Монгол уг нь ардчилсан улс. 1992 оны үндсэн хуулиараа ардчиллын замыг сонгосноо зарласан. Үүний дагуу бид ардчилсан төр, засагтай гэдэгт итгэж явлаа. Сонгуулиар санал луйварддаг гэх мэт ардчилсан бус явдал тохиолдож л байдаг. Гэвч хэр барагтайд тэдгээрийг тоодоггүй байж дээ. 2008 оны 7 сарын 1-ийг эс тооцвол шүү. Энэ хар өдрийг монголчууд хэзээ ч мартахгүй. Ийм байдалд хүргэсэн төр засгийн эрхмүүдийг хэдэн үеэрээ хараан зүхэх биз. Таван халуун амь, өч төчнөөн эрэмдэг зэрэмдэг иргэн, цагдаа үлдсэн гээд бод л доо. Өнөөдөр энэ асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Ер нь Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдал тун ээдрээтэй байна. Өнгөрсөн өвөл НҮБ-д танилцуулсан хүний эрхийн тайлан илтгэл тун чамлалтай болсон. Иргэний зарим байгууллагууд Хүний эрхийн үндэсний комисс, Засгийн газрын энэ чиглэлээр хийсэн ажилд “0” дүн тавьсан. Монголд эрүүдэн шүүлтийн хэлбэр ч байсаар байгаа гэнэ лээ. Харин эдгээрийг НҮБ-аас нуухыг оролддог юм, дарга нар. Үүнийг нь мэдсэн иргэний байгууллагууд эсэргүүцсээр ирлээ. Түүнчлэн засаглалын хувьд ардчиллаас ухарсан гэх хүн цөөнгүй бий. С.Баярын “Заавраар” байгуулсан өнөөгийн стандарт бус буюу Үндсэн хуулийн бус Засгийн газар үүний нэг тод жишээ болов уу. Өөрөөр хэлбэл энэ нь хууль бусаар аж төрөхийн үлгэр дуурайлал гэлтэй, тун хачин зүйл юм.
УИХ-ын гишүүд хүний эрхийг зөрчсөн хууль үйлдвэрлэсээр байна. Иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байхын эсрэг ажиллааад байгаа бололтой. Энэ талаар харин хүмүүс нэлээд хожуухан мэдэх юм. Улсын Ерөнхий прокуророос Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, 5 тэрбумын залилангийн хэргийг нь шалгах гэтэл “Үйлдэл дээрээ баригдаагүй л бол хамаагүй” гэсэн утгатай хуулийн заалт гаргаж ирэн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр тэрхүү хүсэлтийг нь хоёр удаа буцааж орхижээ. Үүнээс улбаалан УИХ-ын тухай хуульд хэн, хэзээ ийм өөрчлөлт оруулсныг зарим хуульчид мөшгиж эхэлсэн байна. Гэтэл хуучин МАХН парламентад олонхи болсон үедээ буюу 2010 оны 12 дугаар сарын 30-ны чуулганы хуралдаанаараа сэм хийчихсэн байв. Яг шинэ жилийн баярын өмнө шүү. Тэгэхэд УИХ-ын даргаар Д.Лүндээжанцан ажиллаж байлаа. Үүнээс өмнө буюу 2007-2009 онд дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гээд бөөн хэрүүл болж байсан юм. Дараа нь ийм явдал гарчээ. Харин Ц.Энхжин гэдэг хуульч эмэгтэй үүнийг нь Үндсэн хууль зөрчсөн асуудал бөгөөд Монголын хууль тогтоох дээд байгууллага нь иргэдээ ялгаварлан гадуурхаж байна хэмээн үзээд Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Манай Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гуравдугаарт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүх тогтоох юм бол эргүүлэн татна” гэж заажээ. Үүнээс харахад гишүүний эрхийг түдгэлзүүлэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал мөн байна. Д.Лүндээжанцангийн удирдаж хийлгэсэн УИХ-ын чуулганы хуралдаанаар харин “Гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирвэл тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг хийжээ. Хуучнаар бол “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэсэн заалт байсан юм байна. Энэ хоёрт их ялгаа байгаа биз дээ. “Гэмт үйлдлийнх нь явцад” гэдэг нь тухайн гишүүн гэмт хэрэг хийж байхдаа цагдаад гардуулсан тохиолдол юм. Энэ нь Үндсэн хуультай илт харшилж буй хэрэг ажээ. Үндсэн хуульд иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гээд заачихсан байгаа. Мөн “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн нь эрхэлсэн ажил албан тушаалаасаа үл хамаарч хууль, шүүхийн өмнө иргэний нэгэн адил эрх тэгш байх ажээ. Д.Дондог гишүүний гэмт хэрэг нь иргэн Доржийнхоос ялгаагүй эрх тэгш байдлаар хуулийн дагуу шүүгдэх учиртай гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэн Д.Дондог гишүүн УИХ-д сууж байгаагаараа далимдуулан иргэн Доржийн үйлдсэн эрүүгийн хэргийг шийдэхээс илүү давуу эрх эдлээд явж болохгүй. Иргэн Дорж, УИХ-ын гишүүн Д.Дондог нарыг хуулиар яг хэм тэнцүүхэн шүүнэ. Хэн нэгийг нь илүү үзэхгүй, дутуу үлдээхгүй. Тэгэхдээ ганцхан Д.Дондог гишүүнд хамааруулж ярьж буй асуудал бас биш. Түүний адил бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх өөр олон гишүүн бий. Иргэн Ц.Энхжин ийм зүйлийг л хөндөж байна. УИХ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг нь тодорхой ажээ. Ийм алдаатай шийдвэр гаргаж, цоорхой хууль болгосноо Л.Лүндээжанцан хуульч мэдэхийн ихээр мэдэж л байгаа. Тэгвэл одоо Үндсэн хуулийн цэц нь иргэн Ц.Энхжингийн өмнө арай ч Д.Лүндээжанцанд “захирагдаад” өөр юм ярьж алиалан, ард түмнээ шоглохгүй байлгүй дээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )