Банкны IPO-2: Банкуудын хувьцааны төвлөрлийг задлах 20 хувийн хэлцлүүд

2023 оны 09 сарын 16

Монголын санхүүгийн зах зээлийн системийн таван том банкны IPO амжилттай боллоо.

Банкуудын санал болгосон хувьцааг худалдаж авах олон нийтийн эрэлт өндөр байв. Ийнхүү арилжааны таван банк Монголын хөрөнгийн зах зээлийн лангуун дээр сонирхол татах бүтээгдэхүүн болж байна. Банкууд хувьцаа гаргаснаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин өсөж, 10 их наяд төгрөг давлаа.

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үед төрийн олон аж ахуй нэгжийн хувьцааг авах цэнхэр, ягаан тасалбар хэмээн нэрлэдэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг иргэн бүрдээ таарсан нь баялгийн тэгш, хүртээмжтэй хуваарилалт хийх оролдлого байсан. Гэвч монголчуудын олонх нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгийнхээ үр өгөөжийг үзэж чадахгүйгээр барахгүй гомдолтой явдаг. Тухайн үед эрх мэдэлтэй, мэдээлэлд илүү ойр байсан нь энэхүү хувьчлалаар хөрөнгөжсөн нь өнөөдрийн баялгийн тэгш бус байдлын суурь болсон гэдэг. Гэхдээ алдаа, оноотой ч 1990-ээд оны хувьчлал нь Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх суурийг тавьсан билээ. Тэгвэл системийн нөлөө бүхий банкуудын IPO нь баялгийн дахин хуваарилалтын хоёр дахь том давлагааг үүсгэлээ гэж дүгнэж болохоор байна. Хэдийгээр банкууд хувьцааныхаа 5-10-хан хувийг олон нийтэд санал болгосон ч энэ бол түүхэн үйл явдал байв.

Төр, засгаас санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн орчноо сайжруулах зорилгоор банкуудыг албан хүчээр шахаж хувьцааг нь олон нийтэд арилжуулж буй. Тодруулбал, Банкны тухай хуульд ирэх 30-ны өдөр гэхэд хувьцаагаа олон нийтэд худалдсан байх заалт тусгасан. Банкууд тогтоосон хугацаанд хуулиар ногдуулсан үүргийг биелүүлсэн хэрэг. Гэхдээ энэ бол “банкны IPO” хэмээх шинэчлэлийн бодлогын үйл явцын нэгдүгээр анги юм. Нэгдүгээр анги амжилттай төгслөө.

Харин хоёрдугаар анги нь хэрхэх бол. Хуульд нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд банкны хувьцааны 20-оос дээш хувийг эзэмшихийг хориглосон заалт тусгасан. Өөрөөр хэлбэл, аль нэг гэр бүл дангаараа том банкны 20 хувь хүртэлх л хувьцааг эзэмшиж болно гэж ойлгох хэрэгтэй. Хуулийн эл заалтыг банкууд ирэх оноос өмнө хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр банкуудад хагас жилийн хугацаа байна гэсэн үг.

Манай банкуудын хувьцааны дийлэнхийг 2-3 хувьцаа эзэмшигч эзэмдэг. Тэд нэгдмэл сонирхолтой этгээд байх нь түгээмэл. Тэгэхээр тэд тухайн банкнаас эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээг 20 хувь болгож бууруулж худалдах шаардлагатай тулгараад байна. Банкуудын хувьцааны төвлөрлийг задлах нь өнөөдөр Монгол Улсад үүссэн баялгийн хэт төвлөрөл, тэгш бус байдлыг бууруулах гол алхмын нэг.

Монголд банкуудын хувьцааг худалдаж авах мөнгөтэй хүн байхгүй, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг нь сунгах хэрэгтэй гэсэн явган яриа гарч байна. Ийм яриаг банкны хөрөнгө оруулагчид гаргаж байж магадгүй. Баталгаагүй эх сурвалжуудын мэдээллээр банкны IPO хийх хуулийг томоохон хөрөнгө оруулагчид нь битүүхэн эсэргүүцсээр ирсэн билээ. Хуульд 2021 оны эхээр нэмэлт, өөрчлөлт оруулж, IPO хийх, дараа нь хувьцааныхаа төвлөрлийг задлах үүргийг өгсөн. Түүнээс хойш даруй гурван жил өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, банкуудад бэлтгэл хангах хангалттай хугацаа байсан гэсэн үг. Тиймээс хуулиар тогтоосон хугацаанд банкуудыг хувьцааныхаа төвлөрлийг задлахыг шаардах хэрэгтэй.

Хувьцааныхаа төвлөрлийг задлах сорилт ХААН, “Голомт”, Худалдаа, хөгжлийн банканд тулгарахаар харагдаж байна. “Хас” болон Төрийн банканд ийм сорилт тулгарахгүй. “Хас” банк 10 гаруй томоохон хөрөнгө оруулагчидтай байсан. МАК компани тус банкны хувьцааны 20 хувийг эзэмшдэг. Үүнээс илүү өндөр дүнтэй хувьцаа эзэмшигч байхгүй юм. Өөрөөр хэлбэл, хувьцааны төвлөрөлгүй банк гэсэн үг. Харин Төрийн банк төвлөрлөө сааруулах сорилтоос эрх зүйн зохицуулалтаар мултарсан. Учир нь хуульд тус банкийг төвлөрлөө сааруулах шаардлагагүйгээр, чөлөөнд үлдэх зохицуулалт хийсэн юм. Тодруулбал, Банкны тухай хуульд банкны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан тусгай зориулалтын банк, төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкны төрийн эзэмшлийн хувьцааны төвлөрлийг задлахгүй байхаар зохицуулсан. Энэ нь Төрийн банканд зориулсан зохицуулалт гэдэг нь тодорхой. IPO хийсний дараа Төрийн банкны хувьцааны 49.27 хувийг Сангийн яам, 45.03 хувийг “Хадгаламжийн даатгалын корпорац” эзэмшиж байна.

