Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2023 оны 09 сарын 10

Монгол Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон бөгөөд энэ өдрийг 28 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.


УИХ-аас 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэн нөхөн олговор олгох тухай хуулийг баталсан. Өнөөдрийн байдлаар улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,595 иргэнийг цагаатгажээ.

Цагаатгалын хууль батлагдсан 1998 оноос хойших хугацаанд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад тусгагдсан 500,0 мянга болон 1 сая төгрөгийн нөхөх олговрын хүрээнд 16 тэрбум 595 сая төгрөгийн нөхөх олговрыг 18,366 иргэнд, харин 2018 онд батлагдсан Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт буюу хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбод, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох ажлын хүрээнд 93 тэрбум 140 сая төгрөгийн нөхөх олговрыг 1709 иргэнд тус тус олгосон бөгөөд нийт 20,075 иргэнд 109 тэрбум 735 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байгаа аж.

Улсын комиссын даргын 2022 оны 09 дүгээр захирамжийн дагуу батлагдсан “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлийн ажлын хүрээнд “Хамаг Монголчууд бүү мартагтун” баримтат цуврал нэвтрүүлгийн “Хэлмэгдүүлэлт ба Лам нар”, Хэлмэгдүүлэлт ба Эмэгтэйчүүд” дугаарууд, “Гэмшлийн гэрэлт зам” цуврал нэвтрүүлгийн гурван дугаар, “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” эмхэтгэл зэргийг тус тус бэлтгэн иргэд, олон нийтийн хүртээл болгоод байна.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран өнгөрсөн 2022 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн улс орон даяар нэгэн зэрэг буяны ном хурах арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top