БНСУ сайн дураар нутаг буцах тохиолдолд тухайн иргэнд урамшуулал олгоно

2023 оны 09 сарын 08

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдэд зориулсан сайн дураар нутаг буцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, дараах мэдээллийг гаргаад байна.

Үүнд:

Тусгай хөтөлбөрийн хүрээнд 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг хязгаарлахгүй байх арга хэмжээ авахаар болсон. Энэ нь БНСУ-д оршин суух дэг журмыг сахих, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа баривчилгааны аяны хүрээнд гадаадын иргэн өөрөө сайн дураараа нутаг буцах тохиолдолд тухайн иргэнд урамшуулал олгож, сайн дураараа нутаг буцах боломжийг олгох түр хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр юм.

Гэхдээ уг хөтөлбөрт хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон хилээр гарах шийдвэрийг хэрэгжүүлээгүй иргэнд хамаарахгүй бөгөөд дээрх хөтөлбөрт хамрагдаж, нутаг буцах хүсэлтэй иргэд БНСУ-ын Хууль зүйн яамны лавлах утас 1345 тусгай дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна.

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэн энэ удаагийн нутаг буцах хөтөлбөрийн явцад сайн дураар нутаг буцаагүй, баривчилгаанд өртсөн тохиолдолд албадан нутаг буцаагдах ба тухайн иргэн багадаа 30 сая воны торгууль төлж, хилээр дахин нэвтрэх эрхээ хязгаарлуулах зэрэг хатуу арга хэмжээ авах талаар мэдэгдэж байна.

Мөн тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдтэй тэмцэх 3 дахь удаагийн аяныг энэ оны 10 дугаар сараас эхлэн үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top