БНХАУ-д богино хугацааны сургалтад хамрагдах анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төлөөлөл 30 сувилагч өнөөдөр ӨМӨЗО-ны Хөх хотыг зорилоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн тавдугаар сард болсон Сувилагчдын өдрөөр салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, сувилагч, эх баригч мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бүх шатны эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригчийг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахаа амласан.
Энэхүү амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээ өрнүүлсний үр дүнд 200 сувилагч, эх баригчийг БНХАУ, БНСУ-д сургахаар болсны эхний ээлж ийнхүү өчигдөр /2023.09.21/ явсан юм.
ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулж буй уг сургалтад хамрагдаж буй сувилагчдыг ӨМӨЗО-ы Хөх хотын Монгол эмнэлгийн хороо хүлээн авчах бөгөөд өдөр тутмын ажилд нэн шаардлагатай тодорхой сэдвүүдээр хичээл зааж, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцуулах зэрэг арга хэмжээг төлөвлөсөн байна.
Сургалтад оролцохоор явж буй сувилагчидтай ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр уулзаж мэргэжил мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх гадаад сургалтын хөтөлбөрт оролцохоор шалгарсанд баяр хүргэж амжилт хүслээ. Тэрбээр ЭМЯ-наас энэ онын арваннэгдүгээр сард багтаан 200 сувилагч, эх баригчийг БНСУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаад байгааг хэллээ.
Гадаад сургалтад өмнө нь голдуу эмч нар хамрагддаг байсан бөгөөд сувилагч болон эх баригч нарыг нэг дор ийм олноор нь явуулж байгаагүй юм. Тиймээс эхний ээлжинд явж буй хүмүүсийн сургалтын үр дүнгээс дараа дараагийн хамтын ажиллагаа, гадаад сургалт үргэлжлэн явагдах тул өндөр хариуцлагатай оролцохыг С.Төгсдэлгэр дарга онцлон захив.
Сургалтад хамрагдаж буй сувилагч нарын төлөөлөл “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Сувилахуйн албаны арга зүйч Б.Нэргүй “Бид гадаад сургалтад хамрагдсанаар очсон газрын маань сувилагч нар ямар түвшинд ажил үүргээ гүйцэтгэдэг болон стандарт дүрэм, журмуудыг хэрхэн хэрэгжүүлдгийг мэдэж авна. Мөн манай улсын сувилахуйн хөгжил Өвөр Монголын сувилахуйн хөгжилтэй хэрхэн дүйцэж буйг газар дээр нь үзэх боломж гарна гэж бодож байгаа” гэж байв.
Мөн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Б.Хишигжаргал “Миний бие анх удаа гадаад сургалтад хамрагдаж байна. Энэхүү сургалт нь сувилагчдын ур чадварыг нэмэгдүүлж, дадлагажуулах зорилготой юм. Биднийг нэг баг болгон туршлага солилцуулан чадавхжуулж байгаа ЭМЯ, ЭМХТ-д талархал илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Хөх хотын сургалтын эхний ээлжийн багийг ЭМХТ-ийн Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Ш.Алтанцэцэг ахалж, ЭМЯ, Нийслэлийн ЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад таваас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа шилдэг 30 сувилагч явж буй юм. Сургалтад хамрагдах 100 эх баригчийн эхний ээлж ирэх сард БНСУ-ыг зорино.
Сэтгэгдэл ( 0 )