Олон өнгө | #STANDUPFORAUTISM

2023 оны 09 сарын 22

Хичээлийн шинэ жил дөнгөж эхлүүт л аутизмтай хүүхдүүдийг гадуурхсан, тусгаарласан, зодсон цэцэрлэг, сургуулийн багш нар, анги хамт олны тухай нэг бус гомдол, шүүмжлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөвөрсөн. Ийм хүүхэд байдаг тухай, тэр бидний л нэг гэдгийг эцэг, эхчүүд яагаад үр хүүхдүүддээ хэлж ойлгуулдаггүй юм бол оо? Зарим эцэг, эх хүүхдүүддээ ойлгуулах бүү хэл, тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагад хандан хүүхдээ аутизмтай хүүхэдтэй нэг ангид оруулахгүй, хамт суулгахгүй хэмээн тэмцдэг гэх. Өөрийн үр хүүхдийг өвөр дээрээ бөөцийлж, сурч мэдэх эрхтэй, сургууль, цэцэрлэгт явах ёстой гэх атлаа бусдын үрсийг буландаж хараад, өөлж голж байдаг мөн ч бөх зүрх сэтгэл шүү, тийм ээ. Аливааг тайлбарлаж, ойлгуулах учиртай багш нар хүртэл аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхаж, зоддог, харанхуй өрөөнд аваачиж цоожилдог нь бүр ч  харамсалтай, эмгэнэлтэй,  бодохоос ч гутамшигтай яа. Зоддог, харанхуй өрөөнд цоожилдог гэж гүтгээгүй шүү, энд. Бүгд баримттай, болсон явдал учраас л дурдаж байна.

Өчигдөрхөн сэтгүүлч найз маань  “Аутизмтай хүүхдийг сургуулийнхаа аялалд оролцохыг нь хориглосон тухай мэдээг сонсоод үүнийг бичих хэрэгтэй гэж бодлоо. Ямар ч төрсөн өдрийн баярт уригддаггүй хөвгүүд, охид байна. Ямар нэгэн багт орох хүсэлтэй байдаг ч тэднийг багтаа оруулснаас ялах нь илүү чухал учраас оруулдаггүй. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тийм ховор, эсвэл гайхаад байхаар зүйл биш. Тэдний хүсдэг ганцхан зүйл нь хүлээн зөвшөөрөгдөх.  #STANDUPFORAUTISM” хэмээн нүүр номдоо постолсон байсан. Мөн постыг шэйрлэхгүйгээр хуулж аваад түгээхийг уриалсан байсан. Гэтэл тэгж түгээсэн хүн бас л цөөхөн харагдсан.

Цогт эх оронч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг та бид унших дуртай.  “Тэнгэр шиг бай” шүлгийг нь бие биедээ илгээж тэнгэр шиг бай гэлцэн сургаал айлдаггүй сэн бил үү. Саяхан Ромын Пап хүртэл тэрхүү шүлгээс эшлэн  “Монголчууд та бүхэн тэнгэр шигээ байгаач” гэж номлоод буцсан. Нэг л тэнгэрийн дор оршиж буй Монгол хэмээх нэгдмэл нэг л улсын иргэд атал бид нэгнээ аутизмтай гэж хэдий болтол алагчлах вэ. Байтлаа  аялалд  хүртэл оролцуулахгүй гэж эрхийг нь хязгаарлан хялалзаж байна гэнэ. Бид эх орондоо байна, би, та, чи, бид бүгдээрээ тэгш эрхтэй. Бид адилхан монгол хүн. #STANDUPFORAUTISM”.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.146) 2023 оны 09 сарын 23

Хүн гадуурхах хандлагатай хүний өөрийнх нь сэтгэц эрүүл байдаггүй.

1  |  0
Top