Ерөнхийлөгч “Эрх чөлөөний төлөө” тэргүүн шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 23

АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн Үндэсний сангаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртээлээ. Уг шагналыг гардуулах ёслолын ажиллагаа - хүндэтгэлийн зоог есдүгээр сарын 22-нд Нью Йорк хотын “Сант Регис” зочид буудалд болж 100 орчим зочид төлөөлөгч оролцов.

АНУ-ын “Харфорд сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга Роберт Миллер ёслолын ажиллагааг нээж  хэлсэн үгэндээ “ Монгол орныг 70 жилийн турш удирдан залж байсан дэглэмийг  шинэ нийгмээр солих тэр үйл явц тайван замаар хийгдсэн нь монголын ардчиллын нэг гайхамшиг. Дараа нь монголчууд хүний эрх, эрх чөлөөг хангасан, чөлөөт  зах зээлийн эдийн засгийг дэмжсэн шинэ Үндсэн хуулийг баталж чадсан.  Ардчиллыг шинээр тогтоосноос хойш 20 жилийн дараа энэ улс Ардчиллын хамтын нийгэмлэгийг удирдаж байна. Өнөөдөр иргэд нь эрх чөлөөтэй, хүсэл эрмэлзэлтэй, нээлттэй засагтай, эдийн засаг нь тогтвортой өсч байгаа Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  Харин энэ бүх үйл явцад  Цахиагийн Элбэгдорж ямагт манлайлагч , удирдагч нь байсаар ирсэн юм” гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийг шагнах тухай шийдвэрт  “Өөрийн улсдаа ардчиллын үйл хэргийг зоригтойгоор эхлүүлж, ардчиллыг тогтоох  үйл явцад тууштай оролцож, улс орноо амжилттай удирдаж, улмаар олон улсын тавцанд ардчиллыг бэхжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож байгаагийн төлөө  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг  “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагналаар шагнаж байна” гэжээ.


Шагналыг Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гершман Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгөв. Дараа нь Киргиз Улсын Ерөнхийлөгч Р.Отунбаева Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэж үг хэлсэн.  Тэрээр “...Өнөөдөр би энд  Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэхээр ирлээ. Түүний ардчиллын төлөө, хүний эрхийн төлөө хийсэн бүх үйл хэргийн төлөө энэ бол нүдээ олсон шагнал юм. Монгол, Киргиз улсууд хэдэн зууны тэртээгээс харилцаатай, ойр дотно ард түмэн билээ. Бид бол тэдний адил нүүдэлчин ард түмэн. Чингис хааны Евразийг дамнан байгуулсан эзэнт гүрний нэг хэсэг нь Киргиз байсан юм. Гэхдээ өнөөдөр бид монголчуудтай өөрсдийгөө энэ шалтгаанаар нэгэн гэр бүл гэж тооцдоггүй. Харин өнөөдрийн байгуулж байгаа нийгэм маань ийнхүү тооцоход хүргэдэг билээ.

Монголчууд , бид газар зүйн байрлалаасаа болж Америк, Европоос хол байгаа учраас ардчилалд за гэж хэлж чадахгүй нь гээгүй юм. Монголчууд ямар түүхтэй, хаана байгаагаасаа үл хамаарч Эрх чөлөөг сонгосон. Киргиз ч мөн эрх чөлөөг сонгосон учраас бид ахан дүүс, нэг гэр бүл билээ.

“Монгол Улс Эрх чөлөөг сонгосон учраас аль ч үндэстэн , улс оронтой ижил тэгш болсон” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлж байсныг би сонссон. Өнөөдөр би энэ үгийг Киргиз Улсынхаа өмнөөс давтмаар байна. Тийм ээ, бид эрх чөлөөг сонгосон учраас аль  ч үндэстэн,  улс оронтой ижил тэгш болсон.

Хүчирхийлэлгүй, авилгалгүй, хууль ёсыг сахин мөрддөг эрх чөлөөтэй нийгмийг сонгоход тусалсанд Танд баярлалаа...” гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн Үндэсний сангийн шийдвэрт талархаж байгаагаа илэрхийлж, ардчилал, хүний эрх эрх чөлөөг бататгахын төлөө тууштай зүтгэх болно гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top