааж байгаа хөдөө орон нутгийн цөөхөн сургуулийн нэг болсон. Үүгээрээ манай хамт олон маш бахархалтай байдаг. Мөн хүүхдүүд маань англи, орос хэлийг сонгон суралцаж хэл сурах арга барилаа улам бүр сайжруулсаар байна. 

2021 оноос Хоккайдо Такикава ахлах сургуультай харилцаа тогтоож, энэ хичээлийн жилээс эхлэн манай япон хэл судалж буй хүүхдүүд онлайн хэлбэрээр тус сургуулийн сурагчидтай харилцаж, сард нэгээс хоёр удаа харилцан суралцаж, үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Манай сургуулийн япон хэлний багш Д.Дуламсүрэн тус улсад мэргэжил дээшлүүлээд ирсэн 20 гаруй жилийн туршлагатай багш байгаа. Манай сургуулийн төгсөгчдөөс Япон улсад мэргэжил дээшлүүлсэн, мэргэжил эзэмшиж байгаа болон бусад оронд мэргэжил эзэмшин суралцаж байгаа 200 гаруй төгсөгч байна. Тэгэхээр бид гаднын улс сурагч, төгсөгчдөө олноор илгээж байгаа гэж харж байна.

Япон Улсын Элчин Сайдын яам болон Япон-Монгол төв, япон хэл судлаачид бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлмээр байна. Хүүхэд, эцэг эх, багш бүхэн талархаж байгааг дамжуулахад таатай байна. 

 

 

Япон Улсын Элчин Сайдын яамны ажилтан Ито Ёрико:

“Мэргэд” лаборатори сургуульд тохижуулж өгсөн япон хэлний кабинет “Соёлын өвсний үндэс” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл байгаа. Та бүхэн “Өвсний үндэс” хөтөлбөрийн тухай сонсож байсан байх. Энэхүү төсөл хүний аюулгүй байдлыг хангах болон хөдөө орон нутгийн сургууль цэцэрлэгт байшин барилга, тоног төхөөрөмжөөр хангах төсөл байгаа.

Энэ удаад “Соёлын өвсний үндэс” байгууллагын тусламжийн хүрээнд “Мэргэд” лаборатори сургуулийн япон хэлний ангийг тохижуулсан байгаа. 2021 оны гуравдугаар сард Япон улсын элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар гэрээнд гарын үсэг зурсан. Нийт 40.091 ам.долларын төсөв бүхий энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад дэлхий дахиныг хамарсан цар тахал гарсан нь багагүй хүндрэл дагуулсан. Барилгын бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ажил тасалдахад хүрсэн ч гүйцэтгэгч байгууллага болон Засаг дарга, Япон улсын элчид сайдын яам харилцан нэг нэгнээ дэмжиж 2023 оны зургаадугаар сард япон хэлний кабинетээ албан ёсоор хүлээлгэн өгсөндөө баяртай байна.

 

 

Тус сургуульд Япон хэлний багшаар 25 дахь жилдээ ажиллаж буй Монгол Улсын “Зөвлөх” зэрэгтэй, Үндэсний шилдэг багш Д.Дуламсүрэн:

1995 оноос тус аймаг Монгол Улсын Соёлын элч Сато Норикогийн санаачилгаар Японы Окаяма мужийн Шёо-Ооо хоттой найрамдалт харилцаа эхлүүлсэн. Тус аймаг болон Шёо-Оо хотын  хамтын хөрөнгө оруулалтаар 1998 онд Япон хэлний гүнзгийрүүлсэн “Мэргэд” сургуулийн үндэс тавигдсан. Япон хэлний ангийг засварлан тохижуулснаар сурагчдын идэвх улам сайжирч, япон хэлэнд дур сонирхолтой болж, япон хэл сурах сурагчдын тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Олон улсын U-class программ ашиглан хичээлээ сонирхолтой байдлаар бэлтгэн заах зэрэг арга зүйн чадамж, чадварууд нэмэгдэж байна.

Сурагчид маань гуравдугаар ангиасаа эхлэн япон хэл үзэж эхэлдэг. Бага ангиасаа эхлэн япон хэл суралцаж эхэлдэг учраас япон хэлний кабинеттэй болсондоо хүүхдүүд маань маш их баяртай байгаа. 3-12 дугаар ангидаа япон хэл сурч байгаа учраас сурагчид маань сургуулиа төгсөөд Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг болон Их сургуульд орсон хойноо сурагч солилцоогоор суралцаж, тус улсад үргэлжлүүлэн ажиллаж, амьдарч буй шавь нар маань олон бий. Япон хэлийг заахын сацуу Япон орны соёл, тухай орны хүмүүсийн зан төлөв зэргийг мөн заадгаараа онцлог. Хүүхдүүд маань хүнлэг, төлөв даруу болж хүмүүжиж байна гэж би хардаг. Бусдад мөн төвөг удах байх тал дээр суралцдаг. Манай кабинетэд жишээ нь хогийн сав байдаггүй. Харандаагаар бичдэг учраас хүүхдүүд маань харандаагаа үзүүрлээд бэлтгэлтэй ирдэг. Энэ мэтчилэн төлөвшил, хандлага талдаа маш их эерэг, зөөлөн, хүнлэг хүүхдүүд болж хүмүүжиж байгааг хараад бахархах сэтгэл төрдөг.

