Хүн бүр үнэртэй, тэр нь өөр өөр. “Хүний үнэргүй амьтан” гээд л хэлдэг. Тэр нь үйлдсэн үйлийг нь үл өөгшөөж буйн хэлбэр.
“Дотогшоо, аминч, хувиа хичээсэн хүний хүрд жижгэрч үнэр ялгаруулахгүй болсон байдаг тул ийм хүн бусдад хань, нөхөр болдоггүй, харалган байдаг. Тусархуу, сайхан сэтгэлтэй, бусдад өөрийгөө илэрхийлдэг, илүү ихийг түгээдэг, бусадтай нийцэл зохицолтой байх тусам тухайн хүний хүрд томорч зүйт үнэрээ ялгаруулдаг. Хүний үнэр гэж үүнийг хэлнэ” хэмээх.
Элдэв энгэсэг түрхэхгүй мөртлөө тийм нэг гоё үнэртэй хүн байдаг. Эрчим нь хэвийн, энэрэл нь элэгсэг, элдэв муу үнэр үгүй мөр цагаан, мөр бүтэн яваа өөрөөр хэлбэл, гэрлэн бие нь гэмтээгүй гэгээн хүн гэмгүй л үнэртэй явдаг. Үнэрээ өөрөө ч мэддэггүй, өрөөл ч бас хэлээд байдаггүй. Эвгүй үнэртэй хүнтэй нэг дор суухад толгой өвдөж, дотор муухайрдаг тул “Эвгүй үнэртэй” гээд хэлчихэж хэн ч зүрхлэхгүй зөрөөд л өнгөрнө. Тэр байтугай таван цул нь тансаг хэвээр бол муу үнэр дарангуйлахгүй. Эрүүл бол элдэв үнэр энгийн байх.
Эвгүйд баригдсан хүн л эхүүн үнэр сэнгэнүүлж эгшээж явдаг гэмтэй гэх. Тиймээс ямар үнэртэй яваагаа явцын дунд мэдчихэд гэмгүй. Нас ахиад ирэхээр давсаг суларч, даамай найтаахад л доош дусах бол юу ч биш. Үнэр таагүй болгодог үс, шүд, суга цавины таагүй үнэрийг ямагт цэвэрлэж, цэмцгэр явах нь зүйд нийцэх. Явцын үнэр яах вэ, ялгарах үнэргүй болчихвол яанам билээ.
Сэтгэгдэл ( 0 )