Тал нутгийн эрдэнэс ХАРХОРУМ музейгээр зочлох шалтгаан

2023 оны 09 сарын 12

 

Тэртээ 13-р зуунд Монголын төдийгүй Дэлхийн нийслэл болж байсан Хархорум хотын туурь Улаанбаатараас баруун урагш 350км зайд, Өвөрхангай аймгийн төвөөс 130км орчим зайд байрлана. Бидний сайн мэдэх "Эрдэнэ зуу" хийдийн дор дүнхийн орших энэхүү нууцлаг хотын туурийг Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Юнескогийн Итгэлцлийн сан, Герман Улсын Бонны Их сургуулиуд хамтран малтлага судалгаа хийжээ. 

2004 онд энэхүү малтлагын олдворыг хамруулан "Орхоны хөндийн соёлын өв" хэмээн Юнескогийн Соёлын өвд бүртгүүлснээр туурийг хамгаалах, судлах, нээлттэй болгох нөхцөл боломж бүрдсэн. Гэвч эдгээр хүн төрөлхтний түүхэнд чухал ач холбогдолтой олдворуудыг хадгалах, хамгаалах байр байгаагүйн улмаас ихэнх олдворууд Бонны Их сургуулийн  удирдлагад байдаг зочид буудлын агуулахад хадгалагдаж байсан тул шаарддлага хангаагүй орчин нөхцөлд, ялангуяа өвлийн хүйтэнд эд өлгийн зүйлс муудаж, гэмтэх эрсдэл байсан тул ЖАЙКА-гаас хэрэгжүүлдэг "Соёлын буцалтгүй тусламж"-ийн төслийн хүрээнд "Хархорум музей барих төсөл"-ийг эхлүүлсэн нь амжилттай хэрэгжиж 2010 оны есдүгээр сарын 15-ний өдөр 521 сая иений өртөг бүхий археологийн ХАРХОРУМ МУЗЕЙ баригдаж дуусан, тал нутгийн эрдэнэс болон сүндэрлэжээ. 

 

Хархорум хотыг дүрслэн бүтээсэн макет

 

1220 онд Эзэн Богд Чингис хаан гурван голын бэлчирт байсан Монголын нийслэлийг нүүлгэн, Орхон голын хөвөөнд авчрах зарлиг буулгажээ. Үүнээс хойш Өгөөдэй хаан дэлхийн өнцөг булан бүрээс дэлхийн сор болсон уран дархчуудыг цуглуулан Хархорум хотыг бүтээжээ. 

Дэлхий дахинаа "нүүдэлчин" хэмээн тамгалагдсан Монгол Улс тэртээ 13-р зуунд суурьшмал амьдралаар амьдарч, хотын соёл дэлгэрүүлж байсан түүхэн баримт бол Хархорум хот юм. Хархорум хотыг тухайн үед ДЭЛХИЙН НИЙСЛЭЛ хэмээн нэрийддэг байжээ. 

 

 

Ийнхүү нэгэн цагт дэлхийн нийслэл байсан Хархорум хотын үнэт олдворуудаас бүрдсэн "Хархорум музей"-д нийт 1400 гаруй байнгын үзмэр, судалгааны сан хөмрөгтэй нийлбэл нийт 4000 гаруй үзмэр байх бөгөөд Чулуун зэвсгийн үеэс 14-р зуун хүртэлх үеийн Хархорум хоттой холбоотой үзмэрүүд оршино. 

Тус музейд Чингис хаан болон түүнээс хойшхи Монгол хаадын 60 ширхэг хосгүй үнэт алтан, мөнгөн, зэс зоос бий. Мөн Монгол, Хятад, Араб бичээс бүхий хосгүй үнэт чулуун хөшөөнүүд болон Их Эзэн Чингис хааны 1220 Хархорум хотыг байгуулахыг зарлигдсан тухай өгүүлсэн Монгол, Хятад бичээс бүхий хөшөөний хэсэг ч бий. Энэхүү дэлхийн хаа ч байхгүй хосгүй үзмэрийг 2003 онд Эрдэнэ зуу хийд доторх цогчин дуганы тууриас олж, Чингис хаан Хархорум хотыг байгуулсан гэдгийг баримтаар нотолсон байна.

 

Эртний бунхнаас олдсон шавар хүүхэлдэйнүүд

 

Олон улсын стандартад нийцсэн энэхүү музей байгуулагдсан цагаас хойш гадаадын 90.000, дотоодын 60.000 жуулчин үйлчлүүлсэн бүртгэл байгаа тухай музейн захирал Т.Баяраа дурджээ. Үйлчлүүлэгчдийг зорин ирсэн улсаар нь авч үзвэл Франц, Япон, Солонгос, Хятад, Тайванийн жуулчид түлхүү ирдэг байна. Дэлхий дахиныг хамарсан цар тахалаас өмнөд дотоодын аялагчид 20 хувь, гадаадын жуулчид 80 хувийг эзэлж байсан бол өдгөө дотоодын аялагчдын тоо өсөж 40 орчим хувьд хүрчээ. 

