Дэлхийн технологийн хамгийн том арга хэмжээ боллоо

Админ | Zindaa.mn
2024 оны 11 сарын 13

Дубайд саяхан болсон GITEX GLOBAL 2024 арга хэмжээнд хиймэл оюун ухаанаар шийдсэн эрүүл мэндийн салбараас эхлээд зам тээврийн хөдөлгөөн, кибер аюулгүй байдлын шинэлэг технологи гээд ирээдүйн дижитал хөгжлийг тодорхойлох инноваци, салбаруудын дижитал шилжилтийг харуулжээ.Тус арга хэмжээнд олон улсын хэмжээнд тэргүүлээд буй хамгийн том 6500 гаруй технологийн компаниуд болон 180 орны 200,000 гаруй зочид Дубайн Дэлхийн Худалдааны төвд таван өдрийн турш болсон арга хэмжээнд оролцсоноор дэлхийн хамгийн том, хамгийн сайн үнэлгээтэй технологийн арга хэмжээ гэх байр сууриа дахин бататгалаа. Ирээдүйн хиймэл оюун ухааны зах зээлийг бий болгох дэлхийн хамтын ажиллагаа гэсэн шинэ сэдвийн дор хөрөнгө оруулалт, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, дата төв, технологийн салбарыг хөгжүүлэх шинэлэг хамтрал, инноваци, үйлчилгээ, шийдлүүдийг нэгэн зэрэг харууллаа.

Эрүүл мэндийн салбар шинэ түвшинд ирлээ

Арабын Нэгдсэн Эмират улсын эрүүл мэндийн дижитал зах зээл 2025 он гэхэд 487.3 сая ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь технологийн хурдацтай хөгжил өвчтөний эрүүл мэнд болон эмчилгээний үр дүнг сайжруулж байгааг онцолжээ.

GITEX GLOBAL 2024-ийн гол үзүүлэлтүүд:

• 200,000 гаруй зочин

• 6500+ технологийн тэргүүлэгч компаниуд

• 1800 гаруй старт-ап

• 1200 гаруй хөрөнгө оруулагч

• 180 улс орон

• Олон улсын оролцоо 40 хувиар нэмэгдсэн

GITEX DIGI HEALTH 5.0 эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааны боломжуудыг амжилттай судлаад буй хамгийн нөлөө бүхий лаборатори, эмнэлэг, эрүүл мэндийн тэргүүлэгч байгууллагууд цугларсан байна. Шинэлэг технологи болох Робоскулпторын үүсгэн байгуулагч Денис Леденкоф хиймэл оюун ухаанаар ажилладаг эмчилгээний роботыг танилцуулжээ. Энэхүү технологи нь өвчтөний зовиурыг нарийн тодорхойлж, биед хүрэлгүй эмчилгээ хийх зориулалттай гэжээ. "Хиймэл оюун ухаан бол өвчтөнийг илүү сайн ойлгох боломж олгож, олон эмчилгээний сонголтуудыг өгч эмчилгээг хүртээмжтэй болгодог хүчирхэг хэрэгсэл юм" гэж Леденкоф хэлэв. Дубайн технологийн компани болох Xpanceo нь 3D дүрслэл, утасгүй мэдээлэл дамжуулах чадвар бүхий бодит цагийн мэдээллийг хүлээн авах хязгаарыг давсан ухаалаг линз бүтээжээ. Оракл Хийлт компани эмнэл зүйн бүртгэлийн үйл явцыг хялбаршуулж, эмч өвчтөний уулзалтыг баримтжуулахад хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолой танигч ашигладаг Клиник дижитал туслахаа танилцууллаа.

Санофигийн Нарийвчлалтай Анагаах Ухаан, Тооцооллын Биологийн Гүйцэтгэх Захирал Др.Шамир Хадер "Бид шинэ эм нээн илрүүлж, хиймэл оюун ухааны чадавхи, үнэ цэнийг эко систем даяар ашиглах ёстой" гэжээ. Мөн тэрбээр хиймэл оюун ухааныг эрүүл мэндэд ашиглахыг  маш ихээр дэмжиж байгаа аж.

Түүнчлэн "Шинээр эм бүтээхэд дунджаар 10-15 жил шаардагдах бөгөөд ойролцоогоор 1.5-2 тэрбум ам.долларын өртөгтэй. Энэ хэвийн зүйл мөн үү?" гэж асуугаад "Бид эм хийх арга барилаа хиймэл оюун ухаан ашиглан өөрчлөх хэрэгтэй. Мөн зардлыг бууруулах, шинэ эм бүтээх арга замыг төлөвлөж, өгөгдөлд суурилсан дэд бүтцийг бий болгох арга замуудыг тодорхойлох ёстой" гэж хэлжээ.

Хотын тээврийн шинэ эрин

Тээврийн хэрэгсэл нь мөн GITEX GLOBAL 2024 үзэсгэлэнгийн өөр нэг гол сэдэв болж орчин үеийн бүрэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, цахилгаан онгоц, шинэлэг цэнэглэх систем гол сэдэв байлаа. Дубайн Зам, Тээврийн газар алганы хээг таних систем дээр суурилсан төлбөрийн системийг анхлан танилцуулж 2026 он гэхэд биет карт бүхий төлбөрийн хэрэгслийг сольж зорчигчдод метро, автобус, трамвай, далайн тээврийн үйлчилгээ зэрэг янз бүрийн тээврийн хэрэгслийн төлбөрийг алгаараа төлөх боломжийг олгоно.  Автомат цуглуулах системийн газрын захирал Салахалдин Аль Марзооки "Алгаар төлөх нь бидний хамгийн чухал санаануудын нэг юм. Бэлэн бус мөнгөний соёлыг төлөвшүүлж, хүмүүсийн хувийн автомашинд суурилсан амьдралын хэв маягийг сольж нийтийн тээврийг хөгжүүлэхэд түлхэц болно" гэв.  Анхаарал татсан өөр нэг шинэлэг зүйл бол 100км/цаг хүртэл хурдлах боломжтой нисдэг тэрэг загвартай такси болох Zapata's Airscooter байсан бөгөөд энэ нь хотын замын хөдөлгөөний ирээдүйг ямар байхыг харууллаа.

Дэлхийн хэмжээнд тулгарсан технологийн асуудлууд

2025 он гэхэд дэлхийн кибер гэмт хэргийн хохирол 10.5 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгаа тул кибер аюулгүй байдлын асуудал энэ арга хэмжээний гол сэдэв байлаа. Кибер аюулгүй байдлын өдөрлөгт аюулгүй байдал, мэдээллийн технологи, эрсдэлийг удирдах зэрэг салбаруудын шилдэг удирдагчдыг цуглуулж, хиймэл оюун ухаанаар шийдвэрлэхэд тусалж болох тулгамдсан асуудлуудын талаар ярилцав. АНЭУ-ын Засгийн газрын Кибер аюулгүй байдлын албаны дарга, доктор Х.Э.Мохамед Аль Кувейти, кибер аюулгүй байдлыг хангахад хиймэл оюун ухааныг ашиглах хэрэгтэйг онцоллоо. АНЭУ-д зөвхөн 2024 оны нэгдүгээр улиралд л гэхэд 71 сая халдлага гарсан ч бид тэвчээртэй хандан хиймэл оюун ухаанаар дамжуулан аюулыг эрт илрүүлэх замаар урьдчилан сэргийлж чадсан байна.

Мөн АНУ-ын Сангийн яамны ажилтан Тодд Конклин, хиймэл оюун ухаанаар АНУ-д сүүлийн зургаан сарын хугацаанд гарсан кибер гэмт хэргийг бараг 600 сая ам.доллараар бууруулахад тусалсан гэжээ. Ухаалаг сүлжээний бага хуралд хиймэл оюун ухаан болон 5G хоорондын холбоог онцолжээ. Хятадын Юником Глобал компанийн IoT түншлэл, стратегийн албаны дарга Сиюан Лю өөрөө удирдлагатай тээврийн хэрэгслийг хөгжүүлэхэд 5G тээврийн аюулгүй байдал, үр ашгийг дээшлүүлдэг гэх мэт голлох үүргийг гүйцэтгэдэг талаар  илтгэл тавьжээ.

Арга хэмжээний үзэсгэлэнд 5G SIM карттай бүрэн цахилгаан супер машин болох Nissan Hyper Force, холограмм технологи болон хиймэл оюун ухааныг хослуулсан e& компанийн дижитал зөвлөхүүд зэрэг инновациуд бүгд 5G-A-ийн өндөр чадамжийг амжилттай харуулсан байна. Энэхүү арга хэмжээ нь технологийн ирээдүйг өвөрмөц байдлаар харуулаад зогсохгүй, хиймэл оюун ухаан нь аж үйлдвэрүүдийг өөрчлөн эдийн засгийн өсөлтийг хангах боломжтойг харуулсан юм. G42 AI компанийн Гүйцэтгэх захирал Пэн Шиао хэлэхдээ "Хиймэл оюун ухааны хүч үнэхээр агуу. Шаардлагатай бүтэц бий болмогц хиймэл оюун ухаанаар дэлхий даяар мэдээллийг чөлөөтэй дамжуулж, эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ, биотехнологи, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг олон салбарын чадавхийг сайжруулна гэдэгт бид итгэж байна. GITEX GLOBAL д технологи нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулж, хотын тээврийг өөрчилж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх, илүү ухаалаг, илүү холбоотой ирээдүйг бий болгоход тусалдаг чухал арга хэмжээ юм” гэлээ.

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top