Агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулснаар 120 гаруй хүний АМЬ НАСЫГ авран хамгаалжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 16

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдаж, жил гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг нь Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл” юм.

Уг төслийг хэрэгжүүлснээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтарч ажилласан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Сэбастиен Сүрүн болон үе үеийн Элчин сайдууд, танай яамны хамт олон, төслийг хэрэгжүүлэгч бүх оролцогчдод Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Шадар сайдын зүгээс цаашид гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч, Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийг орчин үеийн, бие даасан мэргэжлийн аврах анги болгон хөгжүүлэх зорилтыг бүх талаар дэмжин ажиллах болно” гэлээ.

Харин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн “Бид энд төсөл, техник, сургалт, чадамж яриад байгаа мэт боловч үүний ард юугаар ч үнэлэшгүй хүний амь нас байгаа. Тиймээс Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаа Онцгой байдлын байгууллагад маш чухал юм. Францаас ирж мэдлэг, туршлагаас гадна хүний мөн чанараасаа хуваалцаж байгаа мэргэжилтнүүддээ баярлалаа” хэмээв.  

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл 120 гаруй монгол хүний алтан амийг аварч, өдий хэмжээний айл өрх элэг бүтэн үлдсэн нь энэ ангид ажиллаж байгаа алба хаагч бүрийн гавъяа юм” хэмээн онцлов.

Тус төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад евро стандартын шаардлага хангасан нислэгийн болон аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, иж бүрэн дэд бүтэц бүхий ангар, эрэн хайх, аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зориулалтаар иж бүрэн тоноглогдсон нисдэг тэргүүдийг нийлүүлж, Монгол залуучуудыг нисэгч, инженер, техникийн ажилтнаар сурган дадлагажуулж үндэсний боловсон хүчнийг бэлтгэж байгаа юм.

Тухайлбал, Төслийн хүрээнд нисдэг тэрэгний 12 нисгэгч бэлтгэхээс найман анхлан сурагч, дөрвөн туршлагатай нисгэгчийг бэлтгэж, үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш нисгэгч тус бүр 68 цагийн нислэг үйлдээд байна.

Түүнчлэн Агаараас эрэн хайх аврах 111 анги байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагааны 86 удаагийн дуудлагаар 237 цаг 30 минутын нислэг үйлдсэн. Ослын улмаас бэртэж гэмтсэн болон эрүүл мэндийн хүнд заалттай газраар тээвэрлэх боломжгүй, амь насаа алдах өндөр эрсдэлд орсон 120 гаруй хүний амь нас, аюулгүй байдлыг ханган анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй шуурхай хүргэж, амь насыг нь авран хамгаалсан үр дүнтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  •  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top