Үүднээсээ авахуулаад япон стандартаар баригдсан энэхүү музейд босго гэж үгүй. Тэргэнцэртэй иргэд болон балчир үрсээ дагуулан ирж буй үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй байхаар зохион байгуулагдсан энэхүү музейн алсыг харах тавцан дээрээс эртний Хархорум хотын туурийг тольдон харах боломжтой. Мөн аян замын тань алжаалыг тайлах амтат кофе шоп байрлахаас гадна Монголын уламжлал тоглоом наадгайн гэр, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан брайл үсэг бүхий танилцуулга ном хүртэл бий. 

Өвөрхангай аймгийг зорих жуулчид Эрдэнэ зуу хийдэд саатаад буцдаг. Гэсэн ч энэхүү хийдээс хэдхэн метрийн зайд орших "Хархорум музей"-г үзэлгүй өнгөрөөх тохиолдол бий. "Хархорум музей"-д зочилсноор Эрдэнэ зуу хийд төдийгүй түүний дор оршин байх дэлхийн түүхийн чухал цаг үед саатаад зогсохгүй энэхүү хийдийн гишгэх газар бүр үнэ цэнтэй санагдаж, харах төдийд сэтгэл баясаж, бахархал төрөх нь дамжиггүй. 

 

ВИРТУАЛ ХАРХОРУМ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ  

 

 

 

 

ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Кавабата Рэико "Хархорум музей" барьж байгуулсантай холбогдуулан "ЖАЙКА-гаас 2010 онд хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд "Хархорум музей"-г барьж байгуулсан. Музейг барьж байгуулсны дараа ирж буй зочид төлөөлөгчдөд тохирсон тайлбар өгөх тал дээр заавар зөвлөгөө өгөх зорилгоор 2013-2015 онд хоёр сайн дурын гишүүн ирж ажилласан. Тэдгээр хүмүүс зөвхөн музейн үзмэрүүдийн тайлбар төдийгүй бэлэг дурсгалын дэлгүүр зэрэгт хэрэгтэй заавар зөвлөгөө өгч ажилласан. Одоогийн байдлаар аялал жуулчлалын зөвлөхөөр нэг хүн ажиллаж байгаа. Энэхүү зөвлөх маань 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Чингис хааны түүх болон Хархорумын түүхийг гадаадын жуулчдад таниулах, жуулчдыг татах ажлыг хийж, хэрэгжүүлж байна. 

"Хархорум музей"-н хувьд бид Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч, хамтын ажиллагааны төслийн хүрээнд сайн дурын ажилтан, аялал жуулчлалын мэргэжилтэн ажиллуулж байгаа. Мөн Монгол Улсын соёлын салбарт "Чингис хаан музей"-д тоног төхөөрөмж нийлүүлэх тал дээр хоёр талын Засгийн газрын хэлэлцээр өрнөж байна" гэлээ. 

"Хархорум музей"-н захирал Т.Баяраа "Энэхүү музейг 2009 онд байгуулна гэх Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. 2010 онд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 6.7 тэрбум төгрөгөөр байгуулагдсан бөгөөд Орхоны хөндий дэх археологийн дурсгал, үзмэрийг хадгалж хамгаалах зориулалтаар байгуулагдсан музей. юм. Байгуулагдснаас хойш 13 жилийн хугацаанд манай музейгээр гадаадын 90.000, дотоодын 60.000 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Японы ард түмний хөрөнгө оруулалтаар боссон энэхүү музейг бид ард түмэндээ сурталчлан таниулж байгаадаа баяртай байдаг. 

Жуулчдын урсгал өмнө нь зөвхөн Хархориныг чиглэн ирдэг байсан бол одоо баруун аймгууд руу явдаг болсон байна. Тиймээс музей ирж үзэх хүмүүсийн тоо цөөрөх хандлага ажиглагдаж байна. Гэсэн ч нэг ирж үзсэн хүмүүс манай хосгүй үнэт үзмэрүүдийн үзэхээр дахин зорьж ирэх нь олон бий. Хархорум хотын малтлага судалгааны ажил дөнгөж эхэлж байна. Тиймээс музейн үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалттай холбоотой өргөтгөл хийх шаардлага бас үүсээд байгаа. 

Эрдэнэ зуу хийдийг үзчхээд "Хархорум музей"-г үзэлгүй өнгөрөх хүмүүс олон байгаа. Тиймээс Хархорум сумын зүгээс жуулчдын гудамж байгуулж байгаа. Энэ нь аялал жуулчалын урсгалыг нэг чигт болгох зорилготой" хэмээн дурдлаа. 

 

Шавар шатаадаг байсан зуух

Их хаадын сүншиг бүхий ваар

Ромын Пап ламын Гүюг хаанд илгээсэн захидлын хуулбар болон захидлын хариу Хархорум музейд бий

Эртний зоосон эдлэл

Амитаба бурхан

Хүннү гүрэн

Бортого малгайт хатны чулуун хөшөө

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top