Илүү сартай ӨВӨЛ

16 цагийн өмнө

ХVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх модон луу жил буюу энэ оны өвөл илүү сартай. Өвлийн бүхэл бүтэн дөрвөн сарыг хэрхэн барах вэ гэж хэлж байсан хүн цөөнгүй. Гэхдээ өвлийн эхэн сар халуун намраараа өнгөрөв. Сүүлээр нь багахан цас оров. Дунд сар дөнгөж гарлаа. “Өвлийн нар өвөлдөө дулаан аа” гэж ардын дуунд гардагчлан дулаахан л байна. Хатуу хахир хүйтэн цаг нь түлхүү Монголд хүн, малын зоо тэнэгэр ганц өдөр ч эрдэнэ гэлтэй.

Ер нь тэгээд билгийн тооллын жил бүр өөр өөрийн өнгө, махбод, ёгт нэртэй. Тэр нь цаагуураа тухайн жилийн цаг агаарыг тодорхойлдог гэж хуучин цагийн өвгөд, хөгшид хэлдэг нь учиртай. Энэ луу гэхэд жилийн өнгө хөх, махбод мод. Түүнийг залган ирэх жил гэхэд хөхөгчин модон могой. Билгийн тооллын жилүүд ийнхүү эр, эмээрээ дараалж, хоёр хоёроороо өнгө, махбодоороо ижилсэнэ. Хөх өнгөтэй модон махбодтой жил мод учраас дулаан гэдэг. Гал улаан, улаагчин жилүүд халуун талдаа, зундаа гандаж мэднэ гэдэг бол усан хар, харагчин жилүүд хур арвин, шороон шар, шарагчин жилүүд шуурга ихтэй, төмөр цагаан, цагаагчин жилүүд хайруу, хүйтэн, зудархуу байдаг гэлцдэг. Тиймдээ ч хөх өнгөтэй модон махбод бүхий луу жил өвөлдөө өнтэй байж мэдэхээр байна. Харин хавар урт, зүтгүү болж мэднэ хэмээн хөдөөх малчид ярьж буй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top