Бага Роберт Кеннеди АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа өндөрлүүлж, сунгаанаас гарснаар сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх, улстөрч ямар зорилго агуулж байгаа талаар шинжээчид үзэл бодлоо илэрхийлжээ.
Бага Роберт Кеннеди нэрээ татахаасаа долоо хоногийн өмнө гол хоёр өрсөлдөгчийн сонгуулийн штабт хандан, нэр дэвшигчидтэй уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэх санал тавьж байжээ. Ардчилсан намаас нэр дэвшихээр болсон Камала Харрис түүний саналыг үр ойшоосон бол харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп саналыг хүлээн авч, улмаар шинэ холбоотонтой болоод байна. “Кеннеди Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг дэмжив” гэсэн гарчиг 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр боломжгүй зүйл үгүй гэдгийг дахин батлав.
Бага Кеннеди Байден-Харрис-ын засаг захиргааны гадаад болон дотоод бодлогыг дэмждэггүй тул ийм сонголт хийж байна хэмээн тайлбарлажээ. Түүнд Камала Харрисын Ардчилсан намын их хурлын үеэр танилцуулсан Украиныг дэмжих стратеги таалагдаагүй байна. Кеннеди ч тэр, Трамп ч тэр ардчилсан намынхны өнөөгийн стратеги нь зөвхөн илүү олон хүнийг үхэлд хүргэхээс биш зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохгүй гэж үзэж байна.
Кеннеди ардчилсан намаас ковид цар тахлын үеэр явуулсан хүүхдүүдийг вакцинд заавал хамруулах бодлогыг шүүмжилж байв. Тэдний үзэж байгаар, энэ бодлогын улмаас насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд хүнд өвчлөл нэмэгдэхэд хүргэсэн аж.
Доналд Трамп Лас Вегаст сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр бага Кеннедийг тайзан дээр урьж байв. Экс ерөнхийлөгчийн хувьд хүндхэн хоёр долоо хоногийн ардаа үлдээж, сэтгэл хангалуун харагдаж байв. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч олон нийтийн санал асуулгын дүнгээр тэргүүлэх байр сууриа алдаж, рейтинг нь эргэлзээ бүхий мужуудын тал хувьд нь буурч байгаа нь харагдсан. Харрисын давуу байдлыг үл тоож болохгүй. Трамп сунгаа, олны өмнө үг хэлэх, ярилцлага өгөх зэрэг тактикт анхаарлаа түлхүү хандуулж байгаа ч стратегийн хувьд өрсөлдөгчөөсөө хоцорч явна.
Айдас аз жаргалын эсрэг
Ардчилсан намын их хурлаар Харрисын багийн цоо шинэ стратегийг танилцуулав. Байдены сурталчилгаанд Трамп “оршихын аюул”-ын дүртэй байсан бол Харрисын сонгуулийн штабын хувьд экс ерөнхийлөгч зөвхөн өнгөрсөн үеийг тойрсон сонгуулийн сурталчилгаатай “хачирхалтай” нэр дэвшигч болж хувирсан. Харин Харрис ирээдүй рүү харахыг санал болгож байна. Ингэхдээ тэрбээр нарийн асуудлаас зайлсхийж байна. Тэрбээр сэтгүүлчдийн ямар ч асуултыг үл ойшоож, ярилцлага өгөхөөс татгалзаж, зөвхөн урьдчилан төлөвлөсөн арга хэмжээнд оролцсоор сар гаруй хугацаа өнгөрөөд байна. АНУ-ын ардчилсан үзэл санаатай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний тоглоомын дүрмийг хүлээн авч, Камала Харрис гэгч хэн бэ, чухам юу хүсэж байгаа вэ гэсэн асуултын хариуг одоогоор нэхэхгүй байна.
Хэвлэлтэй харилцах харилцаагаа ийн багасгаснаар сонгогчдын дургүйцлийг хүргэхээс сэргийлэх боломжтой. Олны өмнө үг хэлэх нь Харрисын хүчтэй тал огт биш хэдий ч хэвлэлээс байнга зугтах ч бас боломжгүй. Ардчилсан намын нэр дэвшигчийн кампанит ажил нь хэлэх үгийг нь урьдчилан бэлдсэн сонгогчидтой хийх уулзалтууд болон ирэх есдүгээр сард төлөвлөгдсөн Трамптай хийх мэтгэлцээн зэргээс бүрдэх болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Сэтгүүлчидтэй хийх уулзалтыг хатуу хязгаарлаж, зөвхөн Харрист ашигтай үед л хийнэ.
Гол өрсөлдөгчдийн сонгуулийн сурталчилгаа хоёр эсрэг тэсрэг сэтгэл хөдлөл дээр суурилж байна. Тэр нь айдас ба хөөр баясгалан. Доналд Трамп сонгогчдыг коммунизмаар айлгаж, Харрисын сурталчилгааны хөтөлбөрийг “Kammunism” хэмээн хүүхэд шиг хочлоод байгаа. Шалтгаан нь Харрис олны өмнө цөөн гарахдаа томоохон корпорацуудад ногдуулах татварыг нэмэгдүүлэх санал тавьсан явдал юм. Түүний эл санаачилга нь туйлын популист чанартай, тэр байтугай бүр хачирхалтай гэж ажиглагчид онцолжээ. АНУ-ын эдийн засаг ухралтын ирмэг дээр тулж ирсэн энэ үед ийм санаа дэмжлэг авахгүй.
