АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс зөвхөн АНУ-ын төдийгүй дэлхий дахин сайн сайхан байдал шалтгаална. Ихэнх америкчууд Доналд Трамп үндэстний баялгийг үржүүлэх даалгаврыг хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа бол эдийн засагчид эсрэгээр Камала Харрисыг дэмжиж, Трампыг дэлхийн эдийн засгийг аюулд унагана гэж үзэж байна. Хэн нь зөв бэ? Яагаад арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын түүхэн сонгуулийн эдийн засгийн гол үр дагавар Харрис, Трамп хоёрын эдийн засгийн хөтөлбөр болон багт огт хамаагүй вэ?
Яагаад эдийн засаг улс төрөөс илүү чухал вэ
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа улс төрийн шуугиан, бие биеийгээ фашист, марксистаар харилцан дуудсан, Америкийн ардчиллын хямрал болон иргэний дайны тухай яриагаараа олон хүний санаанд үлджээ.
Эдийн засгийн асуудлыг бараг хөндөөгүй. Гэсэн ч эдийн засаг л энэхүү сонгуульд шийдвэрлэх ач холбогдолтой. Үүнд хоёр шалтгаан бий.
Нэгт, АНУ-ын сонгогчдын хамгийн их санааг нь зовоож буй асуудлын жагсаалтад эдийн засгийн тогтвортой байдал нэгдүгээрт бичигдэж байна. Ардчилалд аюул нүүрлэсэн эсэх, цагаачлал, үр хөндөлт, зэвсэг, Орос, Ойрх Дорнод зэрэг асуудлууд хойно хоцорчээ.
Хоёрт, АНУ найтаахад хөгжингүй орнууд хамрын ханиад хүрдэг бол хөгжиж буй онууд томуу тусаж, хэвтэрт ордог. АНУ нь дэлхийн хамгийн том эдийн засаг ба санхүүгийн мотор, борлуулалтын хамгийн чухал зах зээл, газрын тос, байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч. Ам.доллар нь дэлхийн нөөцийн болон төлбөр тооцооны гол валют.
АНУ-ын асуудал дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Европын эдийн засгийн уналтад хүргэх, Хятад болон хөгжиж буй бусад улсад илүү хүчтэй цохилт өгдгийг 2008 оны АНУ-ын санхүүгийн хямрал тодхон харуулсан. Дэлхий дахин өнөөг хүртэл үр дагаврыг нь амссаар байгаа.
Тодорхойгүй байдал
Трампын эдийн засгийн хөтөлбөр Харрисын санал болгож байгаагаас радикал шинжтэй. Гэхдээ Америкийн эрх мэдлийн систем огцом хөдөлгөөнийг хязгаарладаг. Татвар эсвэл төсвийн зардлыг огцом бууруулахын тулд Конгрессын ногоон гэрэл хэрэгтэй. Радикал байх тусам ногоон гэрэл асах магадлал бага. Харин Нобелийн шагналт эдийн засагчид ямар ч эдийн засгийн хөтөлбөрөөс илүү нөлөөтэй хүчин зүйлс бий гэж үзэж байна.
“Эдийн засгийн өсөлтийн хамгийн гол нөхцөл бол хуулийн засаглал ба эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал. Харин Трамп аль алинд нь заналхийлж байна” гэж санал хураалтаас өмнө Нобелийн шагналтнууд ил захидлаараа сэрэмжлүүлжээ.
Орчин цагийн эдийн засгийн үндэс суурь нь хэрэглээ ба хөрөнгө оруулалт. Тодорхойгүй байдал нь хэрэглэгчдийг зардлаа танах, бизнесүүдийг төслөө хойшлуулж, ажлын байрыг цомхотгоход хүргэдэг.
Хуулийн засаглал болон ардчилсан институтүүд өрнөдөд хувийн өмчийн баталгаа болж, хөгжил цэцэглэлт, давуу байдлыг бий болгосныг 2024 оны Нобелийн эдийн засгийн шагналт Дарон Асемоглу баталсан. Харин Трамп нь эдийн засагчдын хувьд тодорхойгүй байдлын бэлэг тэмдэг. Тэр өмнөх сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам суурь өөрчлөлт хийнэ хэмээн амлаж байгаа. Түүний унагасан үгнээс аль нь хэрэгжих нь тодорхойгүй.
Трамп юу амлаж байгаа вэ
Доналд Трамп татварыг далайцтай бууруулах, нийгмийн зардлыг зоригтой танах, төрийн зохицуулалтыг багасгах, Байдены “ногоон” хуулиудыг хүчингүй болгох, газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгчдэд тавьсан хязгаарлалтуудыг цуцлахыг амлаж байгаа. Эдгээр бөгөөд бусад олон амлалтуудыг хэрэгжүүлэхэд Сенатаас дэмжлэг авах хэрэгтэй. Гэхдээ дэмжлэг авах нь эргэлзээтэй. Харин эргэлзээгүй нэг зүйл бий. Тэр нь ерөнхийлөгчийн бүрэн эрхээ АНУ-ын төдийгүй дэлхийн эдийн засагт шийдвэрлэх ач холбогдолтой гол хоёр амлалтаа биелүүлэхэд ашиглана.
-Нэгдэх нь Хятад болон Европтой хийх худалдааны дайн. Трамп Цагаан ордонд анх ирэхдээ Хятадын бүх бараанд 25 хувийн татвар ногдуулж, Европын хэд хэдэн барааны татварыг нэмэгдүүлж байсан. Хятад, Европын Холбоо хоёрыг шийтгэж дөнгөөгүй. Харин Америкийн хэрэглэгчид төлөөсийг нь төлсөн. Харин одоо Трамп татварыг 60 хувьд хүргэж, хөрш Мексик дэх Хятадын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлана гэж амлаж байна. Ингэснээр, Хойд Америкт хүртэл чөлөөт худалдааны “хойдохыг уншина” гэсэн үг. Түүнчлэн, Трамп Европ, үйлдвэрлэлээ хилийн чанадад гаргасан АНУ-ын компани болон олон улсын төлбөр тооцоондоо ам.долларыг хэрэглэхийг хүсэхгүй байгаа орнуудад импортын татвар ногдуулна хэмээн сүрдүүлж байгаа. Блүмберг агентлагийн шинжээчдийн тооцоолсноор, Трампын татварууд дараагийн сонгууль буюу 2028 он гэхэд АНУ-ын эдийн засагт ДНБ-ий 0.8-1.3 хувьтай тэнцэх хэмжээний хохирол учруулна. Энэ бол асар их мөнгө. АНУ-ын ДНБ нь өдгөө 30 их наяд ам.доллар бол дөрвөн жилийн дараа 34 их наядад хүрнэ гэж Олон улсын валютын сан үнэлсэн байдаг.
-Хоёрдох амлалт нь цагаачдыг албадан гаргах. Хууль бус цагаачдыг албадан гаргаснаар хэдэн зуун тэрбум, бүр их наяд ам.долларын хохирол учруулна гэж шинжээчид тооцоолжээ. Ажиллах хүч бага байх тусам ДНБ буурна гэжээ. Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох дундаж орлого буурна гэсэн үг. Одоогоор цагаачдын ачаар тус улс Европоос илүү хурдацтай хөгжиж байгаа. Саяхан дээд хэмжээнд хүрсэн цагаачдын урсгал АНУ-ын ДНБ-ийг долон их наяд ам.доллароор нэмэгдүүлж, төсөвт нэг их наяд ам.долларын орлого оруулсан гэж Конгрессын төсвийн хороо тооцоолжээ.
Эдийн засгийн хувьд Харрис яагаад ялагдаж байгаа вэ
Харрис одоо ч гэсэн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа бөгөөд сонгуульд ялсан тохиолдолд одоогийн засаг захиргаанаас явуулж байгаа татварын болон төсвийн бодлого үргэлжилнэ гэсэн хүлээлт бий. Түүний сонгуулийн хөтөлбөрт дундаж ангийн татварыг бууруулах, жижиг бизнес, стартапыг дэмжих, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх заалтууд тусгагдсан. Хэдийгээр Байдены үед Америкийн эдийн засаг уналтаас зайлсхийж, таамгаас илүү итгэлтэй өсөж байгаа ч эдийн засгийн фронт дээр Харрист хамгаалалтад шилжихээс өөр аргагүйд хүрээд байгаа. Учир нь америкчууд Трампын үед амьдрал нь илүү сайн байсан гэж үздэг. Энэ нь цар тахлаас өмнө үнэ тогтвортой, зээлийн хүү бага байсантай холбоотой. Ковидын дараах 10 хувийн инфляцыг үзсэн тэдний хувьд амьдралдаа анх удаа үзэж буй цочирдол байсан.
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй
Трамп, Харрис нар сонгуулийн сурталчилгааны үеэр амлаж байснаа алийг нь биелүүлэх нь тэдний хэлсэндээ хэр хүрдгээс гадна Сенатын дэмжлэгээс шалтгаална. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн Сенатын танхимын гуравны нэгийг давхар сонгоно. Тиймээс нөхцөл байдал хэрхэн өрнөхийг шийдэх өдөр нь арваннэгдүгээр сарын 5.
Трамп ч тэр, Харрис ч тэр АНУ-ын ДНБ-ий 100 хувьд ойртож байгаа асар их өрийг буруулах, төсвийн алдагдлыг нөхөх талаар дуугараагүй. Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиевагийн хэлснээр, АНУ-ын төсвийн алдагдал, өр нь өмнө нь өндөр байсан. Гэвч сүүлийн жилүүдэд асуудал улам гүнзгийрчээ. Тэрбээр “Нартайд дээврээ засах ёстой. Гэвч төсвийн алдагдал, өрийг хойш тавих хүсэл үргэлжид байсан. Эдийн засаг итгэлтэй өсөж байгаа энэ үед эл трендийг эргүүлэх цаг нь болсон” гэжээ. Гэсэн хэдий ч улс төрийн хувьд үүнийг хийхэд хүндрэлтэй. Учир нь үүний тулд зардлаа танаж, татвараа нэмэгдүүлэх ёстой.
Трамп, Харрис хоёрын хөтөлбөрт ийм зүйл бичигдээгүй. Гэхдээ Трамп ялсан тохиолдолд гол ивээн тэтгэгч Илон Маскт мөнгөний авдраа даатгана гэж амлаж байгаа. Илон Маск нь төсвийг бараг гуравны нэгээр танана гэж сүрдүүлж байгаа. Харин үүний тулд Конгрессын зөвшөөрөл хэрэгтэй. Уламжлал ёсоор Конгресс нь нийгмийн зардлыг бууруулах асуудалд хуучинсаг байр суурьтай.
Сэтгэгдэл ( 3 )
ТРАМП
дооллар 1000 төг болоо цаг ойр байна даа,
Америкийн өр нь аль эрт 36 триллион болсон баыхад 30 триллион гэх шиг одоо ингээд илт худалаа болоод байна. Америк бол одоо эдийн засаг нь жил бүр буурч байгаа орон доо. Хятад улс 2028 онд гүйцэж түрүүлэн дэ. Америк зүгээр л үйлдвэрлэгч биш банк санхүүгийн үйлчилгээ интэрнэт онлайн худалдааны улс болсон тул бодит эдийн засаг биш ээ