Тэгвэл үлдэж буй гурван банкны хувьцааг хэн, хэдэн хувиар эзэмшиж байна вэ.

Нэг. ХААН банк

Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эйч Эс холдингс” компани ХААН банкны хувьцааны 40.99, “Таванбогд трейд” 22.78, Д.Хулан 13.22, “Эйч Эс интернэшнл лимитэд” 8.78 хувийг нь эзэмшиж байна. “Эйч Эс холдингс”, “Эйч Эс интернэшнл лимитэд” хоёр нэг эзэнтэй. Тиймээс нэгдмэл сонирхолтой гэсэн үг. “Таванбогд трейд” нь Ц.Баатарсайхан ба Д.Хулангийн гэр бүлийн компани. Мөн л нэгдмэл сонирхолтой гэсэн үг. Тэгэхээр “Эйч Эс холдингс”-ийнхан ХААН банкны өнгөрсөн долоо хоногийн хаалтын ханшаар 643 тэрбум төгрөгийн үнэ бүхий 29.77 хувийн хувьцааг худалдах шаардлагатай байх нь. Харин “Таванбогд трейд”-ийнхэн 345 тэрбум төгрөгийн үнэ бүхий 16 хувийн хувьцаагаа худалдах шаардлагатай болж байна.

Хоёр. “Голомт” банк

“Голомт” банк хувьцааны 77.19 хувийг “Голомт файнэншил групп” эзэмшдэг. Мөн “Swiss-Mo Investment” 5.21, “Бодь интернэшнл” 3.42, “Голомт инвестмэнт лимитэд” 2.57 хувийг нь эзэмшдэг. “Голомт файнэншил групп”, “Бодь интернэшнл”, “Голомт инвестмэнт лимитэд” компани нэгдмэл сонирхолтой этгээд. Тэд “Голомт” банкны хувьцааны 83.18 хувийг эзэмшдэг. Тэгэхээр тэд өнгөрсөн долоо хоногийн хаалтын ханшаар 497 тэрбум төгрөгийн үнэ бүхий 63 хувийн хувьцаагаа арилжих шаардлагатай тулгарч байна.

Гурав. Худалдаа хөгжлийн банк

Худалдаа хөгжлийн банкны хувьцааны 64 хувийг Сингапурт бүртгэлтэй “Globull investment and development PTE LEDPTE LED” эзэмшдэг. Харин дотоодод бүртгэлтэй “Ти Ди Би капитал” 31.25 хувийг нь эзэмшиж буй. Энэ хоёр компани “Сахал” хэмээн алдаршсан Д.Эрдэнэбилэгийнх. Тэгэхээр Д.Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийн банкны хувьцааны 70 орчим хувийг худалдах шаардлагатай тулгарна. Өнгөрсөн долоо хоногийн хаалтын ханшаар тус банкны хувьцааны 70 хувь нь 1.17 их наяд төгрөгтэй дүйж буй.

Нийлүүлээд тооцохоор дээрх гурван банкны хөрөнгө оруулагчид нийт 2.6 их наяд төгрөгийн хувьцааг жил хагасын хугацаанд борлуулах нь. Энэ үйл явдал томоохон сорилт болох нь гарцаагүй. Банкуудын нийт хадгаламж 18.8 их наяд төгрөгт хүрсэн. Банкуудын хувьцааг худалдаж авъя гэвэл монголчуудад мөнгө бий. Банкуудын хувьцааг шинээр байгуулсан хөрөнгө оруулалтын сангууд сонирхоно. Мөн томоохон групп компаниуд сонирхох нь дамжиггүй. Гадаадын хөрөнгө оруулагчид ч сонирхож байгаа нь дамжиггүй. Монголд банкуудын хувьцааны 20 хувийг шууд худалдаад авчихаж чадах хөрөнгө оруулагч ховор. Тэгэхээр хөрөнгө оруулагчид хувьцаагаа ихээхэн жижиглэж арилжих болов уу гэж төсөөлж байна.

“Банкны IPO” шинэчлэлийн бодлого хэрэгжсэний дараа банкууд олон хөрөнгө оруулагчидтай болох нь ойлгомжтой. Олон хөрөнгө оруулагчтай болсон банкны хяналт, засаглал сайжирна. Баялгийн төвлөрөл задарна. Засаглал нь сайжирвал банкууд тогтвортой үйл ажиллагаа явуулна. Энэ нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд нэн тустай юм. Манайд эзэд банкаараа дамжуулан томоохон бизнест эзэн суух, бүлэглэл байгуулах явдал гаргах болсон. Банк олон хөрөнгө оруулагчтай болсноор ийм зохисгүй зүйл ч арилна. Баялгийн өгөөжийг олон нийтэд тэгш хуваарилах талаасаа ч, эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох талаас ч банкны шинэчлэл нь маш үр дүнтэй бодлого гэдэгт эргэлзэх хэрэггүй биз.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
I(103.212.119.180) 2023 оны 09 сарын 21

Baatarsaihan Erdenebilegtee niilchij bolkumuu 2uulaa snsht

1  |  1
Top