Амжилт муутай эдийн засгийн санал санаачилга дэвшүүлсэн Харрис гэхдээ “аз жаргалын кампанит ажил” идэвхтэй явуулж байгаа. Сонгогчидтой хийж буй уулзалтууд дээр нь асар олон шүтэн бишрэгчидтэй Megan thee stallion, Lil Jon, Quavo зэрэг репперүүд үг хэлдэг. Ардчилсан намын их хуралд л гэхэд жүжигчин Бен Стиллер оролцсон. Одоогийн байдлаар энэ бүхэн 2016 оны Хиллари Клинтоны явуулж байсан сонгуулийн сурталчилгааг санагдуулж байна.
Аутсайдерын зальжин төлөвлөгөө
Айдас, хөөр баяслын дунд харин бага Кеннеди алга болов. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа 22 хувийн рейтингтэй эхлүүлж, тав орчим хувьтай өндөрлүүлэв. Нэр хүнд нь ийн огцом унасан нь хэд хэдэн шалтгаантай.
Кампанит ажлынхаа үеэр Роберт Кеннеди цуврал утгагүй дуулианд хутгалдаж амжив. Жишээ нь түүнийг өнгөрсөн үед нохой идэж байсан хэмээн буруутгасан. Улстөрч өөрөө хэдэн жилийн өмнө Нью Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэнд үхсэн баавгайг дугуйн хамт үлдээснээ хүлээн зөвшөөрч байв. Энэ үйлдлээ тэрбээр “прэнк” хийх санаатай байсан гэж тайлбарласан байна.
Хамгийн гол нь Байден өрсөлдөөнөөс гарснаар бага Кеннеди гол давуу талаа алдсан. Тэр нь Ардчилсан намын сонголтоо тодорхойлоогүй сонгогчдын дэмжлэг байлаа. Байдены хувьд Кеннеди нүдэнд орсон өргөс байв. Харин Байденыг Харрисаар сольсноор Кеннеди бодит сонголт байхаа больсон. Улмаар улстөрч нэрээ татахаар шийдсэн. Гэхдээ болзолтойгоор. Трампт ялахад нь саад болохгүйн тулд тэр эргэлзээ бүхий мужуудад нэрээ татаж, харин “улаан” болон ”цэнхэр” мужуудад саналын хуудсанд бичигдсэн хэвээр байх юм. Түүнд ингэх ямар хэрэг байна вэ?
Ингэснээр санал хураалтаар нэр дэвшигчид ижил тооны санал авбал ерөнхийлөгчийг Төлөөлөгчдийн танхим сонгодог. Роберт Кеннедигийн үзэж буйгаар, Харрис, Трамп нар ялалтад хүргэх 270 саналаас 269 авна гэж тооцоолж байна. Ийм тохиолдолд конгрессменууд саналын тоогоор тэргүүлж буй гурван нэр дэвшигчийг, харин Сенат дэд ерөнхийлөгчид өрсөлдөж буй хоёр нэр дэвшигчийг сонгох ёстой. Доод танхимд санал хураалтыг блокоор буюу нэг муж нэг санал гэсэн зарчмаар явуулдаг. Ялалт байгуулахын тулд 26 санал авах ёстой. Нөхцөл байдал ингэж эргэвэл ялах боломж бий гэж Кеннеди үзэж байна. АНУ-ын түүхэнд ийм төрлийн санал хураалт 1800, 1825 болон 1837 онуудад гурван удаа тохиож байв. Харин энэ удаад ийм нөхцөл үүсэх магадлал бараг үгүй.
Өөрийн нэрээ саналын хуудсан дээр үлдээснээр, бага Кеннеди өөр нэг зорилго агуулж байж ч болзошгүй. Тэр нь аль болох олон санал авч, шинэ нам бүртгүүлэн, ээлжит дундын сонгуульд Ардчилсан нам болон Бүгд найрамдах намтай тулалдах.
Сонгуульд үзүүлэх нөлөө
Зарчмын хувьд бага Роберт Кеннеди сонгуулиас гарч байна. Энэ нь ямар нөлөөтэй вэ?
Хэрэв Кеннеди-г дэмжигчдийг 100 хувь гэж авч үзвэл түүнийг нэрээ татсаны дараа 20 хувь нь саналаа огт өгөхгүй, 30 хувь нь Харрисыг сонгож магадгүй ба харин үлдсэн 50 хувь нь Трампт ногдоно. Энэ нь хүч тэнцүү өрсөлдөөнд Трампт жинтэй хувь нэмэр болно.
Тиймээс Кеннедигийн сонгуулийн сурталчилгааны төгсгөл бол Трампт барьсан бэлэг. Ямартаа ч тэрбээр өөрт очих саналын 1.5-3 хувийг халааслах өргөснөөсөө салж байна. Сайн тал нь Трамп дэмжигчдийнхээ эгнээг шинэ сонгогчдоор тэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )