Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд ДӨРВӨН ӨДӨР үргэлжилнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Үндэсний номын баярын нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд 09:00-20:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах ажээ. Оролцогчдын хүсэлт, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор номын баярыг нэг өдрөөр сунгаж байгааг номын салбарынхан талархан хүлээж авч байна.

Номын баярын өдрүүдэд дуу чимээ багатай байлгаж уншигчдад ном үзэж сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх үүднээс “Ногоон зүлгэн” дээр жижиг тайзан дээр сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэхээр ажиллаж байна. Баярт оролцогчдын 80 хувь нь 15-20 насны хүүхэд залуус байдаг. Энэ жилийн онцлог үйл ажиллагаанууд үүн дээр тулгуурлаж өрнөх болно. Дурдвал, “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт” гаргасан бөгөөд энэ хүрээнд парад, үзэсгэлэн гаргахаар ажиллаж байна.

Мөн захын дүүргийн сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт оролцуулах юм. Энэ жилийн 34 дэх удаагийн Үндэсний Номын баярыг зорин ирж буй гадны зохиолчдын хувьд өөрсдийн хөтөлбөртэйгөөр оролцож байна.

Тухайлбал ОХУ-ын төрийн шагналт Павел Басинский, Оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, хүүхдийн зохиолч, яруу найрагч Анастасия Игоревна Строкина, яруу найрагч Игорь Сид, Халимагийн түүхч, нийгмийн зүтгэлтэн, зохиолч Басан Захаров, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Хятадын зохиолч Хань Зин Хүй, Өмнөд Монголын зохиолч Сономцэрэн болон Жэймс Жойсын нэрэмжит олон улсын, Италийн утга зохиолын Grinzane Cavor, Францын утга зохиолын Courrier international шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа нар шинэ номын нээлт, уншигчдын уулзалт, тусгай лекцүүдээ уншихаар болоод байна. Хэвлэн нийтлэгчдийн зүгээс Олон улсын номын зах зээлд номоо гаргасан өөрсдийн туршлагаас эхлээд орчин үеийн номын тухай подкастууд шинэ номын нээлт, шинэ хэвлэлийн газруудтай танилцах ярилцлагуудыг зохион байгуулж, үйл ажиллагаа нь хоёр тайзан дээр зэрэг явагдах юм.

Өнгөрсөн хаврын 33 дахь удаагийн номын баяраар “Номын соёлт ертөнц” ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан номын тэтгэлэг олгох, нийтлэгчдээ дэмжих шагналын сан бүхий “Номын грант” бий болгосон бөгөөд анхны тэтгэлгийг герман хэлний орчуулагч, зохиогч А.Цэрэнчулуун Улаанбаатар хотын түүх, соёл, хотын аяллын сэдвээр бичсэн номуудаараа хүртсэн билээ. Энэ жилийн номын баяраар уг тэтгэлгийг ямар бүтээлд олгох, УИХ-ын даргын нэрэмжит “Мэргэн ном” цомоор ямар бүтээлүүдийг онцлон шагнах нь олны анхаарлыг татаж байна. Номын баяр бол зөвхөн ном худалдан авах, түгээх ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй оролцогч нэмэгдсэн байна. Номын баярыг дунджаар 240 мянган хүн зорин ирдэг бөгөөд МОНЦАМЭ агентлаг албан ёсны хэвлэлийн түншээр ажиллаж, олон улсад англи, орос, хятад, япон болон үндэсний монгол бичгээр тус тус мэдээ, мэдээлэл түгээдэг. Манай ТББ нь Үндэсний номын баярыг жилд хоёр удаа хавар, намар зохион байгуулдаг.

Мөн “Номын ертөнц” нэвтрүүлгийг ТВ9 телевизээр долоо хоног бүр үзэгчдэд хүргэж байна. Номын баярын үеэр номын мэдээллийг багцалсан “Номын ертөнц” сэтгүүлийг 5000 хувь хэвлэн үнэ төлбөргүй уншигчдад түгээдэг. “Редактор” клуб хамтын ажиллагааныхаа хүрээнд ном редакторлох, редактор зүй, ном зүйн соёлыг агуулсан бүтээлүүд дээр ажиллахын сацуу сургалт хийж, ном зүйн соёлыг анхлан ном бүтээгчдэд ойлгуулах зорилгоор ажиллаж байна. Мөн байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубийн сурагчид номын баярын арын албанд ажиллах гол хүчийг бүрдүүлдэг бөгөөд энэ жил 100-150 орчим хүүхэд ажиллана.

Зохион байгуулагч: “Номын соёлт ертөнц” ТББ Хамтран зохион байгуулагч: УИХ-ын даргын Ажлын алба, Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Мэдээллийн түнш: МОНЦАМЭ агентлаг, “Mplus” Дэмжигч:“Ёкозунанет” ХХК, Surprise shop, “Хагаан” хэвлэлийн газар Өглөг өргөсөн: Либерти паб

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top