Өмгөөлөгчид муу дүн авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 16

Шүүхийн шинэтгэлтэй зэрэгцээд өмгөөлөгч нарын чанар чансааны асуудал сөхөгдөж байна. Шүүх хуралдааны танхимаас голцуу нүдэндээ нулимстай хүмүүс гарч яваа харагддаг. Тэд шүүхийн шийдвэрт эмзэглэгчид, өмгөөлөгчиддөө гологдогсод ажээ. Өмгөөлөгч маань хоёр талд үйлчилснээс болоод бид хохирчихлоо гэх нь цөөнгүй. Мөнгөнд дөрлүүлсэн өмгөөлөгч юу ч хийхээс буцахаа больсон л гэнэ. Энэ мэт янз бүрийн шүүмж өрнөсөөр байна. Тэгвэл өмгөөлөгч гэж чухам хэн юм бэ. Үйлчлүүлэгч нартаа хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх замаар эрхийг нь хамгаалагч чухал хүн. Эрүү, иргэний болон захиргааны хэргийн маргаан, мэтгэлцээнийг шүүх танхимд хуулийн хүрээнд чадварлагаар хийх ёстой. Гэвч тэд ихэвчлэн аль нэг талыг барьж, дарамтанд ордгоос болоод иргэдийг гомдоодог байна.

Өнөөдөр эрх зүйн мэргэжил эзэмшсэн 18 мянга гаруй хүн бий гэнэ. Хуульчийн гэрчилгээ авсан 5400 хуульчтай байна. Харин өмгөөллийн тусгай зөвшөөрөл авсан 1200 орчим өмгөөлөгч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл 100 мянган хүн тутамд 45 өмгөөлөгч ажиллаж буй нь олон улсын жишигт дөхөж очсон үзүүлэлт бололтой. Харин хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар нэгэн сонирхолтой дүгнэлт гарчээ. 500 иргэнээс авсан судалгааны дүнгээс үзэхэд тэдний 42 хувь нь өмгөөллийн байгууллага, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт нөлөөлж чаддаггүй, ур чадвар муутай гэж үзжээ. Тэгвэл 15 хувь нь өмгөөлөгч нар ёс зүйгүй, мөнгө хөөцөлддөг, шударга ажиллаж чаддаггүй, өндөр хөлс төлсөн хүнд сайн үйлчилдэг, бусад тохиолдолд оромддог, өмгөөллийн хөлс дэндүү өндөр гэсэн байна. Мөн 14 хувь нь өмгөөлөгч нар шүүгч прокурорт хээл хахууль өгөхөд зуучилдаг гэсэн хариултыг өгчээ. Судалгаанд оролцогчдын ердөө 17 хувь нь л өмгөөлөгчийн үйл ажиллагаанд  сэтгэл ханамжтай байсан бол 12 хувь нь өмгөөлөгч хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд өмгөөллийн үйл ажиллагааны 71 хувь нь иргэдээсээ муу дүн авчээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top