Одоогоор 300 гаруй сурагч Япон хэл суралцаж байна. Сурагчид маань хичээлээ тараад япон хэлний кабинетдаа орж ирээд үргэлжлүүлээд япон хэлээ хийдэг. Манай сургуулийн онцлог нь хөдөө орон нутагт япон хэлний сургалттай ганц сургууль нь. Мөн япон хэлний түвшин тогтоох шалгалтыг сурууль дээрээ жил бүр авдаг. Сурагчид маань N5-N3 хүртэлх түвшний шалгалт өгдөг. Шалгалтандаа бэлдэхийн тулд хичээлээ тараад оройн 20-21 цаг хүртэл япон хэлээ давтдаг.

Кабинет маань бүрэн цахимжсан учраас багш, сурагчид тулж ажиллахад маш дөхөм болсон. Аймгийн хэмжээний бусад сургуулийн хүүхдүүд сургуульд маань япон хэл суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх болсон. Мөн бусад сургуулийн багш нар маань кабинетэд маань байгаа U-class программыг ашиглан хичээл заах хүсэлтэй бол кабинет маань нээлттэй.

Энэ сайхан боломжуудыг нээж өгч, хөдөө нутгийн нүд нь гялалзсан, сэтгэлд нь гал бадарсан сурагчдын маань төлөө энэ сайхан кабинетийг байгуулж өгсөн Япон Улсын Засгийн газар, Монгол дахь Япон Улсын Элчин сайдын яам, Монгол-Япон төв болон Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгын Газар, сургуулийнхаа захиргаанд шавь нар болон эцэг, эхчүүдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

 

 

“Мэргэд” сургуулийн сурагч н.Мишээл: 

Би “Мэргэд” сургуулийн арваннэгдүгээр ангид суралцдаг. Намайг н.Мишээл гэдэг. Бид япон хэлний цахим кабинеттэй болсноор манай сургуулийн япон хэл суралцдаг бүх хүүхдүүд маш их баяртай байгаа. Кабинет маань тав тухтай, цэвэр цэмцгэр орчинтой учраас бид нар гэлтгүй дүү наар маань ч хичээлээ ирээд хийх дуртай байдаг. Бид хичээлээ U-class программын тусламжтайгаар багштайгаа компьютерээр холбогдож, багш маань бүх хүүхдийг богино хугацаанд хянах боломжтой болсон учраас хичээлийн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа.

Жил бүр манай сургууль дээр япон хэлний түвшин тогтоох сургалт зохион байгууллагддаг. Энэхүү шалгалтыг манай япон хэл сурдаг сурагчид бүгд өгдөг. Энэ жил кабинеттэй болсон учраас багштайгаа илүү ойр байж, хүссэн үедээ компьютер болон чихэвчээ ашиглаад сонсгол болон уншлагаа хийх боломжтой болсон нь япон хэл сурах сонирхлыг нэмэгдүүлж, үр дүнг сайжруулж байгаа.

Манай сургуулийн ихэнх сурагч 7-9 жил япон хэл сурч байгаа. Бид нар N5-N1 гэсэн түвшний шалгалт өгч ихэнх нь N4-N3 түвшний шалгалт өгөхөөр бэлдэж байна. Бидний ирээдүйг ийм сайхнаар гэрэлтүүлж, цахим кабинеттэй болгож өгсөн Япон Улсын Элчин сайддаа маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

 

 

“Мэргэд” сургуулийн сурагч Ц.Санжаажамц: 

Шинэ кабинет маань өмнөх кабинетүүдээс маш их ялгаатай байгаа. Илүү дэвшилтэт технологитой болсоор сургалтын чанарт маш их өөрчлөлт гарсан нь бидэнд мэдрэгдэж байна. Жишээлбэл би өмнө нь N5 өгдөг байсан. Үүн дээр гурван удаа унаж байсан бол N4 дээр нэг удаа өгөөд л тэнцсэн. Япон хэл сурч байгаа учраас Япон Улсад очиж сурахаар төлөвлөж байгаа. Хэл сурч байгаа учраас олон мэргэжлээс сонгон суралцах давуу талтай бий болсон. Манай Өвөрхангай аймагт ганц л сургууль Япон хэл зааж байгаа учраас бусад сургуулийн сурагчдаас давуу талтай мэт санагдаж, өөрийгөө илүү хөгжүүлэх боломж бүрддэг. 

 

 

Сурагчид япон хэл судлахаас гадна тус улсын соёл уламжлалыг өөрсдийн сонирхлоор судлан, төрөл бүрийн дугуйланд хамрагдан чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг байна. 

 

 

Сургуулийн өнцөг булан бүрт сурагчдын танин мэдэхгүйд зориулсан бүтээлүүд бий

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top