Намар бол урлаг, бусад нь зөвхөн улирал хэмээн хэлэлцэх нь бий. Уулын мод, ургамал ногоо алтан шаргал, гүн улаан, улбар шар өнгөөр сүлэлдэн уран зураг шиг гайхуулж, өглөөгүүр хяруу цавцайж, хүдэн манан хөшиглөөд намар цаг үлэмж гоёмсог нь үнэн. Сүү сааль өтгөрч, өрөм зузаарч, мал сүргийн тарга тэвээрэг гүйцэж, хадсан талбайд өвсний ааг анхилж, тариа ногоогоо хурааж, газар ээжийн шимийг жинхэнэ утгаар нь хүртдэг цаг бас л намар.
Гэвч зөвхөн улирал хэмээгдээд байгаа өвөл, хавар, зун бол үнэн хэрэгтээ энэхүү урлагийг үндэслэгч нь юм. Намар унасан ургамлын үрийг хатуу хахир өвөл өдөн цагаан хөнжил дороо хучин бүүвэйлж, хавар ханзарсан цасны шим, газар эхийн хэвлийн илчээр мөнөөх үр амилан соёолж, наран өөд урган тэмүүлж, зун цэцэг навчис нь гүйцэн ургаж гоёл зүүсгэлээ гайхуулан өнгө алаглаж, харин намар энэ бүхний ааг охь гүйцэн алтран халиурч, алаглан солонгорч хэн бүхний харааг булаан урлаг хэмээгдэж буй нь энэ. Хоромхон зуурын энэ урлаг харин тун удалгүй үр үндсээ газартаа шингээгээд хагдран гандаж, халцарч үрэгдэнэ.
Хүний амьдрал ч мөн л ижил. Залуу халуухан насыг л гоо үзэсгэлэн, ид хавын туйл хэмээгээд өтөлж өвгөрснөө ад шоо үздэг нь сүүлийн үед газар авсан. “Тэдээс дээш насныхан үтэр түргэн хойд энгэртээ очиж эх орон цэвэрлээд аль” гэдэг болж.
Гэхдээ мөнөөх өтөлж өвгөрөөд хадан гэр рүүгээ өдөр өдрөөр сэм сэмхэн зүглэж яваа өтгөс буурлууд байгаагүй бол энгэр цээжээ дэлдсэн энэ үеийнхэн ч байхгүй, булааж бухаж “миний” хэмээн өмчилдөг эх орон ч үгүй байх байв. Тэр өтгөс зүйрлэвэл үр хойчоо халуун өвөртөө өлгийддөг өвөл, хэвлийгээсээ соёолуулдаг хавар, ид шидийг нь гүйцээдэг зун юм. Өнөөдөр омогшоод буй залуус үзэсгэлэн төгөлдөр намар юм. Гэхдээ намар дуусахад өвөл болж улирал ээлжилдэг шиг хэдхэн жилийн дараа шинэ үе түрэн ирж өнөөгийн залуус өвгөдийн жимээр гэлдрэх нь хорвоогийн хатуу үнэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )