Трамп тангараг өргөхөөсөө өмнө АНУ-ын гадаад бодлогыг хэрхэн тодорхойлох вэ!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп тангараг өргөхөөсөө өмнө Нэгдсэн Улсын гадаад бодлогыг тодорхойлоод эхэлжээ. Тэр дундаа Вашингтон, Киевийн харилцаа хэрхэн өрнөх вэ? Сонгуулийн сурталчилгааны үеэр Доналд Трамп тангараг өргөхөөсөө өмнө Украины хямралыг шийдвэрлэх амлалт өгч байснаас гадна Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярьсан. Шинжээчид Трампын үед АНУ-ын Украины талаар баримтлах бодлого чиглэлээ ихээхэн өөрчилж магадгүй гэж таамаглаж байна. Ингэхдээ Украины асуудал шинэ засаг захиргааны гадаад бодлогод тэргүүлэх чиглэл байхгүй л болов уу гэж шинжээчид онцолжээ.

Цагаан ордны шинэ тэргүүний хамтран зүтгэгч, “Tesla” компанийн ерөнхий захирал Илон Маск Украин дахь цус урсгасан мөргөлдөөн удахгүй төгсөнө гэж өмнө нь мэдэгдэж байсан. Тэрбээр утга учиргүй дайн тулаан зогсон, дайн өдөөгчдийн цаг нь өнгөрсөн хэмээн онцолж байсан билээ. Маск ийн Украины хямралыг зохицуулах төлөвлөгөөг үнэлсэн юм.

Доналд Трампын ялалт Киевийн яриа хэлэлцээний талаарх мэдэгдэл, төлөвлөгөөг мөн өөрчилсөн гэж Атлантын зөвлөлийн Евроазийн төвийн захирал Шелби Мэгид онцолжээ. Тэрбээр Украин яриа хэлэлцээ нь бодит хувилбар болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж үзэж байна. Гэтэл Зеленський Европын удирдагчидтай уулзахдаа буулт хийх нь Украины хувьд төдийгүй Европын хувьд амиа хорлосон хэрэг болно хэмээж, дайныг түргэн зогсоох нь алдагдал юм хэмээн ярьж байсан.

“El País” хэвлэлд онцолсноор, Зеленський Трамптай тангараг өргөхөөс  нь өмнө ойр дотно харилцаа үүсгэхийг хүсэж байна. Киевийн зүгээс Трампт Украинд цэргийн тусламж үзүүлэхийг зогсоох боломжгүй гэдгийг итгүүлэхийн тулд “дипломат давшилт”-ыг санаачлаад байна гэж тус сонин бичжээ.

Харин “The Guardian” хэвлэл Трампын хоёр дахь удаагийн бүрэн эрхийн анхны хохирогч нь Украин болж магадгүй гэж онцолсон байна.

Оросын байр суурь

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Трамптай Украины нөхцөл байдлын талаар ярилцахад бэлэн буйгаа илэрхийлж байсан. Тэрбээр “АНУ-тай харилцаагаа сэргээх боломжийн тал дээр, бид нээлттэй байна. Гэхдээ Нэгдсэн Улс бөмбөг эзэмшиж байна. Учир нь Орос улс харилцаагаа муутгаж, тэдний эсрэг хориг арга хэмжээ аваагүй. Бид АНУ-тай ойролцоо нутаг дэвсгэрт зэвсэгт мөргөлдөөн өдөөгөөгүй” гэж мэдэгдсэн.

“Time” сэтгүүлд бичсэнээр, Трампын зүгээс санаачилга гарвал Москва мөргөлдөөнийг зохицуулах тохиролцоо хийх сонирхолтой байна.
 


Дүгнэлт хийжээ

Доналд Трамп тангараг өргөхөөсөө өмнө АНУ-ын гадаад бодлогыг хүрээг татаж, үүний тулд хөрс суурийг нь бэлдэхээр шийдсэн гэж шинжээчид үзэж байна. “Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр анх сонгогдож, тангараг өргөснийхөө дараа шийдвэр гаргаж эхэлснээр хугацаа алдсан гэдгийг ойлгон, үүндээ дүгнэлт хийжээ. Өдгөө тэр урьдаас багаа бүрдүүлэх зэрэг бүгдийг бэлдэж байна” гэж улс төр судлаач Александр Асафов онцолжээ.

Трамп гадаад бодлогынхоо чиглэлийг өөрчилж, энэ тэргүүнд Ази, Номхон далайн бүс рүү чиглүүлнэ гэж ажиглагчид таамаглаж байна. Хятадыг сөрөх сэдэв мөн анхаарлын төвд байх ба үүний дараа Ойрх Дорнод, дараа нь Украин орно. Ингэхдээ Трампын засаглалын үед Нэгдсэн Улсын Украины чиглэлд баримтлах бодлого үндсээрээ өөрчлөгдөж ч магадгүй гэж үзэж байна.

Украины хямрал АНУ-д ашиггүй болж байна. Учир нь Трампт дотоодын олон асуудлыг шийдэх шаардлага тулгарсан. Тиймээс Украины төлөө улс орныхоо эрх ашгийг хойш тавихгүй. Трамп сонгуулийн сурталчилгааны үер АНУ-д үүссэн нөхцөл байдлыг юуны өмнө өөрчилнө гэж амлан, сонгуульд ялалт байгуулсан.

Оросыг Хятадаас салгах нь

Сонгуулиас өмнө өгч байсан ярилцлагадаа Доналд Трамп ялсан тохиолдолд Орос, Хятад хоёрыг салгана гэж мэдэгдэж байсан билээ. Өнгөрсөн долоодугаар сард тэрбээр Байдены засаг захиргааны бодлого Хятад, Орос хоёрыг “гэрлэхэд” хүргэсэн хэмээн ярьж байв. Аль Барак Обамагийн засаглалын үеэс Орос, Хятадын түншлэлийг асуудал хэмээн харах болсон тул Вашингтон Бээжингийн чиглэлд баримтлах бодлогоо огцом өөрчилж чадахгүй гэж шинжээчид онцолжээ. Хятадыг тогтоон барих нь АНУ-ын бодлогын гол зорилт болоод байна. Харин Орос улс дэлхийд ноёрхлын төлөөх өрсөлдөөнд АНУ-ын өрсөлдөгч биш юм.

Ойрх Дорнод

Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хожих улс нь Израил гэж Блүмберг агентлаг бичсэн байна. Трамп Израилд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой байнд цохилт өгөх илүү эрх чөлөө олгоно гэдгээ ойлгуулсан.

Сонгууль болохоос долоо хоногийн өмнө Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахдаа тангараг өргөхөөс нь өмнө Газын зурваст дайныг зогсоохыг хүсэж буйгаа илэрхийлж байв.

Шинжээчдийн үзэж буйгаар, Трампын засаглалын үед АНУ Израилыг идэвхтэй дэмжиж, Ираны эсрэг хатуу байр суурийг баримтална. АНУ-ын Бүгд найрамдах нам палестинчуудыг алан хядагчид гэж үздэг тул дэмждэггүй.
 


Европын холбоо ба НАТО

Трампын эхний бүрэн эрхийн хугацаа НАТО-ийн хувьд сорилт болсон. Тэрбээр европчуудыг батлан хамгаалах салбартаа хангалттай зардал гаргахгүй байна хэмээн нэг бус удаа шүүмжилдэг байсан. Трамп ялснаар НАТО-ийн гишүүн орнуудаас эл зардлын ДНБ-ий гурван хувьд хүргэж, өсгөх шаардлага тавьж магадгүй.
АНУ-ын сонгуулийн санал хураалтын дүн гарсны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Германы Канцлер Олаф Шольцтой утсаар ярихдаа “Шинэ нөхцөл байдалд илүү нэгдмэл, илүү хүчтэй, илүү хараат бус Европын төлөө” хамтран ажиллахаа мэдэгдэж байв.

Үүний сацуу Трамп Цагаан ордонд эргэн ирснээр, Транс атлантын түншүүдийн эдийн засгийн хамтын ажиллагаанд мөн заналхийлж байна. Аравдугаар сарын сүлээр Трамп ялсан тохиолдолд Европын бараа бүтэгдэхүүнд 20 хувийн татвар ногдуулна хэмээн мэдэгдэж байсан. АНУ, ЕХ-ны эдийн засгийн харилцаа Байдены засаг захиргааны үед хямралд ороод амжсан. Шалтгаан нь Инфляцыг буруулах тухай хууль (Inflation Reduction Act, IRA). Хуулийн гол заалтууд нь ард иргэдийн АНУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашин хэрэглээг татварын хөнгөлөлт үзүүлэх замаар дэмжих зорилготой. Европт, ялангуяа Франц болон Германд энэхүү хууль ихээхэн шүүмжлэл дагуулсан. Макрон тухайн үед IRA нь Дэлхийн худалдааны байгууллагын хэм хэмжээнд харшилж байна хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.206) 2024 оны 11 сарын 14

Үнэндээ Орос бол Хятад, АНУ хоёрын дэргэд хэн ч биш л дээ, ер нь цаашдаа алив асуудлыг АНУ, Хятад хоёр л шийдээд явах биз ээ

0  |  0
Top